СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

САНТАТАЙ ХАМТ зургаа авахуулж болох газруудын байршил

2020 он айлчлан ирэхэд яг долоо хоног үлдлээ. Харин зул сарын баяр болоход ганцхан хоног үлджээ. Багачуудын хүсэн хүлээдэг баяраар эцэг эхчүүд хүүхдүүдээ Санта өвөөтэй уулзуулж, гэрэл зургийг нь дурсамжиндаа хадгалж, хүслийг нь шивнүүлэхийг хүсдэг байх. Сүүлийн хэдэн жил Улаанбаатарын томоохон дэлгүүр, худалдааны төвүүд хэрэглэгчдийнхээ энэ шаардлагыг хүндэтгэн, олон улсын жишгийг дагаж, багачуудад зориулан Санта өвөөг урих болжээ. Энэ жил Санта хоёр газарт зочилж байна.

НЭГ. ГАЛЕРЕЙ УЛААНБААТАР

Сүхбаатарын талбайн зүүн талд байх Галерей Улаанбаатар буюу дотроо Говь, Гоёо нэрийн төв дэлгүүр, Литл шип хот пот ресторантай барилгад Санта айлчилж байна. Гэхдээ шинэ он гартал, зөвхөн амралтын өдрүүдэд, 15-18 цагийн хооронд багачуудтай уулзахаар саатна.

Харин ирэх бямба, ням гарагуудад буюу арванхоёрдугаар сарын 27,28-ны өдрүүдэд энд тусгай хөтөлбөртэй. “Үлгэр амилах өдрүүд” буюу бямба гарагт 13:00 цагаас Сантагийн шинэ туслахыг хайж, ням гарагт мөн 13:00 цагаас Бяцхан эльфтэй цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ.

Ташрамд дурдахад, Сантагийн суусан энэ хэсэгт хайртай хосууд, гэр бүл, найз нөхдөөрөө ирж хүссэн үедээ гэрэл зураг авахуулах боломжтой.

ХОЁР. ШАНГРИ-ЛА МОЛЛ

Шангри-Ла молл уламжлал ёсоор энэ жил ч мөн кока-кола брендтэй хамтран Сантаг урьжээ. Гэхдээ эднийх арванхоёрдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Сантаг урьж, Зул сарыэ баярын өдрөөр хүүхэд багачуудад зориулсан жүжигчилсэн тоглолт, уралдаант тэмцээн, урлагийн номеруудыг бэлдсэн байна.

Цагийн хувьд: Эдгээр өдрүүдэд 12-14, 15-16, 16:30-17:00 цагийн хооронд Санта бий.

САНАМЖ:

Санта өвөөтэй зургаа авахуулахад үнэгүй. Тиймээс гар утсаараа зургаа аваад сайн апп ашиглан сайхан зурагтай болж болно. Мөн хүүхэд тань энэ зургаа том болоод ч хадгалах тул дулаахан боловч сайхан хувцаслаж, гадуур хувцсыг нь тайлаарай. Нэмж хэлэхэд ханиад томууны улирал эхэлсэн тул маск зүүлгэж, гэртээ хариад ам хамрыг нь сайтар цэвэрлээрэй.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

11 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button