Top StoriesДЭЛХИЙ

2024 оны тойм, дэлхий дахин: Дональд Трампын эрин үе

Дэлхийн улс төрийн түүхэнд томоохон сорилтууд дагуулсан 2024 он улирч, эдгээр үйл явдлуудаас үлдсэн үр дүн, шийдвэрүүд биеллээ олох, магадгүй цоо шинэ үйл явдлуудын эргэлт хийгдэж мэдэх 2025 он дэлхий дахиныг хүлээж байна.

Дэлхийн улс төрийн онцлох үй олон үйл явдлууд, хүмүүсийн дотроос бид улс төрийн эргэн ирэлтээ тун адал явдалтайгаар дахин эхлүүлж буй АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампыг нэрлэж байна. Хөгжингүй улс орнуудын улс төрийн шийдвэр, эдийн засгийн томоохон хөдөлгөөнүүдэд голлох нөлөөг үзүүлэхүйц хүнээр яах аргагүй Трамп нэрлэгдэж буй нь үнэн билээ.

2024 оны долоодугаар сарын 14. АНУ, Пенсильвани муж. Индэр дээр Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп үг хэлэх үеэр тэрбээр толгойгоо үл мэдэгхэн хөдөлгөтөл зүүн чихнээс нь цус гарч эхлэх үед л түүний бие хамгаалагчид болон цугласан олон сая нэг юу болоод байгааг ойлгож эхэлсэн юм. Энэ бол Трампыг буудаж хөнөөх гэсэн оролдлогоос ялимгүй хөдөлгөөнөөр тэр өөрийнхөө амь насыг хамгаалж чадсан алхам байв. Дэлхий даяар энэ үйл явдал түгэж, олон нийтийн анхаарлын төвд орсон бөгөөд Трамп үүнийгээ “Агуу хүчний нөлөө. Би ертөнцийг аврах хүн” хэмээн улс төрийн түүхэн дэх хамгийн оргил, давшилттай үе нь зөвхөн урд нь байна хэмээн хүчтэй тунхагласан. Трамп АНУ-ын улс төрийн түүхийн хуудсыг цоо шинээр нээж буй мэт америкчуудын анхаарлын төвд эргэн орж ирсэн юм. Түүнд тохиолдсон энэ явдал түүнтэй холбоотой улигт яриануудыг таягдаж, дахин ерөнхийлөгч болоход нь ч тодорхой хэмжээнд нөлөөлөв. Өөрөөр хэлбэл өрсөлдөгчөө тэр өөрт нь тохиолдсон эгзэгтэй үйл явдлаар бут цохисон гэхэд болно.

Трамп ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулснаас гадна Бүгд найрамдах намынхныгаа Конгрессын дээд танхим буюу Сенатын танхимд олонх болоход нэмэр оруулсан юм. Үүнээс гадна доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах намынхан илүү олон суудалтай болсон.

Тэр бол хоёр удаа импичлэгдсэн АНУ-ын түүхэн дэх цорын ганц ерөнхийлөгч. Мөн ажлыг нь хүлээн авсан өрсөлдөгчдөө ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй цорын ганц ерөнхийлөгч. Муж болон холбооны түвшинд эрүүгийн хэрэгт буруутгагдсан анхны ерөнхийлөгч асан. Дээрээс нь эрүүгийн гэмт хэрэгт буруутай нь тогтоогдсон цор ганц ерөнхийлөгч асан юм. Гэхдээ тэр сүүлийн 20 жилд анх удаа олонхийн саналаар ерөнхийлөгчийн сонгуульд ялсан хүн болсон. Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч агсан Гровер Кливлэндээс хойш дараалалгүй ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны хүн юм. Кливлэнд 1885-1889, 1893-1897 оны хооронд АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

Үхлээс эргэн ирэгчийн захидал

2021 оны нэгдүгээр сард ялагдлаа хүлээн зөвшөөрөлгүй Цагаан ордныг орхин, дэмжигчдэдээ Конгрессын ордонд бослого гаргахыг турхирсан гэж буруутгагдаад байсан Трампын улс төрийн карьер нь дууссан гэж олон хүн үзэж байсан. Түүний эсрэг эрүүгийн, иргэний хэд хэдэн хэрэг үүссэн байв. 2021 оныг чимээгүйхэн өнгөрөөснийхөө дараа Трамп 2022 онд алхмаа хийж эхэлсэн юм.

Трамп бүрэн эрхийнхээ хугацаанд АНУ-ын Дээд шүүхэд томилсон гурван шүүгч нь 2022 онд Roe v. Wade шийдвэрийг цуцлахад оролцсон. Roe v.Wade нь АНУ-ын Үндсэн хууль үр хөндөх эрхийг хамгаалдаг гэсэн 1973 онд Дээд шүүх гаргасан шийдвэр байсан юм. Ийм томоохон шийдвэрийг түдгэлзүүлсэн нь Бүгд найрамдах намынхныг шүүмжлэл хүртэхэд хүргэж, 2022 оны завсрын сонгуульд тус нам таамаглалаас тааруухан үр дүн үзүүлсэн. Ингэж муу үр дүн үзүүлсний буруутнаар Бүгд найрамдах намын зарим гишүүн Трампыг нэрлэсэн. Тус сонгууль явагдсанаас найман өдрийн дараа Трамп Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох өрсөлдөөнд оролцоно гэдгээ зарлажээ.

Тэр намаасаа нэр дэвшигчээр сонгогдохын тулд хэд хэдэн томоохон улс төрчтэй өрсөлдөж ялсан. Ийнхүү ялсан ч түүнийг шүүх дээр эрүүгийн хэргүүдийн хурлууд хүлээж байв. 2024 оны тавдугаар сарын 30-ны өдөр шүүх Трампыг бизнесийн баримт бичгийг хуурамчаар үйлдэн, 34 зүйл ангийг зөрчсөн гэм буруутай гэж үзсэн. Ингэснээр тэр эрүүгийн хэрэгт буруутай нь тогтоогдсон анхны АНУ-ын ерөнхийлөгч асан болсон юм. Тэгтэл АНУ-ын Дээд шүүх ерөнхийлөгч нар бүрэн эрхт хугацаандаа хийсэн зүйлсийнхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээхээс тодорхой хэмжээний халдашгүй эрхтэй гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь Трампын өмнө үүсээд байсан олон хэргийг сонгууль явагдах хүртэл хойшлуулахад тусалсан байна.

