Гадаад мэдээ

Америкийн хоригийн эсрэг Хятадын зүгээс чухал ашигт малтмалын экспортыг хязгаарлалаа

БНХАУ мягмар гарагт /2024.12.03/ АНУ-руу галли, германий, сурьма болон цэргийн зориулалттай өндөр технологид шаардлагатай бусад чухал ашигт малтмалыг экспортлохыг хориглосноо зарлав. Энэ нь АНУ БНХАУ-руу хагас дамжуулагчтай холбоотой экспортын хязгаарлалтад тавьсны хариу арга хэмжээ юм.

АНУ-ын Худалдааны яам даваа гарагт /2024.12.03/ экспортын хяналтын жагсаалтад багтсан БНХАУ-ын технологийн компаниудын тоог нэмсэн билээ. Тэдгээр компаниудад компьютерын чип, чип үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, программ хангамж үйлдвэрлэдэг фирмүүд багтаж байгаа. Жагсаалтад шинээр нэмэгдсэн 140 компанийн ихэнх нь БНХАУ-д төвтэй үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ цөөн хэд нь Япон, Өмнөд Солонгос, Сингапур дахь Хятадын эзэмшлийн бизнесүүд ч багтаж байна.

Экспортын хяналтын жагсаалтыг өргөтгөснөөс гадна БНХАУ-руу өндөр зурвасын өргөнтэй санах ойн чип экспортлохыг хязгаарлах юм. Ийм төрлийн чип нь хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэт технологийг хөгжүүлэхэд шаардлагатай асар их хэмжээний өгөгдөл боловсруулахад ашигладаг.

Уг явдлын дараа БНХАУ-ын Худалдааны яам улсынхаа эрх, ашиг сонирхлоо хамгаалахын тулд хариу арга хэмжээ авна хэмээсэн юм. Тус яам “Энэ бол эдийн засгийн шахалт, чөлөөт зах зээлийн бус байдаг л үйлдэл” хэмээжээ.  Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Лин Жиан мягмар гарагт ээлжит хэвлэлийн хурлын үеэр “АНУ хагас дамжуулагчийн экспортыг хязгаарлаж буй арга хэмжээг шинэчлэн, БНХАУ-ын компаниудад хориг тавьж, БНХАУ-ын технологийн дэвшлийг санаатайгаар дарамтлах ажиллагаа явуулж буй талаар БНХАУ улс ноцтой эсэргүүцэл илэрхийлсэн” гэсэн юм.

Ийнхүү хоёр улсын хооронд худалдаа, технологийн зөрчилдөөн улам хурцдаж байгаа нь АНУ-ын ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсонтой давхцаж буй. Трамп Хятад болон бусад орнуудаас оруулж буй импортод тавих татвараа огцом нэмэгдүүлэхээр сүрдүүлж байгаа.

БНХАУ экспортын хориг тавьсан ашигт малтмал нь үндэсний аюулгүй байдлын чухал нөөцөд тооцогддог юм. 2021 онд АНУ-ын Олон улсын худалдааны комиссоос гаргасан тайланд дурдсанаар, БНХАУ нь галд тэсвэртэй бодис, батарей, шөнийн дуран, цөмийн зэвсгийн үйлдвэрлэлд ашиглагддаг сурьма элементийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг аж. Үүнээс гадна БНХАУ нь галли, германийн дэлхий дээрх хамгийн том үйлдвэрлэгч юм. Тэдгээр элементийг гар утас, машин, цэргийн технологи, нарны хавтанд шаардлагатай чип бүтээхэд хэрэглэдэг.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button