Томилолт#2: Ерөнхийлөгчийн COP29-өөр тавьсан эхлэл 2026 онд батжих хүлээлтийн өмнө

Азербайжан улс нийслэл Баку хотдоо COP29 хурлыг зохион байгуулна гэдгээ хоёр жил хүрэхгүй хугацааны өмнө мэдсэн юм гэнэ. Гэтэл хүлээлтээс давж гүйцэтгэснийг орон орны зочид төлөөлөгчид онцолж байлаа. Тэд “Baku Stadion” гэдэг цэнгэлдэх хүрээлэнгээ зориуд өргөтгөж, 9 мянга орчим оролцогчийг арван өдрийн турш нэгэн дор хүлээн авч байна. Европжуу үзэсгэлэнт хот өнгөө засаж, гудамжаарх барилга байшин бүр тагтан дээрээ төрийн далбааг залсан байх нь анхаарал татна. COP29 хурлыг ингэж зохион байгуулснаар Зүүн Өмнөд Азийн Азербайжан хэмээгч улс хөгжиж буй орнуудын зэрэглэл, үнэлэмжийг нэгэн шат дээш өргөсөн үйл явдал болов.
Цэвэр цэмцгэр, асар том байгууламж дотор НҮБ-ын бүх гишүүн орны иргэн төлөөлөгчдийн хамт алхаж явахад нэгэн зүйл санаанд эргэлдсээр байсан нь, хоёр жилийн дараа, 2026 онд Улаанбаатар хотноо Цөлжилтийн асуудлаарх COP зохион байгуулагдах явдал юм. Бид илүү биш юм гэхэд үүнд дөхүүлж чадах уу?
Чадах ёстой, бэлтгэл ажил одооноос хангагдах учиртай. Яагаад гэвэл ирэх хоёр жилийн суурь сэдвүүд, нөхцөл байдал өөрөө НҮБ-ын өмнө Монгол Улс тодрон гялалзахын эхлэлийг таатайхан бүрдүүлж өгч байна.
1.
Хурал, цуглаан гэдэг ойлголт манайд хэлбэрийн төдий гэж ойлгогдох талтай. Түүнчлэн, “НҮБ-ын өмнө тодорно” гэхээр бялдуучилсан хандлага гэж шүүмжилнэ.
Гэхдээ бидний дотоод ба гадаад асуудал ихээхэн ялгамж тусдаа юм. Тэр дундаа гадаад имиж.
Хурал олон улсын шинжтэй болоод ирмэгц ач холбогдол даруй нэмэгдэж тусдаг. Учир нь бид Азербайжаны адил “Хөгжиж буй” тодотголтой орон. Үүнээс гадна олон улсын тавцанд гадаад бодлогоо, өөрсдийн байр сууриа тогтмол оновчтой илэрхийлж байх шаардлага газар зүйн онцлог байршлаас шалтгаалан бий болдог.
Чухам үүнийг дагаж хөрөнгө оруулалт, гадаад хамтын ажиллагаа нэмэгдэх бөгөөд дэлхийн тавцан дахь нэр хүнд өснө. Харин юугаар, яаж илэрхийлэх вэ? гэдэг гол асуултын хариулт ихэнх нь НҮБ дээр л зангидагддаг юм. Ялангуяа ийм хурлын үеэр.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монголоос хүрэлцэн ирсэн бидний хэдэн сурвалжлагч, сэтгүүлчдэд “COP хурлаар олон орны удирдагчтай тааралдаж, албан болон албан бусаар уулзаж таардаг нь ихээхэн ашигтай. Орон бүр лүү айлчилна гэдэг их хэмжээний зардал. Тэр ч утгаар Ерөнхийлөгч үүргээ бүрэн биелүүллээ” гэж ярьсан нь оргүй үг биш юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азербайжаны ерөнхийлөгчтэй уулзаж, өөрийн оронд уриад авснаас гадна албан бусаар олон төрийн тэргүүдтэй хамтын ажиллагааны талаар ярилаа. Хамгийн гол нь, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хэрхэн ажиллаж, аль хэрийн холыг зорьж буйгаа маш оновчтой илэрхийлэхийг гэрчлэв.