Зургийн эх сурвалж: Variety

Энэ онд эрүүгийн хэрэгт гэм буруутай нь тогтоогдсоноос гадна Трампт тохиолдсон цочирдом зүйл бол түүний амийг хөнөөх гэсэн хоёр тохиолдол байв. Долоодугаар сарын 14-ний өдөр Пеннсильвани мужид сонгуулийн кампанит ажил хийж явахдаа буудуулсан. Хэрэгтэн ойролцоох барилгын дээврээс хэд хэдэн удаа гал нээсэн юм. Трамп тохиолдлоор толгойгоо эргүүлэхэд хэрэгтэн анхны галыг нээж, сум түүний чихийг сэтэлсэн. Үүний дараа хэрэгтэн хэд хэдэн удаа гал нээсэн ч азаар түүнийг оноогүй юм. Уг явдлаас хоёр сарын дараа Трампыг хөнөөх гэсэн дахин нэг оролдлого гарсан.

Хоёр ч удаа амийг нь хөнөөх гэсэн оролдлогоос эсэн мэнд гарсан Трамп зун дуусахад эргэн ирэлтийн сууриа бүрэн тавьж дуусгасан байв. Сонгууль болоход сар нэг л сар үлдээд байхад иргэдийн дунд явуулсан санал асуулгаарТрамп Камала Харристай эн тэнцүү байсан юм. Зарим шинжээчид тэрхүү сонгуулийг яг л зоос шидэж байгаа мэт магадлалтай байна хэмээн зүйрлэсэн.

Арваннэгдүгээр сарын 2 болж, санал хураалт мужуудад хаагдаж тооллого явуулж эхэлсэн цагаас хойш Трамп Харрисыг илүүрхсэн юм. Тэрхүү илүүрхлээ санал тооллого явагдах хугацааны туршид алдалгүй Трамп ялалт байгуулсан. “CNN” агентлагийн ахлах сэтгүүлч Харри Энтэн “Эхнээсээ л бүх зүйл тодорхой байсан гэдгийг би хэлэх хэрэгтэй. Санал тооллогын явцад ямар ч хэлбэлзэл ажиглагдаагүй. Тооллого дууссан анхны мужуудаас эхлээд л Трамп илүүрхсэн. Энэ нь 2020 сонгуулиас тэс ондоо байлаа. Тэр үед тооллого явагдах хугацаанд нэр дэвшигчдийн илүүрхэл хэлбэлзэж дээр доор орсон” гэсэн юм.

Трамп албан ёсны хариу зарлагдахаас өмнө өөрийгөө ялалт байгуулснаа зарлаж, Флорида мужид үг хэлсэн. Тэрбээр Фалм Бич уулзалтын төвд дэмжигчдийнхээ урд зогсон “Бид эх орноо анагаан, хил хамгаалалтаа засна. Өнөө орой бид түүхийг бүтээлээ. Улс төрийн хамгийн гайхалтай ялалтыг гаргасан. Би Америкийн ард түмэнд талархаж буйгаа илэрхийлмээр байна. Би та бүхэн болон гэр бүлийн тань төлөө амьсгал авах болгондоо тэмцэнэ” гэжээ. Мөн тэр “Би амь гарсан нь учир шалтгаантай” хэмээсэн.

Дэлхий дахинаа геополитик болон худалдааны хурцадмал байдал үүссэн энэ үед Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон нь гадаад болон дотооддоо их өөрчлөлт авчрах нөлөөтэй. Тухайлбал Трамп дотооддоо хууль бус цагаачдыг олноор нь хөөн гаргаж, эдийн засгийн өсөлтөө дэмжих татварын хөнгөлөлтүүдийг хэрэгжүүлэх төлөвтэй байгаа. Харин гадаад нөлөөний хувьд тэр БНХАУ, Мексик, Канадад гаалийн татвар тавина хэмээсэн. Ийм төрлийн татвараас үүсэх худалдааны дайнд хэн ч ялахгүй гэж БНХАУ мэдэгдэн, хариу арга хэмжээ авна гэсэн юм. Мөн Трамп Украины дайны асуудлыг түргэн шуурхай шийднэ гэж хэд хэдэн удаа хэлсэн. Үүнээс гадна тэр өмнө нь ДЭМБ, НАТО, Парисын тохиролцоо гэх мэт олон улсын холбоо байгууллагууд, тохиролцоонуудыг шүүмжилж байсан билээ. Тэр анхны удаа ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа АНУ-ыг Парисын тохиролцооноос гаргасан. Одоо тэр ажлаа хүлээн аваад удалгүй ДЭМБ-аас АНУ-ыг татах магадлалтай байна. Трампын бүрэн эрхт хугацаанд дэлхийн геополитик, эдийн засагт томоохон өөрчлөлтүүд ажиглагдах магадлалтай байгаа юм.

Сонгуулиар амьсгалсан улс орнууд

Энэ онд урьд өмнө нь байгаагүй олон улсад парламент эсвэл ерөнхийлөгчийн сонгууль явагдсан. Дэлхийн хэвлэлүүд энэ жилийн эхээр 2024 оныг сонгуулийн жил гэж нэрлээд байсан билээ. Учир нь 64 орон, дэлхийн хүн амын 49 хувь нь энэ оны сүүл гэхэд ямар нэгэн сонгууль өгнө. Бизнес, улс төр, нийгмийн асуудал дээр зөвлөгөө өгдөг “Brunswick Group” фирмийн мэдээлснээр энд онд сонгуультай орнууд дэлхийн эдийн засгийн 50 гаруй хувийг бүрдүүлдэг аж.

