Трамп долоо хоногийн дотор Вашингтоныг эзэгнэв
Доналд Трамп албан тушаалаа хүлээн аваад долоо хоног гаруй хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд тэр өөрийн хүсэл, зорилгоо Вашингтонд хурдтайгаар тулган, хэрэгжүүлж эхэлсэн нь сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амласан радикал алхмууд нь хий хоосон зүйл биш байсан гэдгийг харууллаа.
Тэр засгийн газрын олон агентлагуудын эсрэг алхам хийж олон зуун төрийн алба хаагчдыг ажлаас нь чөлөөлж, томилов. Мөн өмнөд хил рүү цэргүүд яаралтай илгээж, АНУ-ын эргийн хамгаалалтын даргыг ажлаас нь чөлөөлсөн юм. Тэр ажлынхаа эхний өдөр Америкийн иргэншил олгох дүрмийг өөрчилж, хүрээлэн буй орчны зохицуулалтыг өөрчлөх гэх мэт 26 гүйцэтгэх захирамж гарын үсэг зурж үндсэн хуулийг сорив.
Трампын хийсэн хамгийн зүрх зоригтой алхмуудын нэг нь 2021 оны нэгдүгээр сарын зургаанд АНУ-ын Конгрессын барилга руу нэвтэрч орсон 1,500 орчим хүнд өршөөл үзүүлсэн явдал байсан юм.
Түүнийг эсэргүүцэгчид Трампыг АНУ-ын Үндсэн хуулийг мушгин гуйвуулж, ерөнхийлөгчийн гүйцэтгэх захирамжийн эрх мэдлийг хязгаарыг зориулсан хэмжээнээс хэтрүүлж байна гэж үзэж буй. Мөн тэд Трампын эхний алхмууд нь хагаралдаад буй улсаа нэгтгэхээс илүү эрс өөрчлөхийг хүсэж байгааг харууллаа хэмээжээ.
Трампын эхний хоногууддаа хийсэн алхмуудыг түүнийг шүүмжлэгчид хүртэл анх ерөнхийлөгч байхдаа авсан алхмуудаас өөр байгааг онцолсон байна. 2017 онд Трамп ерөнхийлөгчийн албыг хүлээн авахад багийнх нь дотоод зөрчилдөөн, бэлтгэл муутай байдал түүний амбицтай санаачилгуудад саад учруулаад байсан АНУ-ын ерөнхийлөгчдийн түүхийг судлагч Тимоти Нафтали “Энэ бүх алхмын цар хүрээ, гүйцэтгэсэн хурдны хувьд Трампын баг бэлтгэлээ ер бусын хийсэн нь харагдлаа” гэсэн юм.
Түүний мөрийн хөтөлбөрт цаашдаа саад бэрхшээл тулгарах төлөвтэй байгаа. Эрх мэдлээ хүлээн авсан эхний долоо хоногууд нь түүний эрх мэдлийн оргил үе байж магадгүй. Трампын гарын үсэг зурсан гүйцэтгэх зарлигуудын ихэнх нь АНУ-ын Үндсэн хуулийн хязгаарыг сорьж буй. АНУ-д төрсөн хууль бус цагаачдын хүүхдүүдэд иргэншил олгодгийг зогсоох Трампын гүйцэтгэх зарлигт холбооны шүүгч аль хэдийн түр хугацааны хориг тавьсан байгаа. Бусад хэд хэдэн зарлигийг мужууд болон өмгөөллийн байгууллагууд эсэргүүцэн шүүхэд хандсан билээ.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.