Улс төрийн мэдээ

Баку хотоос, COP29: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, ДНБ-ий 50 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт хэрэгтэйг онцоллоо

Eguur News агентлаг Баку хотноо ажиллаж байна.

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 12-нд Азербайжан улсын Баку хотноо COP29 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Дээд хэмжээний уулзалт албан ёсоор эхэллээ.


Нэмэлт: 17.49 цаг (Улаанбаатарын цагаар 21.49)

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн удирдагчдын Дээд хэмжээний уулзалтад оролцож, үг хэллээ. Хөгжиж буй орнуудын санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудал голчилсон энэ удаагийн хуралд, Ерөнхийлөгч ДНБ-ийн 50 хувьтай тэмцэх хэмжээний санхүүжилт шаардлагатайг онцлов.

Тэрбээр,

"Бүгд найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Илхам Алиев, эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай ноёд оо.

Байгалийн хүчин зүйл, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөгөөр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж, дэлхий дахины тогтвортой хөгжил, хүн төрөлхтний амьдралд сөргөөр нөлөөлж буй энэ цаг үед та бид улс төрийн манлайлал, хамтын хүчин чармайлт, үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх боломж улам бүр буурсаар байгааг НҮБ-аас та бидэнд байнга анхааруулж байгаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, амжилтгүй манлайлал, биелээгүй үүрэг амлалт, асар их алдагдсан боломжоос шалтгаалж, ам ажлын ангал хавцал мэт зөрүү үүслээ хэмээн хэлснийг бид онцгой анхаарах шаардлагатай байгаа юм.

Тиймээс өнөөдөр хүн төрөлхтөн эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор, хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгүүдийг хамарсан үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.

Хэрэв хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомстолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.

Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохын үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй. Ялангуяа хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв санхүүгийн нөөц боломж бага буйгаас тэдгээр улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа амжилттай бүрэн биелүүлэхэд санхүүгийн эрсдэлтэй нүүр тулж байна.

Тиймээс энэ удаагийн 29 дүгээр Бага хурлаар дэлхийн удирдагчид, улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудын тэргүүлэх чиглэл, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж, уур амьсгалын санхүүжилтийн нэгдмэл хамтын шинэ зорилгыг дэмжин баталж, уур амьсгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байна.

Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа бүрэн амжилттай хэрэгжүүлэхэд ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай байгаа юм. Энэ хүрээнд манай улс сэргээгдэх эрчим хүч, ногоон ХАА, ойн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлийг хийж байна. Тухайлбал, манай улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өнө мөнхийн монгол байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлээд байна.

Эрхэм хүндэт хурлын дарга аа. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын судалгаагаар, хэрэв дэлхий нийт УАӨ-ийг сааруулах зорилтдоо хүрч чадахгүй тохиолдолд 2050 он хүртэл 160 сая орчим охид, эмэгтэйчүүд шинээр ядууралд өртөж, 240 сая орчим охид, эмэгтэйчүүдийн хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй байгааг анхааруулсан байна.

Тиймээс Монгол Улс өнгөрсөн наймдугаар сард НҮБ-тай хамтран, дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг ногоон ирээдүйн төлөө уриан дор эх орондоо амжилттай зохион байгуулсан. Тогтвортой хөгжлийн ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглалыг гарган, УАӨ-тэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх уриалгыг дэлхийн улс орнуудад дэвшүүлээд байна.

Түүнчлэн, энэхүү санаачилга нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн баталсан 2025 оныг Хоршооллын олон улсын жил болгон тэмдэглэх тухай, 2026 оныг Бэлчээр ба нүүдлийн МАА-н олон улсын жил болгон зарлах тухай тогтоолыг хэрэгжүүлэх болох, цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэлийг хангахад чухал хувь нэмэр болно гэж бид үзэж байна.

Мөн Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулан, бүхий л боломжоо дайчлан ажиллана гэдгээ үүгээр дахин нотолж байна.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай. Баярлалаа" гэлээ.


Нэмэлт: 12.20 цаг (Улаанбаатарын цагаар 16.20)

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш үг хэллээ

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын Дээд түвшний уулзалтыг нээж, тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш үг хэллээ.

