УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлав

Өнөөдрийн /2024.12.03/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны мэдээллийг нэг дороос хүргэж байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна. Тус хуулийн төсөлд улсын төсвийг арваннэгдүгээр сарын 15-наас өмнө баталдаг заалтыг өөрчлөн дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө буюу арванхоёрдугаар сард багтаан батлахаар төлөвлөж буй юм.


Үдээс өмнөх хуралдаан:

НЭМЭЛТ: 13.30 цаг

УИХ-ын ээлжит бус чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн анхны болоод эцсийн хэлэлцүүлгийг хийж Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх нь дэмжлээ.


НЭМЭЛТ: 11:49 цаг

-Төсвийн тухай хуульд нэмэлт оруулахыг гишүүдийн 89.5 хувь нь дэмжлээ-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 89.5 хувь нь дэмжлээ.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэхээр болов. Байнгын хороогоор хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсний дараа чуулганы нэгдсэн хуралдаан дээр дахин үргэлжлүүлэн хэлэлцэх юм.


НЭМЭЛТ: 10.30 цаг

“УИХ төсвөө батлахгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ тарах нөхцөл үүснэ”

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "Төсвийн олон зүйл дээр эсрэг байж, засч залруулах гэж оролдсон. Сүүлдээ дуугараагүй. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар өөр аргагүй. Ерөнхийлөгчийн тамгын газрын албанд төсөв хариуцсан хүн гэж бий юу. 70 гаруй хоног хэлэлцэж байхад яагаад ган хийж дуугараагүй юм бэ. Ингээд дөрвөн удаа хэлэлцсэний дараа шууд хориг тавьж байгаа юм бэ. Ерөнхийлөгч Сангийн сайд хоёрын өрөөний хооронд ганцхан давхар бий шүү дээ. Энэ хооронд уулзах зав байгаагүй юм уу" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, "Цаг хугацааны тодорхой цаглавартай болгож, хариуцлагажуулан шахаж ажиллах шаардлага гарах юм байна"

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, "Ялангуяа хугацаандаа багтаж батлах асуудал. Цаашид Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 36-р зүйлд зааснаар төсвөө ондоо багтааж батлахгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ тарах нөхцөл үүсэж болзошгүй юм. Тиймээс хэлэлцүүлгийн дэг дээр анхаарах асуудлууд бий. Дэгээрээ төсвийн хэлэлцүүлэг тав хоногийн зайтай явагддаг. Энэ хугацааг богиносгох шаардлагатай. 2024.12.12 гэхэд батлахгүй бол аймаг, сумдын ИТХ-д төсвөө батлах хугацаа үлдэхгүй. Үүнийг анхаарах ёстой" гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: "Хэрвээ УИХ-ын төсвөө батлах явц хойшилж, оны эцсээр эсвэл он гараад явчихвал яах вэ. Үүний араас аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ хуралдаж төсвөө батлах ёстой. Нэгжийн хуулиндаа хугацаандаа төсвөө баталж чадаагүй бол ИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гээд заачихсан байгаа шүү дээ. УИХ төсвөө батлахгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ тарах болчихоод байна" гэв.


НЭМЭЛТ: 10.15 цаг

-Б.Жавхлан: Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү-

УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаан эхэлж байна. Өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай байдлаар хэлэлцэхээр оруулж ирээд байна.

Сангийн сайд Б.Жавхлан: "11 дүгээр сарын 29-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2025 оны Төсвийн тухай хууль болон хамт батласан хууль тогтоомжийг хүчингүй болгосон ба үүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол батласан. Уг тогтоолоор 2025 оны Төсвийн төслийг энэ оны 12 дугаар сарын 10-ны дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг даалгасан. Төсвийн төслийг Засгийн газар 9 дүгээр сарын 1-ний дотор өргөн мэдүүлэх, УИХ-д 11 дүгээр сарын 15-ны дотор батлахаар тус тус заасан байдаг. УИХ Улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын төсөв,  Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон тохиолдолд Засгийн газраас Төсвийн төслийг дахин боловсруулж өргөн мэдүүлэх тусгайлсан зохицуулалт байхгүй тул уг харилцааг зохицуулсан хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар жилийн төсвийн төслийг Засгийн газар дахин боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм. УИХ-ын эрхэм гишүүд ээ, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү" гэлээ.


ЭХЛЭЛ: 10.00 цаг

-Төсвийн тухай хуулийн гурван шатны хэлэлцүүлгийг хийж, өнөөдөр батална-

Өнөөдөр /2024.12.03/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 10.00 цагт эхлүүлэхээр товлоод байна. Хуралдаанаар,

·Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хийнэ.

Мөн ажлын хэсгийн хуралдаанууд болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
12 сар 3, 2024 11:38

Нэг улсын эрх мэдэлч 3 өөр чиглэлтэй үүрэг хариуцлагатай шүүдээ Ганбаатар гишүүн холилдож болохгүй гэдгийг өдийд мэдэхгүй байна гэж баймааргүй юм эсвэл попрох гэдэг нь энүү.

zochin
zochin
12 сар 3, 2024 12:00

Хариуцлагагүй худ�##�ч, поп Жавхлангаа сайдаас огцруул

Холбоотой мэдээ

Back to top button