БНСУ-ын 13 дахь ерөнхийлөгч Юн Сок Ёлыг онц байдал зарлаж том зөрчил гаргасан хэмээн импичмент хийхээр боллоо
БНСУ-ын парламент бямба гарагт /2024.12.14/ хуралдаж Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг цэргийн онц байдал зарласных нь төлөө импичлэн, албан тушаалаас нь огцруулахыг дэмжсэн юм. Импичлэх гэдэг нь аливаа төрийн албан тушаалтныг ажилтайгаа холбоотой томоохон зөрчил гаргасан хэмээн буруутгаж, огцруулахыг хэлдэг.
Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблей буюу парламент бямба гарагт хуралдан санал хураахдаа Юн Сок Ёлыг импичлэхийг 204:85 харьцаатай дэмжсэн юм. Нийтдээ 300 санал хураасны 3 нь түдгэлзсэн бол 8 нь хүчингүй санал болжээ. Ийнхүү Юн Сок Ёл засгийн газрын үйл ажиллагааг саажуулж, төрийн эсрэг үйл явуулж байна хэмээн цэргийн онц байдал зарласныг парламент нь таслан зогсоосноос 11 хоногийн дараа мөн л парламент түүнийг огцруулах шийдвэр гаргалаа. Ингэснээр тэр БНСУ-ын түүхэнд импичлэгдсэн гурав дахь ерөнхийлөгч болж, албан тушаалаасаа татан буулгагдсан хоёр дахь ерөнхийлөгч болох магадлалтай байна. 2017 онд Ерөнхийлөгч асан Пак Гён Хи татан буулгагдаж байсан. 2004 онд Ерөнхийлөгч асан Ро Мү Хюн импичлэгдсэн ч албан тушаалдаа буцааж очсон байдаг.
Хоёр долоо хоногийн өмнө, энэ сарын долооны өдөр БНСУ-ын парламент анхны удаа Юн Сок Ёлыг импичлэх санал хураахаар чуулсан нь бүтэлгүйтэж байсан. Учир нь тухайн үед эрх баригч намын тэргүүн Хан Дун Хун Юн Сок Ёл бүрэн эрхт хугацаа нь дуусахаас өмнө ажлаа өгөх ёстой гэж хэлсэн ч импичлэхийг дэмжээгүй. Эрх баригч намынхан санал хураалт эхлэхэд парламентын ордныг орхин гарч, санал хураахад шаардлагатай ирц хүрээгүй учир бүтэлгүйтсэн юм. Тэгвэл долоо хоногийн дотор юу өөрчлөгдөв?
Импичмэнтийн талаар дараагийн дахь санал хураалт явуулах хүртэл Юн Сок Ёл цэргийн онц байдлын үеэр хууль сахиулах болон зэвсэгт хүчний албанд ямар тушаал өгсөн нь илэрсэн юм. Тодруулбал Зэвсэгт хүчний тусгай албаны дарга асан Квак Жон Кюн сонсголын үеэр мэдүүлэг өгөхдөө цэргийн онц байдлын үеэр Юн Сок Ёл парламентын ордноос хууль тогтоогчдыг чирч гаргах тушаал өгсөн гэсэн.
Дэслэгч генерал Квак Жон Кюн парламентын хуралдаанаар хэлэхдээ Юн Сок Ёл түүн рүү хамгаалалттай утасны шугамаар залгаж “Парламент санал хураахад шаардлагатай ирцдээ хүрээгүй байгаа юм шиг байна. Хаалгыг нь хурдан эвдээд дотор нь байгаа хүмүүсийг хүчээр гарга” гэж хэлсэн хэмээжээ. Ийм тушаал хүлээн авсныхаа дараа дэслэгч генерал бусад офицеруудтай хэлэлцсэнийхээ эцэст биелүүлэх нь буруу зүйл гэж дүгнэсэн байна.
Үүнээс гадна БНСУ-ын Үндэсний цагдаагийн агентлагийн ерөнхий комиссар Чо Жи Хо хэлэхдээ Юн Сок Ёл зургаан удаа залгаж хууль тогтоогчдыг баривчлахыг тушаасан хэмээжээ. Тэр түүний тушаал ямар ч утгагүй гэж бодсон тул гүйцэтгээгүй гэсэн юм.
Мөн Юн Сок Ёл цэргийн онц байдал зарласан шийдвэрээ өмгөөлж, эцсээ хүртэл тэмцэнэ гэж мэдэгдэл гаргасан. Тодруулбал тэрбээр пүрэв гарагт /2024.12.12/ сөрөг хүчнийхнийг шүүмжилж, ард түмэнтэйгээ хамт эцсээ хүртэл тэмцэнэ гэсэн юм. Юн Сок Ёлыг ингэж мэдэгдэл хийснээс хэдхэн хормын дараа эрх баригч намын дарга Хан Дун Хун импичмэнт эхлүүлэхийг дэмжиж буйгаа мэдэгдэн, ардчиллыг хамгаалах ганц арга үлдсэн нь энэ гэж хэлсэн байна.

Импичмэнт эхлүүлэхийг дэмжсэн учир одоо хэрхэх вэ
Санал хураасны дараа Юн Сок Ёлын бүрэн эрхийг хэсэг хугацаанд түдгэлзүүлж, БНСУ-ын Ерөнхий сайд Хан Док Су ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж эхэлсэн. Юн Сок Ёлын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх Үндэсний Ассамблейн шийдвэрийг батлах, хэрэгсэхгүй болгох эсэхээ шийднэ. Шүүх 180 хоногийн дотор шийдвэрээ гаргах ёстой. 2017 онд Үндсэн хуулийн шүүх 91 өдрийн дотор Пак Гён Хиг татан буулгах шийдвэрийг баталж байсан. Харин Ро Мү Хюныг 63 өдрийн турш авч хэлэлцсэний дараа албан тушаалд нь үлдээх шийдвэр гаргаж байжээ. Одоо тус шүүх Юн Сок Ёлыг татан буулгах шийдвэрийг баталбал 60 өдрийн дотор ерөнхийлөгчийн сонгууль явуулах юм.
Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүхийн хоёр шүүгчийн бүрэн эрхийн хугацаа ирэх жилийн дөрөвдүгээр сард дуусна. Ийм учир тодорхойгүй байдлыг багасгахын тулд түүнээс өмнө шийдвэр гаргаж магадгүй гэж хуулийн мэргэжилтнүүд таамаглаж буй.
БНСУ-ын үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчийг огцруулахын тулд есөн шүүгийн зургаа нь дэмжих ёстой юм. Одоогийн байдлаар Үндсэн хуулийн шүүхэд гурван шүүгчийн орон тоо сул байгаа. Ийм учир одоогийн зургаан шүүгч бүгд дэмжсэнээр Юн Сок Ёл огцорно. Тэрхүү гурван орон тоог парламент нөхөж болдог. Гэхдээ сөрөг хүчин болон эрх баригч нам шүүгчийн томилгооны тухайд тохиролцоогүй байгаа юм. Гол сөрөг хүчин болох Ардчилсан нам тэр гурван орон тоог нөхөхөөр ажиллаж буй. Одоо ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж буй Хан Док Су шүүгчийн томилгоонд ямар нэгэн хориг тавихгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа.
Ардчилсан намын хэвлэлийн төлөөлөгч Жо Сөүн Лэ өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн /2024.12.11/ орой мэдэгдэл хийхдээ парламент оны эцэс гэхэд шүүгчдийг нэрлэх төлөвтэй байна гэсэн юм.
Эх сурвалж: CNN, Reuters, Korea Times, Yonhap















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.