Европын холбооны Хууль зүйн коммисар асан мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдлээ
Бельги улсын цагдаа нар Европын Хууль зүйн асуудал эрхэлсэн коммисар асан Дидиер Рейндерстэй холбоотой хэд хэдэн байрыг нэгжсэн байна. “Follow the Money” болон “Le Soir” нэртэй Бельгийн сонин мэдээлэхдээ түүнийг мөнгө угаасан хэрэгт сэжиглээд байгаа гэжээ.
Албаныхны сэжиглэж буйгаар бол Рейндерс 2007-2011 оны хооронд удирдаж байсан Үндэсний лоттерей байгууллагаар дамжуулан олон жилийн турш сугалаа худалдан авчээ. Тэрбээр сугалаагаараа хожсон мөнгөө угааж, өөрийн хувийн дансандаа шилжүүлсэн гэгдэж буй. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажил хэдэн сарын турш үргэлжилсэн юм. Гэхдээ албаныхан Рейндерс Европын комисст хашиж байсан хууль зүйн коммисарын бүрэн эрх нь дуусах хүртэл хүлээжээ. Түүний бүрэн эрх ням гарагт /2024.12.01/ дууссантай зэрэгцэн халдашгүй эрх нь дууссан юм.
Нэгжлэг хийхийн тулд Бельгийн цагдаа нар Коммисаруудын коллежоос зөвшөөрөл авах ёстой байжээ. Гэхдээ Рейндерс тэрхүү коллежийн гишүүн байсан юм. Нэгжлэг явуулсан газруудын нэг нь Рейндерсийн гэр байсан хэмээн эх сурвалжууд мэдээлжээ. Цагдаа нар түүнийг мягмар гарагийн /2024.12.03/ орой хүртэл байцаасан байна.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.