ЭДИЙН ЗАСАГ

Сэргээгдэх эрчим хүчний салбарт Европын Сэргээн босголт, хөгжлийн банктай хамтарна

Монгол Улсын Засгийн газар Европын Сэргээн босголт, хөгжлийн банк хооронд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, уур амьсгалын зорилтыг дээшлүүлэхэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд ЕСБХБ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Юрген Ригтеринк нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж буй бөгөөд эрчим хүчний салбарыг тогтвортой, өрсөлдөх чадвартай, дэлхийн уур амьсгалын зорилтод нийцсэн салбар болгон хөгжүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд эрчим хүчний салбарын ил тод байдлыг хангах, зах зээлийг чөлөөлөх, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх олон талт ажлыг хийж байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банктай байгуулж буй энэхүү санамж бичиг нь Монгол Улсын Засгийн газрын бодлоготой нягт уялдаж буйг Шадар сайд Т.Доржханд онцоллоо.
Талууд энэхүү Санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааны дараах чиглэлүүдийг харилцан тодорхойллоо. Үүнд Монгол Улсын Засгийн газар Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй нар, салхины эх үүсгүүр болон бүх төрлийн эрчим хүч хуримтлуурын төсөлд ЕСБХБ дэмжлэг үзүүлэх боломжийг судлах, тус банк нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурь техникийн боломжийг бүрдүүлэх хүрээнд Монгол Улсад чадал тохируулгын үүрэг бүхий бага дунд чадалтай усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг техникийн тусламжаар гүйцэтгэх боломжийг судлах, 300 мегаватт хүртэлх хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүрийг цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт барьж байгуулан 2028 онд багтаан ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэх зэргийг тусгажээ. Мөн талууд сэргээгдэх эрчим хүчний стратеги болон эрчим хүчний салбарын бага нүүрстөрөгчтэй замын зураглалыг боловсруулж, стратегид тусгагдсан зорилго бүхий төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

Европын сэргээн босголт, Хөгжлийн банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Юргэн Рихтеринк: Энд хүрэлцэн ирж Монгол улсын шадар сайдтай Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрийг дэмжих харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсандаа баяртай байна. Европын сэргээн босголт, Хөгжлийн банкны хувьд 2006 оноос хойш Монгол улсад идэвхтэй ажиллаж байна. Үүнээс хойш нийт 2.5 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг Монгол улсад хийжээ. Зөвхөн өнгөрсөн жилийн тухайд л гэхэд 18 төслийн хүрээнд 260 сая гаруй еврогийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Сая гарын үсэг зурсан баримт бичгийн тухайд Монгол улсын засгийн газрын эрчим хүчний реформын бодлогыг ихээхэн дэмжиж байгаагийн хувьд сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд чиглэсэн. Ялангуяа нарны болон салхины эрчим хүчний төслүүдэд чиглэсэн.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button