Арванхоёрдугаар сарын сүүлээс харахад энэ оны сонгуулиудад эрх баригч нам ялагдал хүлээж, сөрөг хүчин босож ирсэн тренд ажиглагдаж байна. Эрх баригч нам нь улс төрийн зүүн эсвэл барууны үзэлтэй, хэдий хугацаанд төрийн эрхийг барьснаас үл хамаарч ямар нэгэн байдлаар муу үр дүн үзүүлсэн.

Жишээлбэл гуравдугаар сарын сүүлээр сард Турк улсад орон нутгийн сонгууль болсон юм. Тус сонгуульд Ерөнхийлөгч Режеп Тайид Эрдоганы нам Шударга ёс, хөгжлийн нам (AKP) Өзгүр Өзелийн Бүгд найрамдах ардын намд (CHP) өвдөг шороодсон. Тодруулбал AKP нь 35.49 хувийн санал авсан бол CHP 37.77 хувийн санал авсан юм.

Дөрөвдүгээр сарын дундуур БНСУ-д парламентын сонгууль явагдсан. Үндэсний Ассамблейн гишүүдийг сонгох тэрхүү санал хураалтад гол сөрөг хүчин болох И Жэ Мюний Ардчилсан нам ялалт байгуулсан юм. Тодруулбал Ардчилсан нам 175 суудал авч төрийн эрхийг барьж буй Хан Дунхуны Ардын хүч нам 108 суудал авсан билээ. Тус улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёл бол Ардын хүч намын гишүүн.

Зургаадугаар сард Европын холбооны сонгууль явагдсан. Тус холбооны гишүүд Европын парламентын 720 гишүүнээ тэрхүү сонгуулиар сонгосон юм. Европын холбооны гишүүн улс бүрд оногдох парламентын суудлын хэмжээ хүн амын тоотой пропорциональ холбоотой байдаг. Тухайлбал Германд 96, Францад 81, Италид 76 суудал оногддог. Швед, Португал, Чехэд 21 харин Мальта, Люксембург, Кипрт зургаан суудал хуваарилагдана. Сонгуулийн үр дүн гарахад Европын холбоог тэргүүлдэг Франц, Герман улсын эрх баригч намууд маш муу үр дүн үзүүлсэн юм. Тодруулбал Европын парламентаас Францад олгох нийт суудлын 15 гаруй хувийг л Эммануэль Макроны Сэргэн мандалтын нам авсан. Харин сөрөг хүчний Марин Ле Пений Үндэсний чуулган нам 32 орчим хувийг авсан юм. Мөн Германы төрийг барьж буй нам ч томоохон цохилт амссан юм. Бельгийн Ерөнхий сайд Александр Де Кроогийн Фламандын либералууд болон Ардчилсан нам нь ялагдсаны дараа бүүр ажлаа хүлээлгэсэн өгсөн байдаг.

Долоодугаар сард Их Британийн парламентын сонгууль явагдсан. Тус сонгуульд сөрөг хүчний Хөдөлмөрийн яам 412 суудал авч, эрх баригч Консерватив нам 121 суудал авсан юм. Хөдөлмөрийн яам өмнөх сонгуультай харьцуулахад 211 суудал нэмж авсан бол Консерватив нам 251 суудал алдсан. Тэрхүү сонгууль нь 2005 оноос хойш Хөдөлмөрийн яам анхны удаа ялалт байгуулсан тохиолдол болсон билээ. Үүнээс гадна төрийн эрхийг 14 жилийн турш барьсан Консерватив намын ноёрхол тэрхүү сонгуулиар дууссан юм.“Financial Times” агентлаг мэдээлснээр “ParlGov” дэлхийн судалгааны төсөл арван томоохон орны сонгуулийг ажиглан дүгнэлт хийжээ. Тэдний ажигласан улс болгонд эр баригч нар томоохон цохилт авч, муу үр дүн үзүүлсэн байна. “Financial Times”-д мэдээлснээр сүүлийн 120 гаруй жил сонгуулиудын хариуг бүртгэж ирэхэд ийм тохиолдол гарч байгаагүй аж.

Улс орнуудад эрх мэдэлтэй нам нь суудлаа алдсан жил болов

Зарим улсад эрх баригч намууд эрх мэдлээ хадгалж үлдсэн ч гэсэн парламент дахь суудал нь буурсан байна. Тухайлбал нэгдүгээр сард Тайваньд ерөнхийлөгч болон парламентын сонгууль болсон. Хэдийгээр эрх баригч Ардчилсан Прогрессив нам ерөнхийлөгчийн суудлаа авч үлдэж чадсан ч парламент дахь олонх байр сууриа хадгалж чадаагүй юм.

Зургаадугаар сард дэлхийн хамгийн их хүн амтай улс болох Энэтхэгт парламентын доод танхимын сонгууль болсон. Доод танхим буюу Лоб Сабхагийн сонгуульд нийтдээ 640 сая орчим хүн саналаа өгсөн. Шинжээчдийн таамаглаж байснаар тус сонгуульд Ерөнхий сайд Нарендра Модигийн Бхаратия Жаната (BJP) нам хамгийн их санал авсан юм. BJP нам 240 санал авсан нь өмнөх сонгуулиас 63 суудлаар бага үзүүлэлт байсан билээ. Үүний улмаас тус нам парламентын олонхоо алдаж, Моди эвслийн гишүүн намуудынхаа тусламжтай дахин засгийн газар үүсгэн ерөнхий сайд болсон юм.

Төрийн эрхийг барих мэдлээ авч үлдэж чадсан ч суудлаа алдсан томоохон жишээ бол Япон. Аравдугаар сарын сүүлээр Японд парламентын сонгууль явагдсан. Тус сонгуульд Ерөнхий сайд Ишиба Шигэрүгийн Либерал ардчилсан нам, Комэйто намын эрх баригч эвсэл нийтдээ нийтдээ 215 санал авсан байна. Парламентад 233 суудалтай нам олонх болдог. Ийнхүү тус сонгуулиар Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Японыг удирдаж ирсэн Либерал ардчилсан нам томоохон ялагдал хүлээсэн юм. Тус нам парламент дахь хамгийн олон суудалтай хэвээр ч гэхдээ олонх болоогүй тул Ишиба цөөнхийн засгийн газар удирдаж байгаа.

