Нийгмийн

Сонирхогчдын шатрын тэмцээний аваргууд тодорлоо

Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 13 дахь тэмцээн дүнгээ гаргалаа. УИХ-ын даргын ивээл дор жил бүрийн Үндсэн хуулийн өдрийг угтан явуулдаг тус тэмцээний анхан шатны буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнүүд орон даяар өнгөрөгч 2024 оны арваннэгдүгээр сарын 23-24-нд, хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнүүд арванхоёрдугаар сарын 14-15-нд болсон бөгөөд шигшээ тэмцээн Төрийн ордонд өчигдөр, өнөөдөр хоёр өдөр үргэлжиллээ.

Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод сум, дүүрэг, аймаг, нийслэлээс шалгарсан эрэгтэй 104, эмэгтэй 40 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөв. Швейцарь системээр найман өрөг тоглосон тус тэмцээнд эрэгтэйчүүдээс Хан-Уул дүүргээс шалгаран оролцсон, Завхан аймгийн уугуул С.Сод-Эрдэнэ 7.0 оноогоор тэргүүлж алтан медаль, Монголын хуульчдын холбооны шатарчин Д.Ганхөлөг мөн 7.0 оноогоор удаалж мөнгөн медаль, Баянзүрх дүүргээс шалгаран оролцсон Т.Эрдэнэчулуун 6.5 оноогоор гутгаар байрт шалгарч хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдээс Баянхонгор аймгийн уугуул, Нийслэлийн шатрын холбооны шатарчин И.Нангилмаа 6.5 оноогоор тэргүүлж алтан медаль, Завхан аймгийн шатарчин Э.Тунгалагсайхан, Баянхонгор аймгийн шатарчин Д.Азжаргал нар тус тус 6.0 оноогоор хоёр, гуравдугаар байрт орж мөнгө, хүрэл медаль хүртлээ. Шагналт 4-6 байрын шагналыг эрэгтэйчүүдээс Увс аймгийн шатарчин Ш.Мөнхбат, Дархан-уул аймгийн шатарчин Ц.Ням-Отгон, Дорноговь аймгийн шатарчин Г.Баттүвшин нар, эмэгтэйчүүдээс Хөвсгөл аймгийн шатарчин З.Мөрөн, Монголын шатрын холбооны шатарчин Ц.Болортуяа, Өмнөговь аймгийн шатарчин Д.Отгонбаяр нар тус тус хүртжээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button