Засгийн газар бодоод бодоод бодын шийр дөрөв: “Нүүрсийг нүүрсээр солино”

Утаа нүдний өмнө хүүшилж байхад л таг дуугүй суусан эрх баригчид заавал ард түмэн үгээ хэлэн шүүмжилж, Ерөнхийлөгчийг “попруулж” байж нэг юм хөдлөхчөө аядаж байна.
Тэгснээ, аль ноднин л хийнэ гэж ярьж байгаад больсон ажлаа дахиад барьж авч буйгаас нь харахад дэндүү хойрго шинжтэй.
Тухайлбал, сайжруулсан шахмал түлшний мидлингийн дэгдэмхий 3-4 пунктээр өссөн талаар албаны хүн мэдээлсэн. Тийм ч учраас их утаа гарч байна гэх. БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа болохоор энэ түлш хоцрогдчихлоо, дахиад сайжруулах хэрэгтэй байна гэхчлэн ярьсан. Ингээд явж явж олсон, хүрсэн шийдэл нь түлшээ дахиад чанаржуулах буюу мидлингийг солих.
Өнгөрсөн баасан гарагт С.Одонтуяа сайд мэдээлэл хийж, “Шахмал түлшийг цаашид хагас коксжуулсан нүүрсээр үйлдвэрлэхээр шийдвэрлэлээ. Ингэвэл агаарын бохирдол буурна. Цаашид хөх нүүрс гэж нэрлэнэ. Багануурын нүүрсний уурхайд түшиглэж, хагас коксжуулсан нүүрсний үйлдвэр барьж, байгуулна” хэмээсэн юм.
Өөрөөр хэлбэл, нүүрс түлсэн хэвээрээ л байх нь. Мидлинг нь хагас коксжуулсан нүүрс болж хувирахаар дэгдэмхий чанар, тоосонцор харьцангуй буурах тооцоотой.
Үндсэндээ, дахиж “Тавантолгой түлш” ХХК “Энержи ресурс”-ээс буюу MCS-ээс мидлинг авахгүй нь.
Харин “Багануур” ХК дээр түшиглэж үйлдвэр барина гэдэг дахиад зардал, дахиад мөнгө гэсэн үг.
Үр дүнд нь түлшний гол түүхий эд солигдож, утаа арай буурах ч шийдэл болж чадахгүй. Яндангийн тоо жил ирэх тусам л нэмэгдэж байгаа. Гурав дахь удаа түүхий эдээ сольж, түлш үйлдвэрлэхдээ тулах нь цаг хугацааны асуудал.
“Энержи ресурс”-ийн хувьд нийгмийн хариуцлагын гэх лоозонгоор “Тавантолгой түлш” ХХК-д мидлингээ үнэгүй нийлүүлж байсан. Харин энэ зун хэлцэл хийж, одоо төлбөр мөнгө авна гэдгээ илэрхийлж, шахаж эхлээд байсан юм.
Нөгөө талд ноднин 2023 оны аравдугаар сард Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хагас коксжуулсан нүүрс туршилтаар түлж үзье, түлшээ одоо нэг солих цаг болсон гэж дуурсан нь, энэ ажлаа явуулж байсан нь үнэн. Атал зогсчихсон, зогсоочихсон. Үүний цаана “Энержи ресурс” ба мидлинг бүхий шахмал түлшний үйлдвэрлэлийг үргэлжлүүлсээр байх эрх баригчдын сонирхол харагддаг.
Одоо арга буюу түлшээ солихдоо туллаа. Б.Чойжилсүрэн БНХАУ-аас хагас коксжуулсан нүүрс оруулж ирье гэдэг хувилбарыг дэвшүүлж байсан. Энэ Засгийн газрын хувьд “Багануур” ХК дээр түшиглэж үйлдвэр барьж бужигнах нь ээ. Дагаад “Багануур” ХК дээрх улс төрийн нөлөөлөл, сүлжээ ч анхаарал татаад эхэллээ.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бодоод бодоод бодын шийр тав болчих гээд байна яахав?
Засгийн Газар, Шүүх Засагла л 44 их наядын нүүрсний хулгайн асуудлаа шийдээд өгөөч !!!
Үүнийг шийдвэл МАН нь уначих гээд хэцүү бна уу ?!
Энэ хүмүүс чадахгүй байна Иймд солиод дараагийн чадах хүмүүс байх нь зөв юм шиг
Энэ 2 бүтэхгүй нээ
Багануурын нүүрсээр кокс үйлдвэрлэж болно гэсэн судалгаа байдаг юм болов уу, чанарын хувьд таван толгойгоос хамаагүй бага, утаа тортог ихтэй, илч багатай л нүүрс байдаг. Эрх баригчид үнэхээр судалгаатай яриад байна уу, гал унтраах маягаар арга заль хэрэглээд байна уу. Мэддэг хүмүүс нь сайхан тайлбарлаад өгмөөр байна