БНСУ-ын цэргийн онц байдал ба Юн Сок Ёлын уналт

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл энэ сарын гурванд /2024.12.03/ сөрөг хүчнийхнийг засгийн газрыг ажлыг саажуулж, төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна хэмээн цэргийн онц байдал зарласан. БНСУ-ын парламент Юн Сок Ёлыг онц байдал зарласнаас зургаан цагийн дараа, арванхоёрдугаар сарын дөрөвний /2024.12.04/ 04:30 цагийн үед парламентын 300 гишүүдийн 190 нь яаралтай чуулган хуралдуулж санал хурааснаар онц байдлыг цуцлахыг дэмжсэн билээ. Үүний дараа Юн Сок Ёл цэргийн онц байдлыг цуцлаж буйгаа албан ёсоор мэдэгдсэн юм.

Түүнийг онц байдал зарласны дараа воны ханш ам.долларын эсрэг унаж, Өмнөд Солонгосын хувьцааны индексүүд уналтад орсон. Мөн санхүүгийн хямралын үед хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгө оруулалт болгон авдаг алтны эрэлт ч нэмэгдсэн.

1987 онд оюутнууд болон хөдөлмөрийн эвлэлүүд улс даяар засгийн газрын бодлого шийдвэрийг эсэргүүцэн тэмцэх үеэр онц байдал зарлаж байснаас 37 жилийн дараа ийн дахин зарласан. Тэрхүү онц байдал нь солонгосчуудын хувьд хар бараан түүх, дурсамж учир Юн Сок Ёлын гаргасан үйлдлийг олон хүн эх орноосоо урвасан явдал гэж үзсэн юм. Ийм учир сөрөг хүчнийхэн түүнийг импичлэн, албан тушаалаас нь огцруулах ажлыг эхлүүлсэн.

Сөрөг хүчнийхэн энэ сарын долооны өдөр /2024.12.07/ Юн Сок Ёлыг импичлэх ажлыг эхлүүлэх эсэх дээр санал хураасан. Гэвч эрх баригч намынхан бойкотолсон тул санал хураахад шаардлагатай ирц хүрээгүй тул бүтэлгүйтсэн юм. Тэгвэл Үндэсний Ассамблей долоо хоногийн дараа /2024.12.14/ дахин хуралдахад Юн Сок Ёлыг импичлэхийг 204:85 харьцаатай дэмжсэн юм. Нийтдээ 300 санал хураасны 3 нь түдгэлзсэн бол 8 нь хүчингүй санал болжээ.

Ийнхүү Юн Сок Ёл засгийн газрын үйл ажиллагааг саажуулж, төрийн эсрэг үйл явуулж байна хэмээн цэргийн онц байдал зарласныг парламент нь таслан зогсоосноос 11 хоногийн дараа мөн л парламент түүнийг огцруулах шийдвэр гаргалаа. Ингэснээр тэр БНСУ-ын түүхэнд импичлэгдсэн гурав дахь ерөнхийлөгч болж, албан тушаалаасаа татан буулгагдсан хоёр дахь ерөнхийлөгч болох магадлалтай байна. 2017 онд Ерөнхийлөгч асан Пак Гён Хи татан буулгагдаж байсан. 2004 онд Ерөнхийлөгч асан Ро Мү Хюн импичлэгдсэн ч албан тушаалдаа буцааж очсон байдаг.

Санал хураасны дараа Юн Сок Ёлын бүрэн эрхийг хэсэг хугацаанд түдгэлзүүлж, БНСУ-ын Ерөнхий сайд Хан Док Су ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж эхэлсэн. Юн Сок Ёлын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх Үндэсний Ассамблейн шийдвэрийг батлах, хэрэгсэхгүй болгох эсэхээ шийднэ. Шүүх 180 хоногийн дотор шийдвэрээ гаргах ёстой. 2017 онд Үндсэн хуулийн шүүх 91 өдрийн дотор Пак Гён Хиг татан буулгах шийдвэрийг баталж байсан.

Харин Ро Мү Хюныг 63 өдрийн турш авч хэлэлцсэний дараа албан тушаалд нь үлдээх шийдвэр гаргаж байжээ. Одоо тус шүүх Юн Сок Ёлыг татан буулгах шийдвэрийг баталбал 60 өдрийн дотор ерөнхийлөгчийн сонгууль явуулах юм.Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүхийн хоёр шүүгчийн бүрэн эрхийн хугацаа ирэх жилийн дөрөвдүгээр сард дуусна. Ийм учир тодорхойгүй байдлыг багасгахын тулд түүнээс өмнө шийдвэр гаргаж магадгүй гэж хуулийн мэргэжилтнүүд таамаглаж буй.

БНСУ-ын үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчийг огцруулахын тулд есөн шүүгийн зургаа нь дэмжих ёстой юм. Одоогийн байдлаар Үндсэн хуулийн шүүхэд гурван шүүгчийн орон тоо сул байгаа. Ийм учир одоогийн зургаан шүүгч бүгд дэмжсэнээр Юн Сок Ёл огцорно. Тэрхүү гурван орон тоог парламент нөхөж болдог. Гэхдээ сөрөг хүчин болон эрх баригч нам шүүгчийн томилгооны тухайд тохиролцоогүй байгаа юм. Гол сөрөг хүчин болох Ардчилсан нам тэр гурван орон тоог нөхөхөөр ажиллаж буй.

Дэлхийн соёлын төв Парисийн олимп

A visualisation of the 2024 Paris Olympic Games opening ceremony is pictured in this undated handout obtained December 13, 2021. Paris 2024/Florian Hulleu/Handout via REUTERS

Энэ онд зуны олимп Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан. Ийнхүү зуны олимп 12 жилийн дараа Европт эргэн ирсэн юм. Тус наадам долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд зохион байгуулагдсан. Нийтдээ 204 улсын 10,500 орчим тамирчин 32 спортын 329 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа үзсэн юм.

