Хямралд орсон БНХАУ-ын үл хөдлөхийн салбар тогтворжиж буй шинж үзэгдлээ

БНХАУ-д орон сууцны үнийн бууралт арваннэгдүгээр сард хамгийн сүүлийн 17 сард байгаагүй хэмжээгээр буурчээ. Үүнээс харвал хямралд өртсөн үл хөдлөх хөрөнгийн зах зээл зарим томоохон хотуудад тогтворжих шинж тэмдэгтэй байна. Тус улсын засгийн газар энэ салбарыг сэргээхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байгаа юм.
Шинэ орон сууцны үнэ 11-р сард өмнөх сараас 0.1 хувиар буурсан гэж Үндэсний статистикийн товчооны мэдээлэлд үндэслэн “Reuters” агентлаг тооцоолжээ тооцооллоо. Энэ нь өнгөрсөн оны 6-р сараас хойших хамгийн бага уналт юм. 10-р сард орон сууцны үнэ 0.5 хувиар буурсан. Жилийн өмнөх үетэй харьцуулбал арваннэгдүгээр сард үл хөдлөхийн үнэ 5.7 хувиар буурсан байна. Харин аравдугаар сард өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 5.9 хувиар буурчээ.
“ING” банкны Хятадын бүсийн ахлах эдийн засагч Лин Сон судалгааны тэмдэглэлдээ "Үл хөдлөхийн үнэ хоёр сар дараалан сайжирч байгаа нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд сэргэж буйн дохио. Бид 2025 онд зах зээлийн доод түвшин тогтож, L- хэлбэрийн аажим сэргэлт эхэлнэ гэж хүлээж байна" гэсэн юм.
БНХАУ-ын бодлого боловсруулагчид 2021 онд их хэмжээний өртэй үл хөдлөхийн компаниудад хязгаарлалт тавих кампанит ажил эхлүүлсэн. Үүний улмаас үүссэн хямралыг даван туулахын тулд эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сэргээх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Есдүгээр сараас хойш зээлийн хүүг бууруулах, урьдчилгаа төлбөрийн доод хэмжээг багасгах, орон сууцны хэлцлийн зардлыг бууруулах татварын хөнгөлөлтүүд зэрэг арга хэмжээг авч эхэлсэн.
70 хотод үл хөдлөхийн үнийг судлахад, арвнэгдүгээр сард 17 хотод орон сууцны үнэ өмнөх сараас өссөн байна. Харин арваннэгдүгээр сард 7 хотод л орон сууцны үнэ нэмэгдсэн юм. “Centaline” үл хөдлөх хөрөнгийн агентлагийн шинжээч Жан Давэй "Тэргүүлэх зэрэглэлийн хотуудад үл хөдлөхийн үнэ эргэлтийн цэгт хүрсэн бол олон жижиг хотуудад үнэ буурсаар байна" гэжээ.
Эрх баригчид Бээжин, Шанхай зэрэг томоохон хотууд орон сууцны эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор татварын хөнгөлөлтүүдийг хэрэгжүүлсэн. Өнгөрсөн сард Шанхай, Шэньжэнь хотуудад орон сууцны үнэ тус бүр 0.6 хувь, 0.3 хувиар өссөн бол Бээжинд 0.5 хувиар буурсан байна.
Жан Давэй "Орон сууцны худалдан авалт нь орлогын тогтвортой байдал, хүн ам зүй, үл хөдлөх хөрөнгийн хуримтлагдсан нөөцөөс хамааралтай. Зах зээлийг тогтворжуулахад нэмэлт бодлого, цаг хугацаа хэрэгтэй" гэж онцолсон юм.
БНХАУ-ын эдийн засаг энэ жил хүндхэн нөхцөлтэй байсан. Есдүгээр сараас хойш эрх баригчид бодлогын хүүгийн түвшнийг бууруулан санхүүгийн болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хэрэглээг сэргээхийг амласан.
Энэ сарын 11-12-нд БНХАУ-ын Төв эдийн засгийн ажлын бага хурал явагдсан. Тус хурлаар орон сууцны зах зээлийг тогтворжуулахын тулд газрын нийлүүлэлтийг зохицуулах, борлогдоогүй шинэ орон сууцуудыг орон нутгийн засгийн газрууд худалдан авах хэмжээнүүдийг танилцуулна гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.