Эрдэмтэд далайн усанд задардаг хуванцар бүтээжээ

Олон улсын судлаачдаас бүрдсэн баг шинэ төрлийн бат бөх, далайн усанд задардаг хуванцар бүтээсэн байна. Энэхүү хуванцрыг бүтээсэн судалгааны ажлыг Японы Riken Center for Emergent Matter Science (CEMS) төвийн судлаач Такүзо Аидагийн удирдан явуулжээ. Тэд судалгааны үр дүнг өчигдөр /2024.11.22/ “Science” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Энгийн хуванцар нь хүрээлэн буй орчинд задралд ордоггүй, байгаль орчинд хор хөнөөлтэй. Ийм учраас задардаггүй хуванцрыг орлуулах байгальд ээлтэй хувилбаруудыг хөгжүүлэх хүчин чармайлт олон жилийн турш хийгдсээр ирсэн. Эрдэмтэд хүрээлэн буй орчны зарим хүчин зүйлд задралд ордог, дахин боловсруулах боломжтой хуванцрууд бүтээсэн ч нэг томоохон асуудал шийдэлгүй байсаар ирсэн юм. Тэдгээр хуванцрын ихэнх нь, жишээлбэл PLA усанд уусдаггүй тул далайн орчинд задардаггүй. Энэ нь далайн экосистемд микропластик (5 мм-ээс жижиг хэмжээтэй хуванцар) удаан хугацаанд хуримтлагдахад хүргэж, далайн организмуудад сөрөг нөлөө үзүүлэн, улмаар хүнсний сүлжээнд орсноороо хүний биед хуримтлагддаг.
Аида болон түүний баг энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд супрамолекул хуванцарт анхаарлаа хандуулжээ. Супрамолекул гэдэг нь буцааж болох холбоосоор холбогдсон молекулууд юм. Далайн усанд задардаг хуванцрыг давсны холбоо үүсгэдэг хоёр ион ашиглан бүтээсэн байна. Энэхүү холбоос нь бат бөх, уян хатан чанарыг үүсгэдэг аж. Туршилтад ашигласан мономер нь хүнсний нэмэлт бодис болгон ашиглагддаг натрийн хексафосфат, гуанидиний ионууд байжээ. Эдгээр мономеруудыг бактери задалж чаддаг. Ийм учраас тэдгээр бодисоос бүтээсэн хуванцар нь задарч мономер болоход бактериуд эцэслэн задлах юм.
“CEMS”-ийн Аида хэлэхдээ "Супрамолекул хуванцар дахь холбооснууд салж болдог тул бат бөх бус, тогтворгүй байх магадлалтай гэж үздэг байсан. Харин бидний бүтээсэн шинэ материал эсрэгээрээ бат бөх” гэжээ. Энэхүү шинэ хуванцар дахь давсан холбоосны бүтэц зөвхөн далайн усанд байдаг электролиттэй харилцан үйлчлэх үед л задрах байдлаар бүтээгдсэн байна.
Эрдэмтэд энэхүү хуванцрын дахин боловсруулж болох эсэхийг нь мөн шалгажээ. Ингэхдээ тэд эхлээд хуванцраа давстай усанд уусгаж задалсан байна. Тэд задарсан хуванцрын хексаметафосфатуудын 91 хувь, гуанидиний 82 хувийг нь нунтаг хэлбэрээр цуглуулж чаджээ.
Тус шинэ хуванцар нь хоргүй, шатдаггүй буюу нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй аж. Мөн бусад термопластик шиг 120 цельс хэмээс дээш температурт хэлбэрийг нь өөрчлөх боломжтой. Аида “Энэ шинэ материалаар бид бат бөх, дахин боловсруулах, олон зорилгоор ашиглах боломжтой, микропластик үүсгэдэггүй хуванцрын төрлийг бүтээлээ” гэсэн юм.
Эх сурвалж: Scitech Daily
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.