Дэлхий даяар үзэгчид зуны олимпын наадмын нээлтийн үйл ажиллагааг хүсэн хүлээж үздэг. Гэвч Парисын олимпын нээлтийн этгээд, хачирхалтай сэдэв нь олон сая хүний дургүйцлийг хүргэн, олон гадаадын хэвлэлүүд гутамшигтай хэмээн шүүмжилсэн юм. Хүмүүсийн дургүйцлийг ихэд хүргэсэн зүйл нь нээлтийн үеэр Леонардо Ва Винчигийн “Эцсийн Зоог” зургийг шоглосон мэт хэсэг байсан. Тэр хэсэгт хүмүүс ихэд дургүйцэж, интернэт дээр олон хүн шүүмжилсэн юм. Үүний улмаас нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан хүмүүс нь уучлал хүртэл гуйсан.

Хэдийгээр олимпын нээлт үзэгчдийн хүлээлтэд хүрээгүй ч гэсэн тамирчид энэ жил үнэхээр гялалзаж чадсан юм. Наадам дуусахад АНУ 40 алт, 44 мөнгө, 42 хүрэл буюу 126 медальтайгаар медалийн хүснэгтийг тэргүүлсэн. Ингэснээр тус улс дөрөв дэх зуны олимпыг дараалан медалийн хүснэгтийг тэргүүлсэн юм. Мөн энэ нь АНУ-ын хувьд 19 дэх удаагаа медалийн тоогоор нэгт жагссан тохиолдол болсон. БНХАУ нь мөн 40 алтан медаль авсан ч (27 мөнгө, 24 хүрэл буюу 91 медаль) мөнгөн медалийн тоогоор дутсан тул хоёрдугаар байранд орсон. Энэ нь олимпын түүхэнд эхний хоёр улс алтан медалийн тоогоор тэнцсэн анхны тохиолдол юм. Хүснэгтийн гуравт Япон улс 20 алт, 12 мөнгө, 13 хүрэл буюу 45 медальтай гуравт жагссан байна.

Одоо тэгвэл олны анхаарлын төвд орж, вайрал болсон тамирчдыг эргэн харцгаая.

ОНЦЛОХ ТАМИРЧИД: Юсуф Дикеч, Ким Е Жин

51 настай Туркийн буудлагын тамирчин Юсуф Дикеч энэ зуны олимпын хамгийн том одуудын нэг болсон. Тэрбээр ямарч нэмэлт хэрэгсэл, багажгүйгээр буудаж, эрэгтэйчүүдийн 10 метрийн агаарын бууны төрөлд мөнгөн медаль авсан юм. Тайван болоод энгийн үйл хөдлөлөөрөө тэр олимп үзэгчдын анхаарлыг татаж, түүний зүүн гараа халаасандаа хийсэн поз нь маш алдартай болж, бусад тамирчид хүртэл дуурайх болсон. Хүмүүс түүнийг кино дээр гардаг тусгай ажилтан, тагнуул шиг харагдаж байна гэсэн юм.

Буудлагын спортоос өөр нэгэн тамирчин олны анхаарлыг татсан нь 32 настай БНСУ-ын Ким Еэ Жи байв. Тэрбээр эмэгтэйчүүдийн 10 метрийн агаарын бууны төрөлд мөнгөн медаль хүртсэн. Үзэгчид түүний поз, ширүүн харцыг яг л анимэ, кино дээр гардаг зивүүн дүрүүдтэй адилтгасан. Сонирхолтой нь тэрбээр өнгөрсөн есдүгээр сард “Crush” нэртэй кинонд хөлсний алуурчны дүрийг бүтээхээр болсон билээ.

Жоу Яацин

Уран гимнастикийн спортын төрөлд өрсөлдсөн БНХАУ-ын тамирчин Жоу Яацин мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр зураг авхуулах цаг болоход медалийн тавцан дээр хамт гарсан хоёр Италийн тамирчин нь медалиа хазаж байхыг хараад дуурайсан юм. Тэрхүү мөчийн бичлэг олон сая үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн. Түүхэндээ тамирчид медалиа хазаж үнэхээр алт эсэхийг нь шалгадаг байсан юм. Одоо тэр нь ийнхүү уламжлал болсон байдаг.

БНСУ-ын утга зохиолын түүхийн шинэ хуудсыг бичилцэгч Хан Ган-ы Нобел

Энэ жилийн Нобелын утга зохиолын шагналыг Өмнөд Солонгосын зохиолч Хан Ган хүртсэн. Үндсэндээ, эмэгтэй зохиолчийн хувьд Нобелын хуудсыг дахин шинээр баяжуулсан тун сонирхолтой үйл явдал болсон юм. Нобелын хороо дэлхийн улс орнуудын зохиолчид дотроос шүр сувд мэт нуугдсан сод нэгнийг олж, тунхаглан энэхүү шагналыг хүртээдгээрээ онцлог.

Нобелын комисс түүнийг “түүхэн гэмт хэргүүдийг хөндөж, хүний амьдралын эмзэг байдлыг илчилдэг хүчтэй яруу найргийн хэв маягтай үргэлжилсэн үгийн зохиолтой” хэмээн шагналыг гардуулсан юм. 53 настай Хан Ган Өмнөд Солонгосын сэтгүүлд бичсэн шүлгээ нийтлүүлснээр уран зохиолын гараагаа эхлүүлсэн түүхтэй.

Тэрбээр 1995 онд богино өгүүллэгийн цуглуулгаараа үргэлжилсэн үгийн зохиолчийн дебютээ хийсэн юм.Ингэснээр Хан Ган утга зохиолын шагнал авсан анхны Ази гаралтай эмэгтэй, Нобелын шагнал хүртсэн хоёр дахь Өмнөд Солонгос иргэн боллоо. Үүнээс гадна тэр 1901 оноос эхлэн утга зохиолын шагналыг хүртсэн 117 хүний 18 дахь эмэгтэй зохиолч болж буй. Тэрбээр дебютаа хийснийхээ дараа дараа нь үргэлжилсэн үгийн зохиолуудаа илүү урт бичиж эхэлжээ. Тэдгээрээс хамгийн алдартай нь “The Vegetarian” юм. Энэ нь түүний англи хэлнээ орчуулагдсан анхны бүтээлүүдийн нэг байжээ.