2.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг хангах олон улсын бага хурал буюу COP29 энэ удаа санхүүжилтийн асуудалд голчлон төвлөрч байгаа. Яагаад гэвэл дахиад “Хөгжиж буй” орнуудын тухай ярих хэрэгтэй болно.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хурлыг нээж үг хэлэхдээ “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санхүүжилтээс хөгжиж буй орнууд хоцорч байна. Хөгжингүй орнууд илүү хариуцлагатай байх хэрэгтэй. Хувийн хэвшлүүд ч оролцох шаардлагатай. Хөгжиж буй орнуудын хэрэгцээтэй санхүүжилтийг нэмж батлах замаар хамтдаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, Парисын хэлэлцээрийг үр дүнд хүргэж чадна” гэж онцолсон юм.
НҮБ өөрөө хөгжиж буй орнуудын эрх ашгийг илүү чухалчилж эхэлсэн нь 2-3 жилийн өмнөх шинэвтэр хандлага. Ноднин G77-гийн хуралдааныг Куб улсын нийслэл Хавана хотоос сурвалжлахад энэ эрсхэн мэдрэгдэж байв. Хөгжиж буй орнууд хүч болон байр сууриа нэгтгэж, өөрсдийн эрх ашгийн төлөө хүчтэй дуугарч эхэлж байгаа. Энэ давлагаан дунд Монгол Улс оновчтой гадаад бодлого баримталж чадвал хожоо нь их.
Тэгэхээр нэгэнт хөгжиж буй орнуудад, тэдний санхүүжилтэд анхаарсан COP29-д Монгол Улс яаж оролцов оо?
3.
Ерөнхийлөгчийн НҮБ-ын индрээс хэлсэн санааг түлхүүр өгүүлбэрт базвал,
- Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхэд ДНБ-ий 50 хувьтай тэмцэх хэмжээний санхүүжилт шаардлагатайг онцолсон
- Эмэгтэйчүүдийн оролцоог (жендер мөн НҮБ-ын чухал сэдэв) чухалчилсан, энэ чиглэлд олон улсын хурал зохион байгуулах зэргээр хийсэн ажлуудаа дурдсан
- Бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл байгуулах санаачилга дэвшүүлсэн
- 2025, 2026 оны хүлээлтийг Монгол Улсын онцлогтой уялдуулж, онцолсон.
2025, 2026 оны хүлээлт гэдэгт: НҮБ-аас 2025 оныг “Хоршооллын олон улсын жил”, 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн жил” болгон зарласныг хэлж байна. Мөн мэдээж дээр дурдсанчлан Цөлжилтийн асуудлаарх COP 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Энэ гурав цэвэр манай улсын ялгаралтай тохиромжтой уялдаж байгаа юм.
Нэгтгээд харвал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, ойн салбарт анхаарч буйгаа тайлагнаад, ДНБ-ий 50 хувьтай дүйцэхүйц санхүүжилт хэрэгтэй хэмээн онцолж, ирэх хоёр жилийн их ажилд хэдийнэ бэлтгээд эхэлснээ мэдэгдсэн хэрэг.
Зарим улс орон тэрбумаас хол давсан тооны мод тарьсан тухайгаа дурдана лээ. Гэхдээ ихэнх нь бодит ажил хэрэг, төлөвлөгөө гэхээсээ үзэл санааны шинжтэй үг хэлсэн. Харин манай улс 2026 он хүртэл уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дорвитой ажил хийх, олон улсдаа манлайлж ажиллах зорилт тавьсныг ойлгож болох ялгаа анзаарагдсан.
4.
Уур амьсгалын өөрчлөлттэй өөрсдөө тэмцэнэ гэвэл ЕТГ-ын үндэсний хөтөлбөрөөс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төсвийг харах хэрэгтэй болно. Өмнө нь БОАЖЯ гэж байснаа бодвол төсөв нэлээд танагдсанаас гадна, 2026 оны COP-ийг зохион байгуулах хүрээнд 100 тэрбум төгрөгийн тусгасан байна.
Нөгөө талаар, НҮБ-аас дэвшүүлээд буй “Хөгжиж буй орнууд санхүүжилтээс тойроод байна” гэдэг ч үнэн. Манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд төдий хүчтэй нөлөө үзүүлдэггүй мөртлөө өөрсдөө үлэмж өртдөг. Нийт газар нутгийн дийлэнх нь гандуу. Үүнийг дагаад уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн өмнө эрсдэл, сорилт тулгарсаар байгаа нь үндэсний асуудал юм.
Харин урьд өмнө уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд хэдхэн хөтөлбөр, 100 хүрэхгүй сая ам.долларын нийт санхүүжилт авч байсан удаатай гэх албан бус мэдээ байна. Ингээд харвал, ДНБ-ий 50 хувь буюу 10 орчим тэрбум ам.долларын дүнг зоригтой дурдсан нь хурлын онцлог шинжид тохируулж, хэрэгцээ шаардлагаа ч илэрхийлсэн хэрэг болов.