Тэрбээр, дэлхийн агаарын хэм болон хүлэмжийн хийн ялгаралт хамгийн дээд түвшинд хүрсэн байгааг дурдаж, үүний улмаас үер, шуурга, ган зэрэг гамшгийн тоо, хүч нэмэгдэж байгааг онцоллоо. Гутерреш 1.5°C-ын хязгаарыг баримтлах нь хүний амьдрал, байгаль орчинд учрах эрсдэлийг бууруулах цорын ганц зам гэдгийг онцолж, энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд улс орнууд илүү хүчтэй, бодит амлалтууд өгөх ёстойг сануулсан.

Мөн тэргүүлэгч хүлэмжийн хий ялгаруулагч орнуудын хувьд уур амьсгалын шинэ зорилт тодорхойлох шаардлагатай хэмээн үзэж, хөгжингүй орнуудад 2040 он гэхэд, харин хөгжиж буй орнуудад 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилт тавихыг уриаллаа. Гутерреш мөн байгальд хоргүй эрчим хүчний эх үүсвэрүүдийг гурав дахин нэмэгдүүлэх, энергийн үр ашгийг хоёр дахин нэмэгдүүлэх, эрчим хүчний тэгш хүртээмжтэй байлгах хэрэгтэйг онцолсон юм.

Санхүүжилтийн тал дээр: Хөгжиж буй орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, өрийн ачааллыг бууруулах, нөхөн сэргээх болон дасан зохицох санхүүжилтийг нэмэгдүүлэхийн чухлыг дурдлаа. Гутерреш энэ бүх санаачилгуудыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, засгийн газруудын хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг тэмдэглэсэн юм. Мөн эрчим хүчний тэгш хүртээмжийг хангах, цэвэр эрчим хүч рүү шилжих шилжилтийг түргэвчлэх үүрэгтэй гэдгийг санууллаа.

Эцэст нь тэрбээр улс орнууд ногоон өсөлт, байгальд ээлтэй эдийн засагт шилжих амлалт авахын чухлыг дахин онцолж, энэ удаагийн чуулганыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийн “эргэлтийн цэг” болгон өөрчлөхөд анхаарч ажиллахыг уриалсан юм​.

Ташрамд, Улаанбаатарын цагаар 18.30 орчимд манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд түвшний уулзалтад үг хэлэхээр байна.


Нэмэлт: 11.10 цаг (Улаанбаатарын цагаар 15.10)

Ерөнхийлөгчийг угтан авлаа

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш, Азербайжаны ерөнхийлагч Илхам Алиев нар манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг угтан авлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээд түвшний уулзалтын өнөөдрийн хуралдаанд үг хэлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна.


П.Батхишиг: Төсөв, төслөөр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхгүй тул санхүүжилт татах өрсөлдөөн хүчтэй өрнөж байна

Уулзалтыг тойрсон сэдвээр Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч П.Батхишигээс тодруулав.

Тэрбээр "Энэ жил өмнөх уулзалтуудаар яригдсан ажлыг дүгнэхийн зэрэгцээ, санхүүжилтийн тухай сэдвийг голчилж байгаа нь анзаарагдлаа.

Уур амьсгалын өөрчлөлт бол зайлшгүй асуудал. Харин тэмцэх ажилд төсвийн бөгөөд төслийн мөнгүүд хүрдэггүй. Түүнчлэн энэ нь ирээдүй хойч үедээ чиглэсэн бүх нийтийн үйлс юм.

Өчигдөр санхүүжилтийн чиглэлээр хоёр хэлэлцүүлэгт орлоо. Хувийн хэвшлийг хэрхэн татан оролцуулах вэ. Тэдэнд санхүүжилт авахад ямар саад бэрхшээл учирч байна вэ гэдэг агуулгыг ярьцгааллаа. Санхүүжилт босгож байгаа ч авах боломж нь хөгжиж буй орнуудын хувьд хязгаарлагдмал юм байна. Олон донор байгууллага бий ч санхүүжилт татахыг өрсөлдөөн гэж харах хэрэгтэй. Иймд үүнийг дагаад өөрсдөө чадамжтай, менежменттэй байх шаардлага бий болж буй.

