Хар тэнгисийн эрэг дээр тунасан газрын тосыг цэвэрлэхэд Путинээс тусламж гуйлаа
Энэ сарын эхээр Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан ОХУ-ын хоёр танкер хөлөг шуурганы улмаас живсэн. ОХУ-ын төрийн өмчит ТАСС агентлаг мэдээлснээр хоёр онгоц нийтдээ 9 мянган тонн орчим газрын тос тээвэрлэж явсан юм. Газрын тосны ихэнх нь Кэрчийн хойг, ОХУ-ын газар нутаг болон Крымын хооронд оршдог тэнгисийн бүсэд асгарсан байна. Украины “Greenpeace” байгууллага мэдээлснээр 3,700 тонн гаруй газрын тос асгарсан гэж тооцоолжээ. Асгарсан газрын тосны хэмжээ илүү их байж магадгүй гэдгийг тус байгууллага онцолсон юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус явдлыг байгаль орчны гамшиг хэмээсэн байна. Газрын тос угаагдан гарч буй ОХУ-ын эрэг дээр хийсэн бичлэгт хар өнгийн давлагаанууд чулуурхаг эрэг рүү гарч ирж байгаа нь бичигджээ. Эргийг цэвэрлэх ажилд оролцож буй сайн дурынхан Путинээс тусламж хүссэн байна. Тэд 56 км газрыг цэвэрлэхээр ажиллаж байгаа юм. Сайн дурынхан мягмар гарагт /2024.12.24/ ОХУ-ын ерөнхийлөгч, ерөнхий сайдад зориулж бичлэг илгээхдээ Краснодар нутгийн удирдлагуудад асгарсан нефтийг цэвэрлэх арга хэрэгсэл байхгүй хэмээжээ.
Нэгэн сайн дурын ажилтан “Орон нутгийн албан тушаалтнуудад үүнийг цэвэрлэх нөөц байхгүй. Ганц нөөц нь хүрз барьсан энгийн иргэд, ийм гамшгийг хүрзээр дийлэхгүй” гэж хэлж, холбооны нөөц болон мэргэжилтнүүдийг илгээхийг уриалсан байна. Тэр хүн нэмж “5 мянган сайн дурынхан болон аврагчид цэвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Гэхдээ ийм өргөн гамшгийн бүсэд хүрз барьсан 50 мянган хүн ч асуудлыг шийдэж,нөхцөл байдлыг аварч чадахгүй гэж бид үзэж байна” гэжээ. Үүнээс гадна сайн дурынхан бохирдол олон улсад нөлөөлөх тул гаднын мэргэжилтнүүдийг илгээхийг уриалсан юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.