Хамтарсан Засгийн газар 14 мега төслийг эхлүүлэх зорилт дор л ихэнх тэлсэн төсвийн зардлаа зангидаж байгаа эдгээр жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд “Санхүүжилт өгье, нэмье” гэж байгаа COP29-ийг ингэж ашиглах нь гарцаагүй алхам.
5.
COP29 хуралдаан хараахан дуусаагүй байна. Салбар асуудлаарх жижиг хурал, хэлэлцүүлгүүд үргэлжилсээр, арваннэгдүгээр сарын 22-ны өдөр өндөрлөснөөр үр дүнгээ тайлагнана.
Үүний хамгийн нөлөө бүхий хэсэг нь дэлхийн удирдагчдын Дээд түвшний уулзалт байдаг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ хэсэгт оролцож, ийн өөрийн орны байр суурийг илэрхийлээд буцав. Мөн энэ ташрамд “Уулсын хөтөлбөрийг ахиулж, уул нурууд болон уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг Киргиз улсын хамт зохион байгуулсан.
Түүнчлэн Биологийн олон янз байдлыг хамгаалах болон Цөлжилтийн эсрэг тэмцэх конвенцын хэрэгжилтийн асуудлаарх салбар хуралдаанд Монгол Улс хамтран зохион байгуулагчийн үүргээр оролцсоныг дурдах хэрэгтэй.
Эдгээр бүхнийг Монгол Улсын гадаад бодлого болон, олон улсын тавцан дахь шинэ тутам илэрхийлж буй амбицын үүднээс тоймлож байгааг дурдах нь зүй.
Орон орны удирдагчид чуулдаг ийм хэлбэрийн индрээс Монгол Улс одоо шүүмжлэл хэлдэг болж өөрчлөгдөж байна. Өмнө нь нэр төдий оролцдог, ерөнхий уур амьсгалд уялдуулж, үзэл санааны шинжтэй үг хэлээд өнгөрдөг, гадаад орчин биднийг онцолж үздэггүй дүр зураг багагүй хугацаанд үргэлжилсэн.
Ноднин Ромын пап Францисыг урьж, тэрбээр ирээд “Монгол бол энх тайванч орон юм” хэмээн мэдэгдсэн нь намар НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хэсэгт Ерөнхийлөгчийн нэр хүндийг давхар өсгөж байв. Хуралдаанд хүрэлцэн ирэхэд олон улсын сэтгүүлчид таньж, “Хүрлээ, хүрлээ” хэмээн дуудахыг дэргэдээс харахад анхаарал татахаас аргагүй байсан.
Энэ жил ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд ирлээ. Түүнийг баривчлах үүрэг хүлээсэн гэгдэж, өрнөдийн орнууд санал шүүмжлэлээ ч хэлсэн.
Гэвч угтаа геополитикийн хувьд хойд хөршийн удирдагчийг баривчилж болохгүй, боломжгүй гэдгийг учир мэдэх хүмүүс гадарлаж суугаа. Харин амбицгүй байсан бол барууны шүүмжлэлээс айхдаа Владимир Путинийг эх орондоо урьж чадахгүй, зүрхшээнэ. Бид урьчихсан, энэ ОХУ-ын ерөнхийлөгчийн Гаагийн шүүхийн тогтоол гарснаас хойш айлчилсан анхны орон болсон юм.
Харин ирэхэд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энх тайвныг чухалчилж, дайныг зогсоох талаас хандах нь зүйтэй биш үү гэдэг өнцгөөс үг дайсан нь өөрөө гадаад бодлого байв.
Тийм ч учраас нийт уур амьсгал дунд ил яригдахгүй байгаа ч Монгол Путинийг зоригтой уриад буцаасан нь ихээхэн тулхтай үйлдэл болсныг дүгнэж, цэгнэж буйг COP29-ийн үеэр гадаадын судлаач, сэтгүүлчидтэй санал солилцохдоо анзаарлаа.
Бага багаар шат ахиж, хараат бус, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогоо илэрхийлэх явцдаа НҮБ-аас тавьж буй зорилт өөд мацахдаа хөгжиж буй орнуудтай түншлэх нь ийн чухал болжээ. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд энэ ангиллын, тэр дундаа Зүүн Өмнөд Азийн орнуудад анхаарч байгаа.
