Калифорни мужид 7 магнитуд хүчтэй газар хөдлөлт боллоо
Пүрэв гарагт /2024.12.05/ АНУ-ын Калифорни мужийн хүн ам сийрэг суурьшсан байдаг хойд бүсэд 7 магнитуд хүчтэй газар хөдлөсөн байна. Үүний улмаас мэргэжилтнүүд цүнамийн сэрэмжлүүлэг гаргасан байснаа одоо цуцалжээ. Одоогийн байдлаар хүн амиа алдаж, бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Мөн их хэмжээний дэд бүтцийн хохирол учраагүй хэмээсэн ч албаныхан хөдлөлт болсон бүсийг шалгахад хугацаа шаардлагатай гэсэн юм.
АНУ-ын Үндэсний цаг уурын алба Калифорни, Орегон мужийн эргийг дамжсан 800 км бүсэд цүнамийн сэрэмжлүүлэг гаргасан аж. Гэхдээ сэрэмжлүүлэг гаргаснаас 90 минутын дараа цуцалсан байна. АНУ-ын Геологийн алба мэдэгдэл хийхдээ Ферндэйл хотоос баруун зүгт 62 км зайд, газрын гадаргаас 10 км гүнд хөдлөлт болсон аж. 1,400 орчим хүн амьдардаг Ферндэйл хотын сайн дурын гал унтраах албаны гишүүн Трой Лэнд “Хүчтэй хөдлөлт байсан. Барилгаас хүмүүсийг аль болох хурдан нүүлгэн шилжүүлсэн” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.