“The Vegetarian” нь хүний хэрцгийлэлтэй холбоотой хар дарсан зүүднийхээ дараа "ургамал шиг" амьдрахыг оролдож буй залуу эмэгтэйн тухай роман юм. Тус роман нь 2016 онд Ман Букерийн олон улсын шагналыг хүртсэн.

Хан Ганы ихэнх бүтээлүүд нь уншигчдад нэг асуулт тавьдаг. Түүний 2019 онд нийтлэгдсэн “Европа” романы гол дүр нь мөн хар дарсан зүүдэндээ шаналж буйгаар өрнөдөг. Уг зохиолд “Хэрэв та хүссэнээрээ амьдарч чадах байсан бол юу хийх байсан бэ?” гэх асуултыг уншигчдаасаа асуудаг. Хэдийгээр Хан Ганы гол дүрүүд ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг ч, дүрүүдээ бичихдээ эрэгтэй хүний өнцгөөс өгүүлэх нь түгээмэл байдгаараа онцлог.

Түүний “The Vegetarian” роман нь “Миний эхнэр цагаан хоолтон болохоос өмнө би түүнийг бүх талаараа тийм ч онцгой биш гэж боддог байлаа. Сэтгэл татагдах онцгой шалтгаан, ямар нэгэн ноцтой сул тал ч гарч ирээгүй тул бид хоёрт гэрлэхгүй байх шалтгаан байгаагүй” хэмээн эхэлдэг.

Анх Солонгос хэл дээр бичигдэж, хэвлэгдсэн "The Vegetarian" романыг англи хэлнээ Дебора Смит орчуулжээ. Смит 21 нас хүртлээ ганц хэлээр ярьдаг байсан ч Англи-Солонгос орчуулагчийн хомсдолоос болж солонгос хэл сурахаар шийдсэн байна. Шведийн академи Хан Ганы бүтээлийг "бие болон сүнсний холбоо, амьд ба үхсэн хүмүүсийн холбоог мэдрэх онцгой чадвартай" гэж үнэлжээ. Академийн зүгээс Хан Ганыг "яруу найргийн болон онцгой хэв маягаараа" орчин үеийн үргэлжилсэн үгийн зохиолд шинэчлэгч болж чадсан хэмээн онцолсон байна.

Америкийн хөгжмийн ертөнцийн магнатын үнэн дүр

Америкийн энтертайнмент ертөнцөд продюссер, реппер гэдгээрээ танигдсан Шон Дидди Комбсийн хэрэг дэлхий дахины анхаарлыг татсан. 1990-ээд оны эхээр хөгжмийн салбарт орж ирсэн цагаасаа бусдад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, бэлгийн дарамт үзүүлсэн, бусдыг хүчээр биеийг нь үнэлүүлсэн, бусдад хүчээр мансууруулах төрлийн эм бодис хэрэглүүлсэн, хүчээр бусадтай бэлгийн харилцаанд оруулсан гэх зэрэг олон асуудалд нэр холбогдоод байгаа билээ.

Түүнийг энэ олон жилд эдгээр айшигтай гэмт хэргүүдийг үйлдэхэд нь түүний хамтран ажиллагсад, эргэн тойрны хүрээллийнхэн, бизнес, хөгжмийн салбарынхан гээд маш том хүрээг хамарсан олон хүний гар оролцсон хэмээн хууль хүчнийхэн үзэж байгаа. Нью-Йоркийн Өмнөд дүүргийн прокурорын газраас түүнийг гэмт хэргийн хуйвалдаан, бэлгийн мөлжлөг, биеийг нь үнэлүүлэх зорилгоор тээвэрлэсэн гэдэг гурван хэрэг дээр буруутгаад буй. Хэрвээ энэ ялын зүйчлэлүүд нотлох баримтаар батлагдвал тэрбээр бүх насаараа хорих ял авна. Одоогийн байдлаар 54 настай Пафф Дидди өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдүүлээд байгаа. Диддигийн өмгөөлөгч түүнийг 50 сая ам.долларын барьцаагаар батлан даалтад гаргах хүсэлт гаргасан ч шүүгч Робин Тарнофски “түүнийг батлан даалтад гаргаснаар шүүхийн өмнө ирнэ гэсэн ямар ч батлагаа байхгүй” хэмээн хүсэлтийг нь түдгэлзүүлсэн байна.

Энэ оны 3-р сард түүний гэрт хууль хүчний байгууллагынхан гэнэтийн шалгалт хийж, шалгалтын үеэрээ хэрэгт холбогдолтой байж болох бүх дата файлуудыг цуглуулсан гэжээ. Ингэхдээ ганцхан түүнтэй хамааралтай бус түүний “Bad Boy” энтертайнментийн хамгаалалтын ажилтан, гэрийнх нь ажилтнууд, хувийн туслахууд, өөр нөлөө бүхий өндөр албан тушаалтнуудтай холбоотой олон материалыг эд мөрийн баримтаар цуглуулсан байна. Нэг ёсондоо ирээдүйд болох шүүх хуралд ганцхан Пафф Дидди биш түүний “Freak offs” үдэшлэгт ирсэн, оролцсон болон гэмт хэргүүдэд нь нэр холбогдсон Америкийн хөгжмийн, улс төрийн, кино зах зээл, хууль хүчний гээд олон салбарыг хамарсан хүмүүсийн нэрс ил зарлагдах аж.