Энэ удаа, Ил Хаант улсын үед манай бүрэлдэхүүнд байсан Азербайжан улсын ерөнхийлөгчтэй COP29-д оролцох далимдаа уулзаж, тодорхой салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд тохирсон. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ч түншилье гэсэн.
Музейн тайлбарлагч хүртэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Эх орондоо тавтай морил” хэмээн хүлээж авснаас үзэхэд хоёр орны найрсаг харилцаа батжих бүрэн боломж байна (Энэ үйл явдлын талаар өмнөх тоймдоо дурдсан бий).
Дээрх бүхэнд үндэслээд 2025 оныг “Хоршооллын олон улсын жил”, 2026 оныг “Бэлчээрийн мал аж ахуйг хамгаалах олон улсын жил” болгож НҮБ-аас тэмдэглэх үеэр өөрийн орны онцлог ялгаралд тулгуурлан идэвхтэй оролцож, 2026 оны Цөлжилтийн асуудлаарх COP-ыг эх орондоо амжилттай зохион байгуулчихвал манай улс гадаад бодлогын хувьд нэлээд шат ахиж авах нь дамжиггүй юм.
6.
Харин яг жинхэнэ уур амьсгалын өөрчлөлтийн тухай асуудлыг гадаад бодлогоос тусад нь авч үзвэл өөр хэрэг. Одоогоор ойн экосистемийг хамгаалах бөгөөд нөхөн сэргээхэд манай бодлого илүүтэй чиглэж байна. Биологийн олон янз байдлыг хамгаалах конвенцын хэрэгжилтэд мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтан болгон зарласан нь оновчтой туссан. Цаашлаад мазаалай баавгай, хавтгай тэмээний үлдэц нутаг болсон Алтайн өвөр говийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд амжилттай бүртгүүлчихвэл энэ Цөлжилттэй тэмцэх конвенцод ч чухал нөлөөтэй. Манай улсад COP болох үеэр давхацвал бүр чиг ашигтай.
Алтайн өвөр говь бол 1975 онд тусгай хамгаалалтад авснаар дэлхийд түүчээ болсон түүх юм. Тухайн үед улс орнууд ийм том газар нутгийг тусгай хамгаалалтад авч, хамгаалж эхлээгүй, экосистемийг төр бодлогоор хамгаалах тухай бодож эхлээгүй байв. 4.6 сая га талбайтай гэдэг нь дэлхийд хэмжээгээр эхний 15-д жагсана. Тэр үүднээс энэ нутгаа ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлчихвэл мөн л гадаад бодлого болж чадна. Холбогдох судлаач, эрдэмтэд нь ирээд явсан бөгөөд одоо албажих шатны процесс үргэлжилж байгаа юм билээ. Гэхдээ хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссанаар Нарансэвстэйн боомтыг нээвэл энэ асуудал зогсоно гэдэг хариуг сонсоод байна. Нарансэвстэйн боомт нь энэхүү тусгай хамгаалалттай газар нутгийн урд хилд оршдог юм. Иймд уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз төрөл зүйл, цөлжилт гэсэн түлхүүр ойлголтод Монгол Улс анхаарна, дөрөө гишгүүр болгож олон улсын тавцан дахь нэр хүндээ өсгөнө л гэвэл Нарансэвстэйн боомт нээнэ гэх асуудалд Ерөнхийлөгчийн институц байр сууриа тодорхой болгох шаардлагатай байна.
Нэгтгэн дүгнэхэд, COP29-өөр тавигдсан дараагийн хоёр жилд Монгол НҮБ-ын өмнө тодрон гялалзахын эхлэл 2026 онд зохион байгуулах хурлаар баталгаажих хүлээлт үүсчихлээ. Хийх ажил их. Зохион байгуулах чиг үүрэг Засгийн газарт байгаа. БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа “COP хийнэ гэж 100 тэрбумын төсөв тавьсан нь манай салбарын зардлыг танасан” гэх маягтай, тээршаах хандлага гаргаж байна билээ. Өмнөх сайд Б.Бат-Эрдэнэ тус хурлыг Монголд хийх ажлыг оройлон дэвшүүлж, Нарансэвстэйн боомт нээх асуудлыг хоёр удаа буцаасан. Урагшилж явснаа ухарч л болохгүй. Төрийн тэргүүний хэмжээнд илэрхийлэгдэж байгаа гадаад бодлогын амбицыг бас хамтарсан Засгийн газар дааж аваасай гэсэн эмзэглэл ийм учраас ч төрж байгааг тэмдэглэн, дуусгая.
Баку хотоос бэлтгэсэн өмнөх бичвэрүүд: