"Менингококкт халдвар"-ын тархалтыг өмнө нь алдчихаад одоо л дэлгэв үү

Налайх дүүрэгт менингококкт халдварын тохиолдол бүртгэгдсэн талаарх мэдээлэл өчигдөр шөнө /2024.01.29/ гарсан.
Тус мэдээлэлд “Налайх дүүрэгт менингококкт өвчний шинж тэмдэг илэрч, баталгаажсан. Тэр даруй ойрын хавьтлыг илрүүлэх ажлыг явуулж байна. Тус дүүргийн сургууль цэцэрлэгүүдэд бүгдэд нь ариутгал хийж эхэлсэн бөгөөд Голомт цогцолбор сургуулийн Бага сургууль, 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгүүдийг хааж, цахимд шилжүүлсэн. Холбогдох байгууллагууд тандалт судалгаа хийж байна” гэж дурдсан.
Энэ нь бүх ЕБС-ийн хүүхдүүдэд сурагчийн амралтаа дуусгаад сургуульдаа ирэхэд маск зүүх чиглэл өгсөн үйл явдалтай давхцаж байгаа нь анхаарал татав.
Тодруулбал, сургууль, цэцэрлэгийн хоёр дугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 24-нийг хүртэл болсон. Улмаар энэ долоо хоногийн даваа гарагаас /2024.01.27/ хичээл эхэлсэн.
Харин хүүхдүүдийг хичээлдээ ороход ЕБС-иуд маск зүүж ирэх чиглэл өгсөн. Үүнийгээ “ханиад, томуунаас сэргийлэх үүднээс” гэж тайлбарласан. Гэхдээ эмнэлгүүд ханиадтай хүүхдүүдээ дийлэхгүй, ачаалал нь их байсан томууны оргил үед сургуулиуд ийм чиглэл өгөөгүй. Тэгсэн хэр нь энэ долоо хонгийн эхэнд холбогдох байгууллагууд хүүхдүүдэд маск зүүх чиглэл өгөв.
Дээрх давхцал, процесс нь өчигдөр анхны тохиолдол нь бүртгэгдсэн гэх “менингококкт халдвар” аль эрт тархаж эхэлсэн. Үүнийг нь мэдэлгүй дотооддоо алдчихсан эрүүл мэндийн байгууллагууд хэл ам, хариуцлагаас холуур гарах үүднээс дөрөв хоног халдварыг дарж, тав дахь өдөр нь анхны тохиолдол мэтээр гаргаж ирэв үү гэх хардлагыг төрүүлж байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.