Парисын хэлэлцээрийн үр дүнг 2024 онд 10 дахь жилдээ дүгнэн хэлэлцэнэ. Зорилт бүхий 2030 он удахгүй ирэх гэж байна. Энэ бага хугацаанд санхүүжилтийг нэмэх нь зайлшгүй асуудал болсонд талууд санал нэгдсэн. Сүүлийн үед бондуудыг дахин санхүүжүүлэх, ногоон бондоор солих, үүгээр гарсан нэмэгдэл эх үүсвэрийг байгаль орчинд зарцуулах асуудал шинээр яригдаж байна.

Нөгөө талаас санхүүжилт үр дүнтэй зарцуулагдах, байгаа онох нь чухал. Зарим төсөлд сайн муу тал нь зэрэгцдэг. Мөнгө хэдий хязгаарлагдмал байгаа ч зарцуулалт ялгаагүй чухал юм. Мөн хувийн хэвшлийн салбарыг татан оролцуулах нь чухал гэж харж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны чиглэлээс хол явж ирлээ шүү дээ. Тэгж байж урт хугацааны үр дүн бий болно. Үүнийг төр дангаараа хийж чадахгүйг бид ойлгож авсан.

Оролцогчийн хувьд, уур амьсгалын өөрчлөлтөд бүх улс орон жигд анхаарал хандуулдаг болсныг анзаарлаа. Нэг хэсэг хөгжсөн орнуудыг чухалчилсан. Дараа нь буурай орнууд руу чиглэсэн. Одоо бүгдийнх нь, бүх нийтийн асуудал гэдэгт санал нэгдсэн байна. 100 тэрбум ам.доллар гэдэг тасралтгүй өсөж буй тоо. Энэ хэрээр бид алхам алхмаар ахиж байгаа гэсэн үг.

Бид уур амьсгалын өөрчлөлтөд нөлөө багатай ч нөлөөнд хамгийн их өртдөг улсын нэг. Зудын давтамж нэмэгдэж, ойн бүс багассаар байна. Үр нөлөө нь бидэнд илүү тусаад байна л даа. Тэгэхээр бид энэ нөлөөнд яаж дасан зохицох вэ, бууруулах вэ гэдэг дээр бодлогын өөрчлөлтөө тодорхойлж явах нь зүйтэй гэж харж байна" гэлээ.

ВИДЕО:

Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч П.Батхишиг: Төсөв, төслөөр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхгүй тул санхүүжилт татах өрсөлдөөн хүчтэй өрнөж байна Азербайжан улсын нийслэл Баку хотноо Eguur News агентлаг ажиллаж байна. Дэлгэрэнгүйг: https://eguur.mn/547874/

Posted by Eguur News on Tuesday, November 12, 2024

Б.Оюунсанаа: Бидний хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гол чиглэл бол ойг нөхөн сэргээх, тэлэх

Уулзалтыг тойрсон сэдвээр Ойн газрын дарга Б.Оюунсанаагаас тодрууллаа.

Тэрбээр, "Энэ жил миний авсан мэдээллээр 40 гаруй мянган хүн энэхүү хуралдаанд оролцож байна. Хувийн хэвшлээс эхлээд, иргэний нийгмийн байгууллага, төрийн тэргүүд, салбарын сайд нар хүрэлцэн иржээ.

Миний хувьд ойн сэдвээр голчилж ярья. Улс орон бүр өнгөрсөн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтөөс болж байгаль орчин, хүний нийгэмд ямар сөрөг өөрчлөлт гарч байгаа талаар дүгнэж, цаашдын авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлдог. Монгол орны хувьд эх газрын онцлогоор, уур амьсгалын өөрчлөлтөд гурав дахин хурдтай өртөж буй. Нийтдээ жилд 10 орчим сая га буюу БНСУ-ын нутаг дэвсгэртэй дүйцэх хэмжээний ой доройтож байна.  Тэгэхээр бид яах ёстой вэ?

Олон талын оролдлого хийж буйн нэг нь мод тарих буюу “ногооруулах”. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Ерөнхийлөгч санаачилсан. Пакистан 10  тэрбум, Европын холбоо 3 тэрбум, БНХАУ 70 гаруй тэрбум модыг тарьж, ургуулж байна. Дэлхийн улс орнууд олон алхам хийж буйн  нэг нь мод тарих, үүнийг дагасан экосистемийг нөхөн сэргээх юм.

