БНСУ-ын парламент ерөнхийлөгчөө огцруулах ажлыг эхлүүлэх эсэхээ бямба гарагийн дотор шийднэ
Мягмар гарагт Өмнөд Солонгос улсад улс төр болон нийгмийн томоохон үймээн гарсан. Тус улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёл сөрөг хүчнийхнийг засгийн газрын үйл ажиллагааг саажуулж, төрийн эсрэг ажиллаж байна хэмээн martial law буюу цэргийн онц байдал зарласан юм. Гэхдээ БНСУ-ын парламент яаралтай хуралдаж, цэргийн онц байдлыг зогсоохыг дэмжсэн тул Юн Сок Ёл үүрээр цуцалсан билээ.
Одоо сөрөг хүчний намынхан импичмэнт буюу албан тушаалаас нь огцруулах эсэхээ бямба гарагийн /2024.12.07/ шийдэх юм. Юн Сок Ёлын хувьд цэргийн онц байдал зарласнаа хамгаалсан байна. Импичмэнт гэдэг нь аливаа төрийн албан тушаалтныг ажилтайгаа холбоотой томоохон алдаа гаргасан гэж буруутгах процесс юм.
Тэрхүү процессыг эхлүүлэхийн тулд БНСУ-ын парламентын 300 гишүүдийн дийлэнх нь буюу гуравны хоёр нь дэмжих ёстой. Одоогийн байдлаар сөрөг хүчний намууд нийтдээ 192 суудал эзэмшдэг. Тэдэнд 200 санал хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл эрх баригч намаас найман хүн импичмэнтийг эхлүүлэхээр дэмжих ёстой гэсэн үг. Гэхдээ эрх баригч нам Юн Сок Ёлыг огцруулах ямар нэгэн процессыг эсэргүүцнэ гэж мэдэгдсэн байгаа.
Эх сурвалж: Korea Times, BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.