Чуулган I Б.Жавхлан: Л.Гантөмөр бид хоёрын яамны төсвөөс хасуулах үүрэг өгсөн юм шиг байна
УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Eguur News агентлаг /2024.12.11/ УИХ-ын чуулганы хуралдааныг нэг дороос мэдээллийг хүргэж байна.
Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
НЭМЭЛТ: 19:40
Сангийн сайд Б.Жавхлан:
-Төсөв хасах алдаатай гурван санал байгаа юм. Энд Эдийн засаг, Хөгжлийн сайд Л.Гантөмөрийн сайдын багцаас хөрөнгө оруулалт, их засвар хасах гэж 13 дугаар санал дээр оруулж ирсэн. Одоо минийхээс хасахаар оруулж ирж байгаа нь бас хөрөнгө оруулалт, их засвар. Мөн дахиад Шадар сайд Л.Гантөмөрийн төсвөөс хөрөнгө оруулалт, их засварын зардлыг хасах санал гаргасан байгаа юм. Эдгээр төсвийг хасах боломжгүй. Учир нь бид хоёр дээр буюу яамнуудад хөрөнгө оруулалт, их засвар гэдэг зардал байхгүй. Тэгэхээр санал гаргасан гурван гишүүнд “энэ хоёр том сайдад ийм төсөв байж л таараа. Тэрийг нь хас” гэсэн үүрэг өгсөн юм шиг байгаа юм. Тэгээд дэмжигдээгүй юм шиг байгаа юм.
Алдагдалгүй төсөв батлах бүх нийтийн уриатай явж байгаа. Сангийн яамыг засах шаардлага одоогоор байхгүй. Эдийн засаг, Хөгжлийн яам одоогоор яамгүй түрээсийн байранд байдаг. Тэгэхээр түрээсийн байрыг засварлах шаардлага байхгүй.
НЭМЭЛТ: 19:15
-Х.Булгантуяа шигшээ багийн төсвийг 5 тэрбум төгрөгөөр нэмэх санал гаргаж, дэмжигдэв-
Хуралдаанаар Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт хүртэлх 124.5 км автозамын бүтээн байгуулалтын төсвөөс 5 тэрбум төгрөг хасуулж, Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын сайдын Биеийн тамир спортын хөтөлбөр арга хэмжээний Үндэсний шигшээ багийн үйл ажиллагааг дэмжих зардлыг 5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа гаргаж, санал дэмжигдлээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
-Биеийн тамир спортын Үндэсний шигшээ багийн төсөв 2024 онд олимпын жил учир 26 орчим тэрбум төгрөг байсан. Олимп болдог жил учир төсөв өндөр тавигддаг. Харин 2023 онд 13 орчим тэрбум төгрөг байсан. Ингэж байж тив дэлхийн олон чансаа тогтоох тэмцээнд орж, олимпод орох эрх авдаг. Гэтэл ирэх онд 9 тэрбумаар төлөвлөсөн нь олимпоос бусад үед тавьдаг төсвөөс ч бага байна. Энэ нэг сайдын асуудал биш. Үндэсний шигшээ баг чинь үйл ажиллагаа явуулахад хэцүү болно гэсэн үг. Энийг УИХ-ын гишүүд аль нэг сайдын асуудал гэж харах биш дэлхийн тэмцээн уралдаанд Үндэсний шигшээ баг амжилт гаргах уу, үгүй юу гэдгийг харж олимпод тамирчдаа бэлтгэдэг төсөв гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс энэ саналыг дэмжиж өгнө үү” гэлээ.
НЭМЭЛТ: 19:00
-Гишүүд төхөөрөмж ажиллахгүй байгаа тул гар өргөх санал гаргасан ч УИХ дарга зөвшөөрсөнгүй-
Хуралдааны үеэр гишүүд санал өгөх төхөөрөм ажиллахгүй байгаа талаар гишүүд гомдол гаргаж, гар өргөж санал авах санал гаргалаа. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “та бүхэн өөрсдөө тогтвортой сууж саналаа өгнө үү” хэмээн гар өргөж санал хураахаар татгалзлаа.