Иймд манай “Тэрбум мод” хөдөлгөөн нь дэлхийн бусад улс орнуудын чиг хандлагатай нийцсэн. Багадаа тэрбум, цаашид тэрбум тэрбумаар тоологдох модыг ургуулах ёстой болж буй.

Монгол орны хувьд сүүлийн 30 жилийн хугацаанд 1.6 сая га талбай хөнөөлт шавж, түймрийн улмаас доройтсон. Эдгээрийг нэн тэргүүнд нөхөн сэргээх шаардлагатай. Байгальд суурилсан шийдэлд анхаарах буюу хэдэн мянган жил мод ургаагүй газар тарих биш, доройтсон хэсгийг нөхөн сэргээх нь оновчтой. Иймд үүнийг харгалзан үзэж, ойн экосистемийг тэлэх учиртай.

Ой дэлхийн хуурай газрын амьд организмын 30 хувийг агуулдаг. Дэлхийн амьд организмын гуравны нэг нь ойгоос хамааралтай гэсэн үг шүү дээ. Энэ утгаар ой бол гэр. Энэ гэрийг хэрхэн хамгаалж, авч үлдэх вэ гэсэн чиглэлээр эдгээр ажлууд хийгдэж байна.

Монгол Улсын хувьд COP29 хуралдаанд олон чиглэлээр оролцдог. Маргааш 11 сарын 13-ны өдөр Монгол Улс санаачилснаар Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилтийн эсрэг асуудлаар уулзалт арга хэмжээ зохион байгуулах нь анхаарлын төвд байна” гэлээ.  

ВИДЕО:

Ойн газрын дарга Б.Оюунсанаа: Бидний хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гол чиглэл бол ойг нөхөн сэргээх, тэлэх Азербайжан улсын нийслэл Баку хотноо Eguur News агентлаг ажиллаж байна. Дэлгэрэнгүйг: https://eguur.mn/547874/

Posted by Eguur News on Tuesday, November 12, 2024

Н.Батхүү: Манай улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах амлалт өгсөн

Тус уулзалтыг тойрсон сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүүгээс тодрууллаа.

Тэрбээр "COP29 хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрөөс Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын хэсэг эхэлж буй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд 14.30 цагийн орчимд, өөрийн эх орондоо ямар ажил хийж хэрэгжүүлж буйгаа илэрхийлж, тус хуралдаанд оролцоно.

COP29-ийн хүрээнд Киодо, Парисын хэлэлцээр болон Шинжлэх ухаан технологийн, Конвенцын хэрэгжилтийг хангах зэрэг олон хурал, хэлэлцээр болж байдаг. Монгол Улсыг төлөөлөн төрийн захиргаа, иргэний нийгэм, хувийн хэвшил, залуусын төлөөлөл бэлтгэлээ хангаж, өөрсдийн хариуцсан хэсгүүдэд оролцож эхэллээ.  

Дэлхийн удирдагчдын Дээд түвшний уулалт эхэлснээр олон талт хэлэлцээрүүд нэлээд эрчимждэг. Харин хамгийн сүүлийн хэлэлцээр 22-ны өдөр болно. Улмаар үр дүнгээ дүгнэн хэлэлцэнэ.  

Энэ жилийн онцлог гэвэл, санхүүжилтийн асуудалд бүх талууд онцгой анхаарч байна.

2009 оноос эхлэн хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд олгох санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг санаачилга яригдаж байгаа.

Энэ хүрээнд “Санхүүжилтийн шинэ зорилго” гэдэг баримт бичиг талуудад хүргэгдсэн. Хөгжиж буй орнуудын хувьд санхүүжилтийн хэмжээг 100 тэрбумд хүргэх амлалт дэвшүүлсэн гэж ойлгогдож байна. Улс орон бүр өөрийн хэрэгцээ шаардлага бүхий тооцоо, дүнг хүргүүлдэг. Үүнийг нэгтгэж, энэ хурал дээр ярина. Одоогийн байдлаар тэрбумаар биш их наядаар тоологдох ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоолол гарсан. Тийм ч учраас маш чухал бөгөөд олон талын сонирхлыг татсан хэлэлцээр болно. Үр дүнд нь “Санхүүжилтийн шинэ зорилго”-ыг батална гэдэгт оролцогч талууд итгэлтэй байгаа.

