БНСУ: Украинд Хойд Солонгосын 300 цэрэг амь үрэгдэж, 2,700 орчим шархадсан

Украины дайн ОХУ-ын талд тулалдахаар илгээгдсэн Хойд Солонгосын 300 гаруй цэрэг амь үрэгдэж, 2700 орчим нь шархадсан талаар БНСУ-ын тагнуулын алба (NIS) хууль тогтоогчдод мэдээлжээ.
БНСУ-ын Үндэсний тагнуулын алба (NIS) парламентын тагнуулын хорооны хаалттай уулзалтын үеэр энэ мэдээллийг хуваалцсан гэж эрх баригч Ардын хүч намын гишүүн И Сон Кюн хэлсэн байна.
Тагнуулын албаны мэдээлснээр, Хойд Солонгосын цэргүүд орчин үеийн дайны арга барилыг сайн ойлгоогүйгээс болж “их хэмжээний хохирол” амссан байна. Тагнуулын алба саяхан олж авсан тулааны бичлэг дээр үндэслэн Хойд Солонгосын цэргүүд алсын зайны дронууд руу буудах гэх мэт үр ашиггүй үйлдлүүд хийсэн гэж дүгнэжээ.
Мөн Хойд Солонгосын тал цэргүүддээ Украины армид амьдаар олзлогдохоос зайлсхийж, өөрийгөө егүүтгэхийг тушаасан гэж “NIS” мэдэгдсэн байна.
Украины тал ОХУ-ын Курск мужид олзлогдсон хоёр Хойд Солонгосын цэргийн бичлэгийг саяхан нийтэлсэн. Үүнтэй холбоотойгоор И Сон Кюн “Эдгээр олзлогдсон цэргүүд Өмнөд Солонгост очих хүсэлтэй гэдгээ илэрхийлээгүй” гэжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “X” платформ дээр ням гарагт /2025.01.12/ нийтэлсэн гурван минут орчим бичлэгт, нэг цэрэг нутаг буцах хүсэлгүй, Украинд үлдэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.
Тагнуулын албаны үзэж байгаагаар, эдгээр хоёр цэрэг Хойд Солонгосын цэргийн гол тагнуулын байгууллага болох Тагнуулын ерөнхий товчоонд харьяалагддаг байсан аж.
Эх сурвалж: Yonhap News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.