Гэсэн ч санал өгөх төхөөрөмж ажиллахгүй байна гэсэн гомдол гишүүдээс 6 дахь удаагаа ирсэн тул техникийн багаар үзлэг хийлгэж, санал хураалтыг үргэлжлүүлж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Төхөөрөмжид санал өгөх талаар Ч.Лодойсамбуу гишүүн тайлбар биччихсэн байсан. Та хэд харсан байлгүй. Бид 15 секундийн хугацаанд санал өгч байгаа. Яг хурууны хээгээ уншуулахад гуравхан секунд орж байгаа. Хэрэв гурван секунддээ алдаа гаргавал хуруугаа аваад дахин уншуулахад 15 секундийн хугацаанд гурван удаа санал өгөх боломж гарч байгаа. Тэгэхээр гишүүн энэ дээр анхаарлаа хандуулж, саналаа өгнө үү. Гурван удаа амжиж байна лээ” гэлээ.
НЭМЭЛТ: 17.35
-Б.Энхбаяр: Төрийн албанд тэнцээгүй хүмүүсийг ажиллуулж, сард 4.5 сая төгрөгийн цалин өгдөг хороо, зөвлөлүүд байна-
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Энэ гурван сарын өмнөх Т.Доржханд бол биш байгаад байна. Энэ өөр хүн ороод ирчихсэн юм биш үү. Эсвэл өөрийгөө хувилчихсан юм уу. Би бол танихгүй л хүн байна. П.Сайнзориг гишүүн их үндэслэлтэй юм ярьж байна. Би анх удаа төсвийн ажлын хэсэг ажиллаж үзлээ. Энэ үеэр хэд хэдэн гишүүдийн хамт орон тооны давхардал ямар болчихсон юм гэдгийг мэдэх гэж Сангийн яамнаас цалин хөлс авч байдлаар бүх байгууллага, хороогоор нь танилцсан. Засгийн газар энэ дээр маш том улс төрийн дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Дүгнэлт хийхгүй бол төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх хаврын чуулган дээр энэ маш том асуудал болж босож ирнэ. Энэ дээр аягүй бол сонсгол хийгдэх юм шиг байна.
Яагаад гэвэл энэ асуудал дээр хуульд байхгүй 40 гаруй хороо, зөвлөл байгуулаад сарын дунджаар 4.5 сая төгрөгийн цалин олгодог юм байна. Ингэхдээ төрийн албаны шалгалт өгөөгүй хүмүүсийг хяналтгүй ажиллуулаад хув хувьсгалын янз бүрийн үнэтэй оффисуудад түрээсийн мөнгө төлүүлээд ноцтой асуудал байгаа юм байна лээ. Ажлын давхардал ярих юм бол нэг ажил дээр таван ажлын алба байгуулчихсан ч байх шиг. Энийгээ Засгийн газар өөрсдөө эхлээд дотроо яриад эмхлэх бололцоог бүрдүүлэх үүднээс сая ажлын хэсэг тэнсэнгийн хугацаа өгсөн шүү.
Үндэсний хороо зөвлөл гэдэгт УИХ-ын гишүүдийг авлигадах байдлаар оруулдгаа нэн даруй зогсоо. УИХ-ын дарга ч энэ асуудалд анхаарч буцааж татмаар байна. Яагаад гэвэл Үндсэн хуульд зааснаар УИХ-ын Засгийн газрын гишүүнийг хавсрахаас өөр үүрэгт ажил хийхийг хориглосон байдаг шүү. Үндсэн хууль зөрчиж байж гишүүд маань эргүүлж татуулав.
НЭМЭЛТ: 17.10 цаг
-Эрчим хүчний шилжилтэд яамны ажиллах хүч хүрэхгүй тул хороо байгуулан ажиллаж байгаа-
Шадар сайд, УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Би тодорхой байр сууриа хэлэхгүй бол болохгүй байна. Эрчим хүчний яам салбарын ажлаа хийж байгаа. Гэхдээ 2030 онд цэвэр эрчим хүчний эх үүсвэртэй болно гэж баталсан. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд хороо ажиллаж байгаа. Ногоон шилжилтэд гаднын хөрөнгө оруулагчид орж ирж байгаа. Тэд стандарт хүсэж байна. Тэр стандартыг хийхийн тулд Эрчим хүчний үндэсний хороо ажиллаж байгаа. Ногоон шилжилтийг хийхэд Эрчим хүчний яамны ажиллах хүний нөөц байхгүй. Тиймээс хороо салбар дундын зохицуулалтын хүрээнд ажиллаж байна.
