НИЙГЭМ

Сурагчид өвлийн амралтаараа "амрах, тоглох, давтлагадаа явах"-аар төлөвлөж байна

Тун удахгүй сурагчдын өвлийн амралт болох гэж буй. Тэгвэл сурагчид амралтаа хэрхэн төлөвлөж, юу хийж амрах гэж буй талаар Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдаас тодруулсан юм.

-6а ангийн сурагч Б.Эрхэс: Өвлийн амралтаараа гадна тоглоомын талбайд болон гар утсаараа тоглож өнгөрүүлэх бодолтой байгаа-

Өвлийн амралтаараа гадна тоглоомын талбайд болон гар утсаараа тоглож өнгөрүүлэх бодолтой байгаа. Өмнө жилийн амралтаараа хөдөө эмээгийндээ очиж өнгөрүүлсэн. Энэ жил ч гэсэн хөдөө явж, утаанаас хол амрах төлөвлөгөөтэй байна. Харин мэргэжлээ бол сонгож амжаагүй, том ангид орохоороо сонгоно гэж бодож байгаа, тэр хүртэл хичээлээ сайн хийгээд явахад болох байх.

-10д ангийн сурагч Т.Цолмон: Энэ удаагийнхаа амралтаар би бассейнд явна гэж бодож байгаа-

Би сургуульдаа сураад 10 жил болж байна. Жил бүрийн энэ үеэр сурагчдын өвлийн амралт болдог. Бид энэ амралтынхаа хугацаанд хувийн ажлуудаа амжуулж мөн ямар нэгэн байдлаараа өөрийгөө хөгжүүлэх дугуйлан, давтлага зэрэгт хамрагддаг. Харин энэ удаагийнхаа амралтаар би бассейнд явна гэж бодож байгаа. Өөр бодож төлөвлөсөн зүйл одоогоор байхгүй л байна.

-10д ангийн дарга Ананд: Улирлын амралтаараа өөрийгөө хөгжүүлэх жагсаалт гаргасан-

-Өвлийн амралтаараа юу хийж өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байна, ахлах ангид элсэн суралцаж буй нэг улирлын хугацаанд мэргэжлээ сонгож амжсан уу?

-Би энэ удаагийн өвлийн амралтаар өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарах бодолтой байгаа. Боломж олдвол гэр бүлдээ цаг зарцуулна аа. Харин мэргэжил сонголтын тал дээр тодорхой болоогүй, гэхдээ удахгүй сонгоно оо.

-Өөрийгөө хэрхэн хөгжүүлнэ гэж бодож байна?

-Би өөрийгөө хөгжүүлэх тал дээрээ дараах дарааллыг гаргасан.

  • Нэгдүгээрт оюундаа хөрөнгө оруулна
  • Хоёрдугаарт бие бялдар
  • Гуравдугаарт спорт
  • Дөрөвдүгээрт эрүүл мэнд

-10д ангийн сурагч Хүслэн: Дүнгээ гаргах гээд ачаалалтай байсан учраас амралтынхаа эхний өдрүүдэд сайн амраад дараагаар нь давтлагадаа явж эхэлнэ-

-Удахгүй болох гэж буй өвлийн амралтаараа юу хийхээр төлөвлөж байна. Мэргэжлээ сонгосон уу?

Өвлийн амралтаараа сайн амрах л бодолтой байна. Сая гурван сар хичээллээд, одоо дүнгээ гаргах гээд нэлээд ачаалалтай байсан, бас ядарсан. Тийм учраас амралтынхаа эхний өдрүүдэд сайн амраад дараагаар нь давтлагадаа явж эхэлнэ гэж бодож байна. Мэргэжлээ бол сонгож амжаагүй байгаа.

-Өмнө нь улирлын амралтаараа юу хийж өнгөрүүлдэг байсан бэ?

-Өвлийн амралтынхаа бүхий л хугацаанд гэртээ байж өнгөрүүлдэг байсан. Утас, компьютер, зурагт үзээд л. Харин одоо болох гэж байгаа амралтаараа гол хичээлүүдийнхээ давтлагад сууна, бас гэртээ үргэлж суулгүй гадна агаарт гарна гэж бодож байна.

-9в ангийн сурагч А.Милт-Очир: Бэлтгэлдээ явж, тэмцээндээ амжилттай оролцохоор төлөвлөж байгаа-

-Амралтаараа юу хийхээр төлөвлөж байна, өмнө жилүүдэд хэрхэн өнгөрүүлдэг байв?

-Би сагсан бөмбөгөөр хичээллэдэг. Тийм учраас энэ өвлийн амралтаараа би бэлтгэлдээ явж, тэмцээндээ амжилттай оролцохоор төлөвлөж байгаа. Өмнө нь өвлийн амралтаараа хотод гэртээ оноо гаргачхаад хөдөө эмээгийндээ очдог байсан. Энэ жил харин "худлаа" л юм шиг байна.

-Мэргэжлээ сонгосон уу?

-Мэргэжлээ сонгоогүй байгаа. Мэргэжлээ сонгох их хэцүү юм байна лээ. Бодоод, бодоод олохгүй л байна. Уг нь мэргэжил сонгох тест гэж байдаг шүү дээ. Тэр тестийг бөглөж үздэг юм уу л гэж бодож байна.

-9в ангийн сурагч Төгсдэлгэр: Хэрэв өөрийнхөө сонирхлоор явах боломж олговол загвар зохион бүтээгч л болмоор байгаа-

Өвлийн амралтын эхний хоногуудад бол амарна. Харин нэг сарын дунд үеэс эхлэн ямар нэгэн давтлага дугуйланд явах төлөвлөгөөтэй байна. Мэргэжлээ бол сонгоогүй. Гэхдээ манай гэр бүлийнхэн гишүүдийн дийлэнх нь эмч. Тийм болохоор эмч болох бодол байна. Хэрэв өөрийнхөө сонирхлоор явах боломж олговол загвар зохион бүтээгч л болмоор байгаа.

Өмнө жилүүдэд өвлийн амралтаараа дүүгээ хараад гэртээ л өнгөрүүлдэг байсан. Энэ жил есдүгээр анги тул хариуцлагатай байх ёстой. Тийм учраас давтлага дугуйландаа сайн анхаарах төлөвлөгөөтэй л байна даа.


2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон. Сурагчдын нэг болон хоёрдугаар улирлын амралтыг Даваа гарагт эхлүүлж, Баасан гарагт дуусгахаар тусгаж, нийслэлийн сурагчдын I улирлын амралтыг арванхоёрдугаар сард, II улирлын амралтыг дөрөвдүгээр сард, III улирлын амралтыг зургаадугаар сард товлосон байна.

Аймаг, сум, багийн ерөнхий боловсролын сургуулийн амрах тов нийслэлтэй адилхан ч цаг уурын өөрчлөлт, мал төллөлтөөс хамаарч 30, 31, 32 дахь долоо хоногийн амралт, бие даалтын үйл ажиллагааг 29, 30, 31 дэх долоо хоног шилжүүлж болох юм байна.

Харин бие даалтын долоо хоног нь арав болон гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт байхаар төлөвлөж эдгээр өдрүүдийг хичээллэх хугацаанд оруулж тооцох юм байна. Хичээлийн жилийн 18 дахь долоо хоногт 10-12 дугаар ангийн сурагчдыг цахимаар хичээллэнэ.

Амралтын хуваарийг дараах байдлаар мөрдөнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button