Юн Сок Ёл баривчилгаанаас бултахын тулд бэхлэлт босгож байна
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг хууль сахиулах албаныхан өнгөрсөн долоо хоногт баривчлах гэсэн ч хамгаалалтын алба болон зэвсэгт хүчин үүнд нь саад хийсэн юм.
Тэгвэл БНСУ-ын ерөнхийлөгчийн хамгаалалтын алба (PSS) энэ долоо хоногт ерөнхийлөгчийн ордны хамгаалалтыг чангатгажээ. Мөн Солонгосын Беверли Хиллс хэмээн алдаршсан өндөр зэрэглэлийн дүүрэгт байрлах Юн Сок Ёлын харш руу орохыг хориглох зорилгоор өргөст тор, хаалт болон автобус ашиглан бүслэлт үүсгэсэн байна.
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлыг бослого гаргасан хэргээр түүнийг баривчлах шийдвэр гаргасан. Хууль сахиулах албаныхан ерөнхийлөгчийн хамгаалалтын алба үүсгэсэн бүслэлтийг сэтлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй мөрдөн байцаагч мэдэгджээ.
Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж буй Чой Сан Мог лхагва гарагт /2025.01.08/ эрх баригчдад хандаж, Юн Сок Ёлыг баривчлахдаа иргэдийг гэмтээх болон төрийн байгууллагууд хоорондын зөрчилдөөнөөс зайлсхийхэд чадах бүхнээ хийхийг уриалсан байна.
Юны өмгөөлөгчдийн нэг болох Юн Каб Гүн шүүхийн шийдвэрийг буруу харьяалалтай шүүхээс гарсан хэмээн үзэж, мөрдөгчдийн багийнхан ерөнхийлөгчийг шалгах бүрэн эрхгүй гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Юн Сок Ёл ордноосоо оргон зайлсан гэх яриаг үгүйсгэж, мягмар гарагт /2025.01.07/ түүнтэй уулзсан гэсэн юм. Юн Каб Гүн энэ мэтийн яриа нь Юн Сок Ёлын нэр хүндийг гутаах зорилготой хортой цуурхал хэмээжээ.
Мягмар гарагт Авлига, өндөр албан тушаалтнуудын хэргийг мөрдөн шалгах газрын (CIO) тэргүүн О Дун Үн парламентын хороонд мэдэгдэл хийхдээ өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгчийг баривчлах оролдлого амжилтгүй болсонд уучлалт гуйсан байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2024.01.03/ зэвсэглэсэн “PSS”-ийн хамгаалагчид болон цэргийн албан хаагчидтай Юн Сок Ёлыг баривчлах гэсэн хууль сахиулахынхан зургаан цагийн турш сөргөлдсөн билээ.
О Дун Үн "Бид энэ удаад нягт бэлтгэл хангаж, дахин ийм алдаа гаргахгүй гэсэн шийдвэртэйгээр баривчлах ажиллагааг дуусгахын төлөө бүхнээ хийнэ" гэж парламентын ордны өмнө ярьсан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.