Түүнээс гадна улс орон бүр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтод оруулж буй хувь нэмэр, төлөвлөсөн ажлынхаа хэрэгжилтийг Нарийн бичгийн дарга нарт тайлагнадаг. Хоёр жил тутамд Уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлын тайлангаа хүргүүлдэг. Бид өнгөрсөн жил хүргүүлсэн. Мөн “Дасан зохицох үндэсний төлөвлөгөө”-г баталсан. Нөгөө талаар улс орнууд “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ээ тодорхойлдог онцлогтой. Бид үүгээр, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулна гэж төлөвлөсөн. Улмаар 2050 онд дэлхий нийтийн нийтлэг зорилтын дагуу тэглэхийг эрмэлзэнэ. NDC 3.0 хэмээн нэрлэгдэж буй энэхүү баримт бичгийг боловсруулах ажлыг холбогдох төрийн байгууллагуудын оролцоотой хийж байна.  

Манай улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг тооцох, хэмжих, баталгаажуулах ажлаа тогтмол хийж байгаа. Хэдийгээр бидний хүлэмжийн хийн ялгарал бага ч хүн ам, эдийн засгийн багтаамжтайгаа харьцуулахад өндөр.

Иймд ойн экосистемийг сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд засан зохицох чадвартай болгох хийгээд газар ашиглалтын чиглэлд анхаарах хэрэгтэй байгаа. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах амлалтын хүрээнд ХАА, эрчим хүчний салбарт голчлон анхаарах ёстой. Тийм ч учраас сэргээгдэх эрчим хүчний асуудлыг Засгийн газар идэвхийлэн дэмжиж байгаа. Харин газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах боломж бидэнд бий. Ойн салбарт мөн боломж бий гэж анхаарч байгаа.

Ийм ч учраас “Тэрбум мод” зэрэг хөдөлгөөн нь хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй. Гэхдээ бид зорилтоо ахиулан тодорхойлох үүрэгтэй.

Дэлхийн бусад улс оронд “Тэрбум мод”-той ижил төсөөтэй үндэсний хөдөлгөөн олон бий. Зөвхөн мод тарихаас гадна байгалийн ойг хамгаалах, дасан зохицох чадамжтай ой бий болгох чиглэлд анхаарцгааж байна" хэмээв.

ВИДЕО:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү: 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах амлалт өгсөн Азербайжан улсын нийслэл Баку хотноо Eguur News агентлаг ажиллаж байна. Дэлгэрэнгүйг: https://eguur.mn/547874/

Posted by Eguur News on Tuesday, November 12, 2024

Эхлэл: 09.45 цаг (Улаанбаатарын цагаар 13.45 )

Яг одоо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш, Азербайжаны ерөнхийлагч Илхам Алиев нар дэлхийн улс орнуудын удирдагчдыг угтан авч байна.

COP29 хурлыг сурвалжлах олон улсын хэвлэл мэдээллийн байр.

Энэхүү чуулганд дэлхийн удирдагчид, бодлого боловсруулагчид, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгчид оролцож, дэлхийн уур амьсгалын асуудлаар идэвхтэй арга хэмжээ авахын тулд шинэ үүрэг амлалтуудыг дэвшүүлж байна.

COP29-ийн гол зорилгууд нь Парисын хэлэлцээрийн хүрээнд үндэсний үүрэг амлалтуудыг бэхжүүлэх, уур амьсгалын дасан зохицох санхүүжилтийг нэмэгдүүлэх, “хохирол ба хохирлын сан”-г дэмжих, мөн дэлхийн дулаарлыг 1.5°C-аас хэтрүүлэхгүй байх амлалтыг өргөжүүлэх явдал юм.

Энэ удаагийн уулзалтаар өндөр хөгжилтэй орнуудад хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон эрсдэлд тэсвэртэй байх санхүүжилтээр хангахад илүү их дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.

COP29-ийн үеэр улс орнууд уур амьсгалын дасан зохицох Глобал зорилт-ын хэрэгжилтийг дэмжих, үүнд илүү их хөрөнгө оруулалт хийх зорилгоор шинэ зорилтуудыг тодорхойлох юм.

Манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд хэмжээний уулзалтад өнөөдөр үг хэлэх хуваарьтай байгаа юм.

Өмнөх мэдээ:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button