Диддигийн хохирогч гэх хүмүүсийг төлөөлж буй өмгөөлөгч Тони Базби үүний эсрэг 300 гаруй иргэний хэрэг үүссэн гэж тооцоолж буйгаа хэлсэн юм. Хохирогчдын 55 хувь нь тухайн үедээ хууль хүчнийхэн болон эрүүл мэндийн байгууллагад хандсан гэх бөгөөд эрх мэдэлтнүүдийн нөлөөгөөр дарагдсан уг материалуудыг хуулийн багийнхан нэг бүрчлэн цуглуулахаар ажиллаж байгаа гэв. Дидди өнгөрсөн оны 11-р сараас хойш нийтдээ 12 удаа иргэний шүүхэд дуудагдсаны 11 нь бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэгт түүнийг буруутгасан шүүх хурал байжээ. Саяхан нэгэн эмэгтэй Диддитэй хамт Jay Z өөрийг нь хүчирхийлсэн гэж шүүхэд гомдол гаргасан. Jay Z нь Диддитэй хамт шүүхийн заргад дурдагдсан анхны олны танил хүн болсон юм. Түүнийг шүүх хурал ирэх тавдугаар сард товлогдоод буй.

Дөрөв сэлгэгдсэн Францын Засгийн газар

Европын улс орнуудаас улс төрийн нөхцөл байдал нь хамгийн донсолгоотой улсаар Франц тодров. Зуны олимпоор дэлхий нийтийн анхаарлыг өөр дээрээ татсанаас гадна он дуусаагүй байхад 4 ерөнхий сайд сэлгэсэн нь хөлбөмбөгийн ДАШТ-аар талбайд тамирчин сэлгээнд гаргахаас ч олон тохиолдол болов. Энэ оны долоодугаар сард парламентийн сонгууль болж, уг сонгуулиар Францын парламентад аль ч нам дангаараа Засгийн газраа бүрдүүлэх хэмжээний суудал авч чадаагүй юм. Үүнээс үүдэж тус улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон хамгийн их санал авсан зүүний үзэлтэй намын эвслээс ерөнхий сайд нэрлэхээс татгалзсан юм.

Үндсэндээ уг явдлаас үүдэж Франц улс төрийн хямралд өртөж эхэлсэн гэхэд болно. Сонгуулийн хугацаа дуссаны дараа ч ерөнхий сайдгүй хэсэг хугацааг  өнгөрүүлэх шаардлага үүссэн. Улс төрийн намуудын дундах зөрчилдөөн болон төрийн тэргүүний байр сууриас үүдэж тус улсын шинэ ерөнхий сайд сонгогдох хугацаа удааширч байлаа. Маргаантай асуудлуудын дараа есдүгээр сарын 5-ны өдөр тус улсын шинэ ерөнхий саадаар Мишель Барниег сонгов.

Улс төр дэхь түүхийг нь харвал хэд хэдэн удаа сайдын албан тушаалд очиж үзсэн түүнд энэ суудал шинэдээгүй. Түүнийг албан тушаалаа авсны эхний сорилт нь эсрэг тэсрэг үзэлтэй парламентаар улсынхаа төсвийг батлуулах байсан. Гэвч шинэхэн карьер нь удаан үргэлжлээгүй юм. Угаас маргаантай байсан Францын парламент шинэ ерөнхий сайдаа шүүмжилж, түүний бодлого шийдвэрийг үгүйсгэсээр эцэст нь санал хурааж, Мишель Барниегийн засгийн газрыг унагаахаар санал хурааж олонхийн саналаар унагаасан юм. Ингэснээр тус улс 1962 оноос хойш парламент нь засгийн газраа огцруулахыг дэмжсэн анхны тохиолдол болов. Энэ үйл явдал ердөө энэ сарын эхээр буюу 12 дугаар 04-ний өдөр болсон юм.

Ингээд дахин Засгийн газрын тэргүүнээ сонгох сорилт тулгарч, дараагийн ерөнхий сайдаар Франсуа Байруг томилсон. Түүнийг социалист намынхан “хуучны хэв маяг” хэмээн шүүмжлэв. Ерөнхийлөгчийнх нь энэ сонголт үндсэндээ улс төр дэх түүний байр суурийг хүртэл ганхуулахад хүргэсэн бөгөөд хамгийн муу шийдвэрүүдийнх нь нэг болсон хэмээн тал талын зэмлэл хүртэж эхлэв.

Гэсэн ч Франц өнөөдөр Засгийн газар нь ийм тогтворгүй байгаа нь олон улсад сөрөг дүр зураг бий болгож, улмаар санхүүгийн үнэлгээний “Moody's” агентлаг ч мөн адил дүгнэлт гаргаж, Барниегийн засгийн газар унаснаар Франц улс санхүүгийн байдалдаа томоохон ахиц гаргах боломж багассан гэж үзэж, ийн тус улсын зээлжих зэрэглэлийг нэг шатлалаар бууруулсан юм. 4 дэхь засгийн газраа бүрдүүлсэн Францын улс төр одоогийн бүрдүүлсэн  засгийн газраа хэр удаан тогтоон барих вэ гэдэг хүндхэн сорилттой тулж байна.

Улсаа орхиж дүрвэсэн Сирийн төрийн тэргүүн

Дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдал яахын аргагүй Сирийн төрийн тэргүүн Башар аль-Ассад Засгийн эрхээсээ түлхэгдэн бууж, улмаар улсаа орхин ОХУ-ын Москва хотыг зорьсон явдал байсан. Сирийн Дамаск хот руу босогчид дайрч, дайралтын хүч нь урагшилсаар Ассадын гэр бүлийн 50 жилийн ноёрхлыг нураасан юм. Ассад мэдэгдэлдээ “Үйл явц өрнөж байх үед би огцрох, өөр улсаас орогнол хайх талаар огт бодоогүй, хэн нэгэн надад ийм санал ч тавиагүй. Террорист хүчин Дамаск ру нэвтрэн орж ирэхэд би ОХУ-ын холбоотнуудтайгаа хамтран байлдааны ажиллагааг хянахын тулд Латакия руу нүүсэн” гэж ярьж байв.

Ассадын ноёрхол дуусгавар болсны дараа олон улсаас уг үйл явдалд дараах байдлаар хариу үзүүлсэн юм.

Сири улсын Ерөнхийлөгч Башар аль-Ассад эх орноосоо зугтаж Москва хотод очсон байгаа. Мөн тус улсын Ерөнхий сайд Мохаммед Гази Жалали сөрөг хүчнийхэнтэй хэлэлцэж, засгийн газрын эрх мэдлийг шилжилтийн засгийн газарт шилжүүлэн өгөхөд бэлэн хэмээсэн.

