Өмнөд Солонгост 520 мянган хүн элсэлтийн шалгалт өгч байна
Өмнөд Солонгосын элсэлтийн шалгалт өнөөдөр /2024.11.14/ эхэлж, урьд өмнө нь байгаагүй олон хүн тус шалгалтыг өгч байгаа аж. Тодруулбал ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн болон сургуулийн төгссөн хүмүүсийг оролцуулаад нийт 522,670 хүн коллежид суралцах чадварын шалгалт (CSAT) өгөхөөр бүртгүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн жилээс 18,082-оор ихэссэн үзүүлэлт юм.
Нийт бүртгүүлсэн шалгуулагчдын 340,777 буюу 65.2 хувь нь ерөнхий боловсролын ахлах ангийн төгсөх сурагчид. Харин үлдсэн 161,784 нь сургуулиа төгссөн хүмүүс аж. “Jongro Academy” мэдээлснээр тэдний 93,195 нь ахлах сургуулиа төгсөөд нэг жил болж байгаа, илүү өндөр оноо авахын тулд элсэлтийн шалгалтыг хоёр дахь удаагаа өгч буй хүмүүс байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад шалгалт өгч буй хүмүүсийн тоо нэмэгдсэний нэг шалтгаан нь БНСУ-ын засгийн газар анагаахын сургуулиуд нэг жилд элсэлтээр авч болох оюутны тоог ихэсгэсэн явдал.
БНСУ-ын элсэлтийн шалгалтыг дэлхийн хамгийн хүнд шалгалтуудын нэг гэдэг. Өнөөдрийн шалгалт 08:10-17:45 минутын хооронд явагдах юм. Улс даяар байрласан 1,282 шалгалтын байрны гадаа хууль сахиулах албаныхан ажиллаж чанга дуу чимээ гарахаас сэргийлнэ. Мөн Англи хэлний шалгалтын сонсох дасгал 13:05-13:30 хооронд явагдах тул тэр хугацаанд ямар ч нисэх онгоц газардаж, хөөрөхгүй байхаар зохицуулжээ.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.