Сирийн босогчид хоёр дахь хотоо эзэлсэн нь Башар аль-Ассадад том цохилт боллоо
Сири улс дахь босогчид пүрэв гарагт /2024.12.05/ Хама хотыг эзлэн авсан нь Ерөнхийлөгч Башар аль-Ассад болон түүний холбоотон ОХУ, Ираны хувьд томоохон цохилт боллоо. Өнгөрсөн долоо хоногт босогчид Сирийн хамгийн том хот болох Халебийг эзэлж авсан юм.
13 жилийн өмнө Ассадын эсрэг босогчид гарч ирж, Сирийн иргэний дайн эхэлсэн. Тэрхүү иргэний дайны фронт 2020 оноос хойш царцаад байсан билээ. Тэгтэл өнгөрсөн долоо хоногт Сири улсын хойд бүсэд байрладаг босогчид эрчтэй довтолгоо явуулж эхэлсэн юм. Ийнхүү тэд Хама хотыг эзэлснээр өмнө нь хэзээ ч авч байгаагүй стратегийн ач холбогдол бүхий төв бүсийн хотыг хянах боллоо.
Сири улсын арми мэдэгдэл хийхдээ энгийн иргэдийн амь насыг хамгаалж, хот дотрох байлдаанаас сэргийлэхийн тулд Хамагийн гадна нэмж цэрэг байрлуулж байгаа хэмээжээ. Босогчид цаашлаад өмнө зүгт байрлах Хомс хот руу довтлохдоо бэлэн гэсэн байна. Хомс нь Сирийн нийслэл Дамаскийг далайн эрэгтэй холбосон зам дээр оршдог хот юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэнд ашигтай?