Тэгвэл одоо аль-Ассадын ноёрхол дууссанд олон улс ямар хариу үйлдэл үзүүлснийг харцгаая.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш: 14 жилийн турш үргэлжилсэн харгис дайны дараа дарангуйлагчийн дэглэм өнөөдөр нуран уналаа. Сирийн ард түмэн энэхүү түүхэн боломжийг ашиглан тогтвортой, энх тайван ирээдүйг бүтээж болно.

Европын холбооны ахлах дипломатч Каяа Каллас: Аль-Ассадын дарангуйлал төгсгөл болсон нь удаан хүлээгдэж байсан эерэг зүйл. Мөн энэ нь аль-Ассадын дэмжигчид болох ОХУ, Ираны сул талыг харууллаа.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон: Эцэст нь зэрлэг төр нуран уналаа. Би Сирийн ард түмэн, тэдний зориг, тэвчээрийг хүндэтгэж байна. Энэхүү тодорхойгүй нөхцөл байдал үүссэн мөчид би тэдэнд энх тайван, эрх чөлөө, эв нэгдлийг хүсэн ерөөж байна.

ОХУ-ын Гадаад хэргийн яам: Башар Ассад болон Арабын Бүгд Найрамдах Сири улсын нутаг дэвсгэр дээрх мөргөлдөөнд оролцсон хүмүүстэй хийсэн хэлэлцээний үр дүнд тэрбээр ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч, улсаасаа явах шийдвэр гаргасан. Мөн төрийн эрхийг энхийн замаар шилжүүлэх ажлыг үүрэг болгосон.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден: Дэглэм нуран унаж байгаа нь шударга ёсны зүйл. Энэ нь удаан хугацааны турш зовсон Сирийн ард түмэн бахархалт улсдаа сайн сайхан ирээдүйг бүтээх түүхэн боломж.

Дайнтай дэлхий эргэсээр

Дэлхийн олон улс оронд өнөөдөр ч дайн үргэлжилсээр байна. Бангладеш улсад зэвсэгт хүчин түр засгийн газар байгуулж, Орос Украины газар нутгийн төлөөх дайн, Мьянмарын иргэний дайн, Суданы иргэний дайн, Израил-Хамасын дайн зэрэг дэлхийн нэг хэсэгт энх тайван байдал оршиж байхад мөөгний хүрээ шиг алаг цооглон улс орнуудад дайны гал намжихгүй хэвээр буй. Энэ гашуун үйл явдлын дунд хүн төрөлхтөн өөрсдийн нэгээхэн хэсгээ алдсаар буй нь үнэн билээ.

ЯПОН УЛС ГАЗАР ХӨДЛӨЛТ, ОНГОЦНЫ ОСЛЫГ ДАВАН ТУУЛАВ

2024 оны нэгдүгээр сарын 1. Японд газар хөдлөлтийн дохио хангинав. Энэ бол цунамигийн дохио байлаа. Японы цаг уурын алба мэдээлснээр төв хэсэгт 90 минутын дотор 4 магнитудаас хүчтэй 21 гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн юм. Харин хамгийн хүчтэй, 7.6 магнитуд чичиргээ орон нутгийн цагаар 16:10 минутын орчим Ишикава мужийн Ното эргийн ойролцоо болсон аж. Чичиргээний улмаас дэд бүтцүүдэд гэмтэл учирч, хөдлөлтийн төвтэй ойролцоох хэд хэдэн томоохон хурдны замуудыг хааж, цагдаагийн албан тушаалтнууд мэдэгдэл хийснээр Ишикава мужид байрладаг Нанао хотод хоёр хүн газар хөдлөлтийн улмаас харамсалтайгаар амиа алдсан талаар мэдээлсэн юм. 2011 онд болсон 9 магнитуд газар хөдлөлтийн улмаас Фүкүшима Даичи атомын цахилгаан станцад осол гарч байсан. Энэхүү газар хөдлөлтийн дараа Япон улсад 245 хүн амиа алдаж, 2 сая гаруй тонн хаягдал үүсэж, 50 мянган барилга байгууламж бүрэн эвдэрч сүйрсөн бөгөөд 115 тэрбум иенийн хохирол учирсан байна.

Аймшигт газар хөдлөлтийн маргааш Токио хотын Ханеда нисэх буудалд Японы агаарын тээврийн компанийн онгоц эргийн хамгаалалтын албаны онгоцтой мөргөлдсөн ноцтой осол гарав. Агаарын тээврийн онгоцонд сууж явсан 379 хүнийг аюулгүй гарган авсан ч хэд хэдэн сураггүй болсон тул эрлийн ажиллагааг эхлүүлсэн юм. Хүнд цохилтын араас ирсэн дахин нэг хэцүү сорилт байв. Оны эхэнд болсон уг явдлын дараа Япон улс энэ их хохиролын дараа нөхөн сэргээлтийн процесс үргэлжилсэн хэвээр.

Дэлхий дахинаа болж буй үйл явдлуудын хэлхээс ирэх 2025 онд ч бидний анхаарлын төвд байх нь дамжиггүй билээ. Өөр өөрийн замналаар орших улс орнуудын үйл явдал тасралтгүй өрнөсөөр байна.

Бэлтгэсэн: Ерөнхий редактор Ц.ТАМИР

Гадаад мэдээний сэтгүүлч Б.БУЯНДОРЖ

Медиа эвлүүлэг: Г.ЗОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
dffff
dffff
12 сар 28, 2024 09:33

Яасан ч гоё тойм юм, сэтгэлээсээ бэлтгэж

gest
gest
12 сар 30, 2024 08:13

eguuriin энэ мэдээллүүдийн тойм нэг дор бүгдийг харуулсан сайн тойм байна. Эгүүр ер нь мундаг л даа. Дараа онд бүр илүү хичээгээрэй !

Холбоотой мэдээ

Back to top button