Улс төрийн мэдээ

Засгийн газар: 2025 оны төсвийг дахин өргөн барихын тулд Төсвийн тухай хуульд нэмэлт оруулна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Албан мэдээнд,

"Монгол Улсын 2025 оны Улсын төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн дагалдах бусад хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хэлэлцээд тус хуулиудыг хүчингүй болгохоор 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар шийдвэрлэсэн.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төсвийн тухай хуульд энэ тохиолдолд улсын төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэрхэн өргөн мэдүүлэх талаар зохицуулалт байдаггүй.

Төсвийн тухай хуульд заасан цаглабарын дагуу Засгийн газар есдүгээр сарын 1-ний дотор дараа оны улсын төсөв, холбогдох бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр зохицуулсан. 

2025 оны улсын төсөв, холбогдох бусад хуулиудын төслийг 2024 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ" гэжээ.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийг Ч.Лодойсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг оруулж ирсэн. Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийг нэг удаагийн дэгээр хэлэлцэхийг олонх нь дэмжээгүй юм.

Иймд Дэгийн тухай хуулийн 90.8 болон 90.3 зааснаар Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хурлаараа “2024.12.10-ны дотор Сангийн яам буюу Засгийн газар 2025 оны төсвөө дахин боловсруулж оруулж ир” гэсэн шийдвэр гаргасан.

Улмаар Засгийн газар 2025 оны төсвийг дахин боловсруулж, УИХ-д өргөн барихаар болсон билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button