НИЙГЭМ

ХОЁР ТАЛТ ТОДРУУЛГА: Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн үхэлд Х.Бат-Ялалт буруутай юу?

Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга өнгөрсөн оны гуравдугаар сард албан үүргээ гүйцэтгэж яваад, автомашины осолд орж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн эхнэр Н.Энхдолгор нөхрийнхөө амиа алдсан хэрэгт  Х.Бат-Ялалтыг сэтгэл санааны дарамт үзүүлснээс үүдэн ам насаа алдсан хэмээн үзэж, цагдаагийн байгууллагад хандсан  гэж мэдэгдээд байгаа юм.

Учир нь, талийгаач Э.Мөнхтулга нь нас барахаасаа өмнө малын хулгайн хэрэг шалгаж байсан бөгөөд Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч, хуульч Х.Бат-Ялалт хэрэгтний өмгөөлөгчөөр ажиллаж байгаа хэмээн талийгаачтай уулзсан байдаг. Улмаар бичлэг хийн олон нийтийн сүлжээнд тавьсан билээ. Бичлэг хийхдээ хүний эрх зөрчдөг цагдаа, хүн зодсон гэх мэтээр буруутган цоллосон нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Уг хэрэг явдлын дараа талийгаач сэтгэл зүйн гүн хямралд орж, улмаар авто ослоор амь насаа алдсан гэх тайлбарыг ар гэрээс нь өгч буй.

Бид мэдээллийг тэнцвэржүүлэх үүднээс “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт болон талийгаач Э.Мөнхтулгын эхнэрийн байр сууриар тухайн үед болсон үйл явдлыг тодрууллаа.

Н.ЭНХДОЛГОР: Х.БАТ-ЯЛАЛТ ТАЛИЙГААЧ НӨХӨРТ МААНЬ ДАРАМТ ҮЗҮҮЛСНЭЭС ҮҮДЭЖ, СЭТГЭЛЗҮЙН ХЯМРАЛД ОРСОН

Талийгаачийн нас барсан шалтгаан урьдчилсан дүгнэлтээр ажил үүргээ гүйцэтгэж яваад, ослоор нас барсан гэж гарсан. Гэхдээ талийгаач маань Х.Бат-Ялалтын үзүүлсэн дарамт болон олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бичлэгнээс үүдсэн сэтгэл зүйн дарамтнаас болж авто осолд орж амиа алдсан гэж бодож байгаа. Тиймээс ч зохих газарт нь өргөдөл өгсөн байгаа. Х.Бат-Ялалт  өөрийгөө “Би хуульч  хүн байна ганц нэг зүйл тодруулах гэсэн юм” гэж хэлээд манайд шууд ороод ирсэн. Төрөөд сар гарантай нялх биетэй байсан учир талийгаач маань Х.Бат-Ялалтыг дагуулан ажлын байрлуугаа явсан. Ирэхдээ ихэд баргар болчихсон орж ирсэн.

Юу болсон талаар тодруулахадХ.Бат-Ялалт одоо шалгаж байгаа малын хулгайн хэргийн сэжигтний өмгөөлөгч гэсэн тэгээд гэнэт л өрөөнд нь хэдэн хүмүүс камер бариад бичлэг хийгээд ороод ирсэн . Хүн гэнэт бичлэг хийгээд ороод ирэхээр их сандардаг юм байна гэж хэлсэн. Тэгээд энэ хэргийн дараа олон нийтийн сүлжээнд бичлэг тарж манай хүнд маш хүнд туссан. Би тэр хүнийг шууд сэтгэлзүйд нь нөлөөлсөн гэж үзэж байна. Хажууд нь байсан болохоор мэдэхгүй байхын аргагүй, хажуунаас нь харахад хүртэл их хүнд байсан. Х.Бат-Ялалтхүн нөхрийн маань ослын дараа хэвлэлийн бага хурал зарласан ч нөхрийн маань үхэлд нөлөөлсөн үү гэх асуултад хариулж чадалгүй гарч явсан. Яагаад хариулаагүй нь ч сэжигтэй.  


Х.БАТ-ЯЛАЛТ: ТАЛИЙГААЧИЙН АСУУДЛААР АР ГЭРИЙНХЭН НЬ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДАХ ХЭРЭГТЭЙ

-Та иргэн н.Доржийн шалгагдаж буй талаар хэрхэн мэдэж, хуульчаар нь ажиллах болсон бэ?

