Гадаад мэдээДЭЛХИЙ

Ядуу буурай амьдралд өссөн АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэймс Дэвид Вансийн түүх

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп, дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон ЖД Ванс нар даваа гарагт /2024.01.20/ тангараг өргөн үүрэгт ажлаа хүлээн авсан.

Жеймс Дэвид Ванс (Төрөх үеийн нэр нь Жеймс Доналд Боуман) нь 1984 оны наймдугаар сарын хоёронд Охайо мужийн Миддлтаун хотод Беверли Ванс (Ээж), Доналд Боуманы (Аав) гэр бүлд төржээ. Ванс үеэл Линдсей Льюистэйгээ хамт өссөн байна. Льюисээс гадна тэр хэд хэдэн хойд ах, эгч дүүстэй байсан аж.

Ванс бага байхад нь түүний аав ээж хоёр салжээ. Түүний ээж Беверли үүний дараа Боб Хамелтэй гэрлэж, Боуман Вансийг өөрийн хүү гэж үзэхээ больжээ. Ванс “Hillbilly Elegy” нэртэй өөрийн намтар ном дээрээ “Намайг зургаан настай байхад аав үрчлүүлэхээр өгсөн. Үрчлэгдсэний дараах зургаан жилд тэр хий үзэгдэл мэт алга болсон” гэж бичсэн байна. Вансыг хойд аав Хамел нь өргөж авсан юм.

Беверли Боуманы тухай бүх дурсамжийг арчиж хаяхын тулд Вансын нэрийг албан ёсоор Жеймс Дэвид Хамел болгон өөрчилжээ. Хэсэг хугацааны дараа Беверли жороор олгодог эмийг зүй бусаар хэрэглэж эхлэн, хероиноос хамааралтай болсон байна. Мөн Беверли Хамелаас салж Ванстай зүй бусаар харьцах нь нэмэгдэх болсон юм. Вансын хэлснээр түүнийг 12 настай байхад Беверли хурд хэтрүүлж, хоёулаа хамтдаа үхнэ гэж сүрдүүлж байжээ. Уг явдлын дараа цагдаа нар Беверлиг баривчилж, Ванс өвөө эмээ болох Бонни болон Жеймс Ванс хоёртой амьдарч эхэлсэн байна.

Ванс эмээ Бонни Ванстай хамт. Зургийн эх сурвалж: CNN

Ванс насанд хүрснийхээ дараа өвөө эмээгийнхээ овгийг авч нэрээ албан ёсоор Жеймс Дэвид Ванс болгожээ. Беверли одоо сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхээ болиод арав гаруй жил болж байгаа бөгөөд Ванс 2024 онд Бүгд найрамдах намын үндэсний чуулганд үг хэлэхэд нь очиж үзсэн юм.

Боловсрол, карьер

Ванс 2003 онд Миддлтауны ахлах сургуулийг төгсөж, АНУ-ын Тэнгисийн явган цэргийн ангид элсжээ. Ванс өөрийн намтар дээрээ “Насанд хүрэгсдийн амьдралд бэлэн биш байсан учраас би цэрэгт элссэн. Би чекийн дэвтэр хэрхэн хөтлөх, коллежид санхүүгийн тусламжаар элсэх маягтыг хэрхэн бөглөх гэх мэт зүйлсийг огт мэддэггүй байсан” гэж бичсэн байна.

Түүний алба хаасан бүртгэлээс харвал Ванс 2003-2007 оны хооронд байлдааны сурвалжлагч буюу цэргийн сэтгүүлчээр ажиллажээ. Тэр 2005 оны сүүлээр Иракт зургаан сарын турш алба хаасан байна. Ванс Тэнгисийн явган цэргийн сайн үйлсийн одон, Тэнгисийн цэргийн флотын амжилтын шагнал хүртжээ.

Ванс цэрэгт алба хаасныхаа дараа Охайо мужийн их сургуульд улс төрийн шинжлэх ухаан, философийн ангид элсэн орж, 2009 онд төгссөн байна. Үүний дараа тэр шууд Йелийн хуулийн их сургуульд элсжээ. Ванс 2013 онд Йелийн хулийн их сургуулийг төгсөж, карьераа эхлүүлсэн юм. Тэр хуулийн сургуульд суралцаж байхдаа эхнэр Уша Чилукуритэйгээ танилцсан байна. Тэд хичээл дээр өгсөн даалгаврыг хамт хийж дотноссон аж. Хосууд төгсөөд нэг жилийн дараа гэрлэсэн байна.

Тэр төгссөнийхөө дараа АНУ-ын дүүргийн шүүгч Дэвид Баннигийн нарийн бичгийн даргаар ажиллажээ. Мөн “Sidley Austin LLP” хуулийн фирмд ажиллаж эхэлжээ. 2016 онд тэр Сан Франциско хот руу нүүж “Mithril Capital” фирмд венчур капиталистаар ажиллаж эхэлжээ. Гурван жилийн дараа буюу 2019 онд тэр “Narya Capital” фирмийг хамтран үүсгэн байгуулсан юм.

Зургийн эх сурвалж: CNN

Ванс 2018 оноос улс төрд хүч үзэхээр зэхэж эхэлжээ. Тэр гурван жилийн дараа буюу 2021 онд Охайо мужийн сенаторын төлөө өрсөлдөн ялалт байгуулж 2023 оны нэгдүгээр сард тангараг өргөн ажлаа хүлээн авсан байна. 2024 оны долоодугаар сард Трамп түүнийг дэд ерөнхийлөгчөөр сонгосон. Тэд 2024 оны арваннэгдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд Камала Харрис болон Тим Уолзын эсрэг өрсөлдсөн ялсан билээ.

Эх сурвалж: Biography

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 22, 2025 12:03

Эхнэр толгойтой чадвартай хуульч бүсгүй юм билээ. 2 толгой сайтай хүн нийлэхээр ч явж өгдөг дөө. Амeрикийн удирдагчдын 70 хувь нь хуульчид

Холбоотой мэдээ

Back to top button