Путин ОХУ-ын эдийн засагт санаа зовох нь нэмэгдэж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсынх нь дайны цагийн эдийн засагт гажуудал үүсэж буйд санаа зовох нь нэмэгдсэн гэж таван эх сурвалж “Reuters” агентлагт хэлсэн байна. Түүний санаа зовох нь нэмэгдсэн гэх мэдээлэл гарсантай зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Украины дайныг дуусгах тохиролцоонд хүрэхгүй бол ОХУ болон холбоотой орнуудад хориг тавина хэмээв.
2022 онд Украины дайн эхэлсний дараа барууны орнууд ОХУ-д томоохон хоригууд тавьсан. Нефть, байгалийн хий, ашигт малтмалын экспорт дээр тулгуурладаг ОХУ-ын эдийн засаг сүүлийн хоёр жил хүчтэй өсөлт үзүүлсэн юм.
Гэтэл сүүлийн саруудад зэвсэгт хүчний зардал тэнгэрт хадсан нь инфляцыг их хэмжээгээр өсгөж, ажиллах хүчний хомсдол үүсээд байгаа тул эдийн засгийн дотоод үйл ажиллагаанд дарамт үүсэв. 2022 онд эдийн засаг нь ширгэсний дараа ОХУ-ын эдийн засаг 2023, 2024 онд барууны орнууд болон АНУ-аас ч хурдацтай өссөн юм. Тэгвэл тус улсын төв банк болон ОУВС 2025 онд эдийн засаг нь 1.5 хувиас бага өснө гэж тооцоолж байна.
Эдийн засагт үүсээд буй дарамт нь ОХУ-ын зарим элитүүд дайныг хэлэлцээрийн аргаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэхэд нөлөөлсөн гэж Кремлийн тухай мэдлэгтэй хоёр эх сурвалж хэлжээ.
“Роснефть” компанийн гүйцэтгэх захирал Игорь Сечин, “Ростек” компанийн гүйцэтгэх захирал Сергей Чемезов, хөнгөн цагааны магнат Олег Дерипаска, ган үйлдвэрлэгч “Северсталь” компанийн хагмийн том хувьцаа эзэмшигч Алексей Мордашов нар бодлогын хүү өндөр байгааг олон нийтийн өмнө шүүмжилсэн юм.
Кремлийн ахлах ажилтан мягмар гарагт /2025.01.21/ хэлэхдээ ОХУ одоогийн байдлаар хэлэлцээ хийх тодорхой санал хүлээн аваагүй байгаа гэсэн юм. ОХУ-ын Төв банкны дэд дарга асан Олег Вюгин ярилцлага өгөхдөө “ОХУ нь мэдээж мөргөлдөөнийг дипломат аргаар зогсоохыг эдийн засгийн үүднээс сонирхож байгаа” хэмээсэн байна.
Өнгөрсөн сарын 16-нд Кремльд бизнесийн удирдагч нартай хийсэн уулзалтын үеэр Путин бухимдсан нь илт байсан гэж хоёр эх сурвалж хэлсэн аж. Тэр эдийн засгийн ахлах албан тушаалтнуудыг уулзалтын үеэр зэмлэсэн байна. Эх сурвалжуудын нэг нь дайны гол зорилгуудыг биелүүлсэн гэж бодож байгаа гэж хэлжээ. Хэрвээ Путин гол зорилгууд биелүүлсэн гэж үзэн, эдийн засагтаа санаа зовох нь нэмэгдэж байгаа бол хэлэлцээ хийхэд илүү нээлттэй болсон байх магадлалтай.
“Reuters” агентлаг өмнө нь мэдээлэхдээ Путин Трамптай Украинд гал зогсоох талаар хэлэлцэхэд бэлэн байгаа гэсэн. Гэхдээ Путин ОХУ-ын эзэлсэн газар нутгийг хүлээн зөвшөөрч, Украин НАТО-д элсэхгүй байх ёстой гэх шаардлага тавьж байгаа аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.