Трамп эргэн ирэх тул дэлхийн төв банкууд болгоомжтой алхам хийхээ мэдэгдэж байна
Дональд Трамп ерөнхийлөгчөөр ажиллаж эхлэх гэж буйтай холбоотойгоор улс орнуудын эдийн засгийн бодлогын төлөвлөгөөнд өөрчлөлт орж эхэллээ. АНУ-ын Холбооны нөөцийн сан (ХНС) бодлогын хүүг цаашид бага хэмжээгээр бууруулахаа зарласан. Бусад томоохон орнуудын төв банкууд бодлогынхоо талаар илүү болгоомжтой хандана гэх мессежийг өгч байна.
ХНС өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2024.12.18/ урьдчилан таамаглаж байсанчлан хүүгээ бууруулсан. Гэхдээ Трампын засаг захиргаанаас гарах өөрчлөлтүүдэд болгоомжтой хандах шаардлагатайг онцолсон юм. Лондон, Токио, Франкфурт зэрэг бусад төв банкууд ч мөн иймэрхүү мэдэгдэл хийжээ.
ХНС-гийн дарга Жером Пауэлл АНУ-д инфляцын түвшин өндөр байгаа хэмээсэн. Ийм үед Трампын төлөвлөж буй татвар бууруулах, гаалийн татвар тогтоох, цагаачлал хязгаарлах бодлого инлфяцад хэрхэн нөлөөлж болохыг банкны мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар судалж эхэлсэн байна. Пауэлл 2025 онд эдийн засгийн өсөлт, инфляцын урьдчилсан тооцоолол нэмэгдэх хандлагатай байгаа гэсэн юм.
Тэрбээр цаашид хүү бууруулах талаар болгоомжтой хандах талаар давтан сануулсан нь АНУ-ын хөрөнгийн биржүүд дээрх хувьцаануудын ханш унахад хүргэсэн. Мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар ХНС 2025 онд зөвхөн нэг удаа хүү буурах төлөвтэй байна.
Их Британийн Төв банк (BoE) пүрэв гарагт /2024.12.19/ бодлогын хүүгээ 4.75 хувьд хэвээр хадгалж, хүүг аажмаар бууруулах одоогийн бодлогоо үргэлжлүүлэх шаардлагатайг онцолсон. BoE-ийн захирал Эндрю Бейли "Эдийн засагт тодорхойгүй байдал өндөр байгаа энэ үед бид хэзээ, хэчнээн хэмжээгээр хүү бууруулах талаар тодорхой хэлэх боломжгүй байна" гэсэн юм.
Азийн бүсэд Японы Төв банк (BoJ) хэт бага хүүгийн бодлогоо хэвээр үлдээсэн байна. Трампын бодлого Японы экспортод тулгуурласан эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай гэж тус банкны ийн захирал Казүо Уэда мэдэгджээ. Тэрбээр "АНУ-ын шинэ засаг захиргааны бодлого тодорхойгүй байгаа тул бид эдийн засагт үзүүлэх нөлөөг илүү анхааралтай судлах шаардлагатай" гэж “BoJ”-ны хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
Норвегийн Төв банк мөн хүүгээ 4.5 хувь буюу сүүлийн 16 жилийн хамгийн өндөр хэмжээнд хэвээр хадгалж, АНУ болон БНХАУ-ын хоорондох худалдааны дайн үүсэх эрсдэлийг онцолжээ. "Тариф нэмэгдэх нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулж магадгүй ч Норвегийн үнийн хэтийн төлөвт үзүүлэх нөлөө тодорхойгүй байна" гэж тус банк мэдэгдсэн юм.
Шведийн Төв банк хүүгээ 0.25 хувиар бууруулж 2.50 хувь болгосон ч 2025 оны эхээр хүүгээ дахин бууруулах талаар илүү болгоомжтой хандах шаардлага гарч байгааг дурджээ. Төв Европт Чехийн Үндэсний банк инфляцын дарамт, ялангуяа үйлчилгээний салбарт өндөр байгаа тул жил гаруй хугацаанд бодлогын хүүгээ бууруулснаа түр зогсоох шийдвэр гаргасан байна.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.