НЭМЭЛТ: 16.30 цаг
-Төрийн албаны босго давдаггүй хүмүүсийг цуглуулдаг хороо, зөвлөл, комиссыг буулгая-
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Хэдүүлээ төр данхайж байна. Төрийн байгууллага олширч байна. Хэмнэе, цөөрүүлье гэж яриад байгаа хэр нь энэ санал маань Төсвийн байнгын хороон дээр уначихсан. Төрийн бодлого боловсруулах ажлыг яамнууд хариуцаж байгаа. Тэр дундаа Эрчим хүчний сайд байгаад байхад Эрчим хүчний реформын зөвлөл гэх шиг тийм юм байгуулж байгаа юм. Орон сууцны яам байсаар байхад дахиад орон сууцны зөвлөл байна. Сүүлийн үед төрийн албаны босго давдаггүй. Эргээд ийм хүмүүсийг цуглуулдаг. Яамнуудын хийсэн ажлыг бичиг явуулж авдаг. Авсан ажлаа сурталчилгаа болгож хэлдэг. Ийм зөвлөл, хороо, комисс юуг ч хурдлуулдаггүй, бүтээмжгүй бүтээмжийн төвүүд байна. Энэ эргээд төрийн албыг муухай харагдуулж байгаа шүү. Бас яамнуудыг ч муухай харагдуулж байна.
НЭМЭЛТ: 16.20 цаг
-Засгийн газар төсөв дээрх попорлоо одоо татмаар байна-
Харин ажлын хэсгийн гишүүн Б.Энхбаяр:
Шуудхан хэлэхэд Засгийн газар төсөв дээр попролоо татчихмаар байна. Яагаад гэвэл энэ заалт хуульд байсан байгаагүй Засгийн газар төрийн өмчийн компаниудын хувьцаа эзэмшигчийн хувь олон улсын дотоодын аудит хяналт шалгалтыг хийдэг. Хийсээр ирсэн. Угаасаа хийх үүрэгтэй. Энэ заалт л орж байж аудит хийнэ гэсэн юм байхгүй. Хэрэв олон улсын аудит хийх гэж байгаа бол улсын төсөв дээр мөнгөн дүнгийн тавьдаг. Гэтэл олон улсын аудит хийлгэе гэж төсөвт нэг ч төгрөг оруулж ирээгүй шүү дээ. Энэ гарзгүй заалт. Тэгэхээр энэ попролоо болих хэрэгтэй. Надад бол энэ заалт ямар ч батгүй.
НЭМЭЛТ: 16.10 цаг
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал үг хэллээ.
Тэрбээр, “Өнгөрсөн хугацаанд 122 компаниас дөрөвхөн байгууллага олон улсын аудит оруулж байсан түүхтэй юм байна лээ. Бусад төрийн өмчийн компани хэзээ ч оруулж байгаагүй. Яагаад гэвэл алдагдалтай ажиллаж байгаа. Засгийн газар юмандаа эзэн болох ёстой. Тэгэхээр бид аудит оруулах эрхийг Засгийн газарт өгөөд, алдагдалтай ажиллаж байгаа компаниудын жагсаалтыг гаргаж байгаад олон улсын аудит оруулах ёстой. Тэгж байж компаниудыг нэгтгэх үү, татан буулгах гэдгийг баримжаагаар биш бодитойгоор шийдвэрлэнэ. Олон улсын аудитыг найрч болдоггүй болохоор энэ чухал заалтыг нь үлдээчхэж байна” гэсэн юм.
ЭХЛЭЛ: 15.30 цаг
Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар Төслийн 1 зүйлийн 12 дахь хэсгийн тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийлгэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах хуулийн этгээдийг Засгийн газар тогтооно гэснийг хасах санал хураалт явууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.