-Манайх “Ард түмний хяналт” хэмээх төрийн албан хаагчтай холбоотой гомдол мэдээллийг хүлээж авч, эрэн сурвалжлан гомдол мэдээллийг барагдуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагатай төв байгуулсан. Энэ ч утгаараа гомдол мэдээллийг хүлээж авдаг 1900-1210 утсыг ажиллуулж эхлүүлсэн. Дээрх дугаарт Орхон аймгийн н.Эрдэнэсайхан гэх иргэн манай ажилтанг ямарч үндэслэлгүйгээр баривчлаад Булган аймгийн Гурванбулаг сум луу аваад явчихлаа. Олон хоног тэнд саатуулахдаа ямар нэг байцаалт авалгүй айлын хашааны банз хадуулж хоног төөрүүлж байна гэх гомдлыг бид хүлээн авч ажиллаж эхэлсэн. Бтднийг очиход хэргийн бүртгэл нээгээгүй ямар ч хууль журмын дагуу ажиллаагүй байсан. Тухайн иргэнд тулгасан эрүүгийн хэргийн хавтас,өргөдөл гомдол бүртгэгдээгүй байхад иргэн н.Доржийг ажлын байрнаас нь авч явсан байсан.

-Талийгаачтай уулзахдаа бичлэг хийсэн нь ямар учиртай вэ?

-Бид бодит үнэнийг бичлэг хийж л баталгаажуулна шүү дээ. Ингэж л эх сурвалжтайгаар бодит байдлыг сурвалжилсан. Бид хэсгийн төлөөлөгчийн өрөөнд дайрч ороогүй. Өөрөө миний асуусан асуултад хариулсан. Бид иргэн н.Доржийг хамгаалсан. Энэ төрлийн эрх нь зөрчигдөж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалахыг зорьсон. Хүний эрхийг хамгаалсан. Бидэнд нотлох баримт, цагдаагийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны бичлэг байгаа учраас тэд гүтгэж чадахгүй байна шүү дээ.

-Та талийгаачаас мэдээлэл авах зөвшөөрөл авсан уу?

-Өөрөө өрөөгөө онгойлгож ороод ярилцаж, яриа өгсөн шүү дээ. Бид иргэн н.Доржийг хууль бусаар саатуулсан болохоор авч явсан. Булган аймгийн дэд даргатай нь мөн адил уулзсан. Үүний дараа иргэн н.Доржийг гэрт хүргэж өгсөн. Ер нь бол тэр хүн малын хулгайн хэргийг үйлдсэн үү, үндэслэлтэйгээр тэр хүнийг саатуулсан уу иргэн н.Доржоос асуусан болов уу. Төрийн албан хаагчид эрхээ мэддэггүй иргэдийн эрх чөлөөнд хууль бусаар халдаж байна шүү дээ.

-Та таалийгаачийн амь насанд нөлөөлөхүйц дарамт үзүүлсэн гэж бодож байна уу? Таныг элдэв бус хараалын үгээр доромжилж, шахалт үзүүлсэн гэх мэдээлэл байгаа.

-Асуулт асууж, хариулт авсан. Цагдаагийн албан хаагч байтугай төрийн ордноор дүүрэн хэрүүл болж л байдаг. Гадаа гараад санаандгүй мөргөлдсөн залуусын үгсээс болж хүний амь нас эрсдэж байгаа бол тэр болгоныг шалгах хэрэгтэй. Гэхдээ иймэрхүү утгагүй зүйлээр хүний нэр хүндэд халдах нь утгагүй. Би ч гэсэн хэсгийн төлөөлөгч байсан. Тийм учраас талийгаачийн ар гэрийнхэнд хэцүү байгааг ойлгож байна. Тиймээс үнэхээр Э.Мөнхтулгын ар гэрийнхэн талийгаачийн үйлдэл зөв гэж үзэж байгаа бол хуулийн байгууллагад хандаж бичлэг яагаад цацагдах болсны талаар гомдол гаргах хэрэгтэй.

-Танд талийгаачийн эхнэрийн гаргасан гомдлын дагуу хууль сахиулах байгууллагаас ямар нэгэн мэдэгдэл ирсэн үү?

-Огтхон ч үгүй. Харин хэвлэл мэдээлэл нийгмийн сүлжээгээр иймэрдүү мэдээлэл их явж байна. Талийгаач цагдаагийн эхнэр болон хуульч нарын мэдээлсний дагуу малын хулгайн хэрэгт сэжигтнээр саатуулагдсан иргэн н.Доржоос мэдээлэл авах гэж бид олон цагийн турш холбогдохыг оролдсон ч түүнтэй холбогдож чадаагүй юм.

Магадгүй бид амиа алдсан цагдаагийн үхэлд нийгмээрээ сэтгэл зүйн дарамт өгсөн ч байж болох юм. Эсвэл албан үүргээ хууль дүрмийн дагуу явуулаагүйн улмаас гомдлын мөрөөр шалгагдсан цагдаагийн албан хаагчийн буруу гэдэг ч эргэлзээтэй. Гэхдээ үүнээс бид нийгмийн сүлжээгээр хэтэрхий их туулширч хэн нэгэнд дарамт болж бусдын эрх чөлөө, амьд явах эрхэд хэрхэн нөлөөлж буйгаа томоос том жишээгээр харлаа.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button