Хоёр долоо хоногийн дотор дэлхий дахиныг гайхшируулсан Трампын шийдвэрүүд

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ажлаа аваад хоёр долоо хоногийн дотор улс төдийгүй дэлхий дахиныг донсолгосон, дуулиантай бодлогууд хэрэгжүүллээ. Тэр анхны өдрөө олон арван гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурж, сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амласнаараа хууль бус цагаачдыг олноор нь гаргах ажлыг эхлүүлэн, Канад, Мексик, БНХАУ-д гаалийн татвар тавив. Тэгвэл түүний гаргасан хамгийн дуулиантай үйлдлүүдийг харцгаая.
1.АНУ-ын иргэншил олгохыг зогсоох гүйцэтгэх тушаал
Трамп ажлаа авсан эхний өдрөө 26 гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурсан. Тэдгээр гүйцэтгэх тушаалуудын нэг нь түүний урт хугацааны турш амлаад байсан хууль бус цагаачдын хүүхдүүдэд иргэншил олгохыг зогсоох тухай байсан юм. Тус гүйцэтгэх тушаал нь АНУ-д хууль бусаар болон түр хугацааны визээр оршин сууж буй цагаач эцэг эхтэй хүүхдүүдэд иргэншил олгохгүй байх зорилготой.
Энэ гүйцэтгэх тушаал хоёрдугаар сарын 19 ба түүнээс хойш төрсөн хүүхдүүдэд хамаарна. Ийм учраас жирэмсэн цагаач эмэгтэйчүүд цагаасаа эрт, кесар хагалгаанд орох тохиолдол нэмэгдсэн юм.
Ихэнх хуульчдын үзэж буйгаар бол газар нутагт нь төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохыг АНУ-ын Үндсэн хуульд тусгасан байдаг тул Трампын хувьд үүнийг хэрэгжүүлэхэд их хүндрэл тулгарна. АНУ-ын Үндсэн хуулийн 14 дэх нэмэлтийн эхний өгүүлбэрт иргэншил олгох зарчмыг тогтоож өгсөн байдаг.
Тус нэмэлт дээр “АНУ-д төрсөн эсвэл иргэншил авсан бүх хүн АНУ болон оршин сууж буй мужийнхаа иргэн” гэж бичжээ.
Трамп тэрхүү гүйцэтгэх тушаалыг зурсныхаа дараа шууд сорилттой тулгарсан юм. Сан Франциско хот, Колумб дүүрэг болон АНУ-ын 22 муж холбооны засгийн газрыг шүүхэд өгч Трампын гүйцэтгэх тушаалыг эсэргүүцсэн байна.
Мөн АНУ-ын дүүргийн шүүгч Жон Кауфенур түр хориг тавьсан байгаа юм. Тэрбээр Вашингтон, Аризона, Иллиной, Орегон мужуудын гаргасан уриалгыг сонсон ийм алхам хийжээ. Кауфенур Трампын тушаалыг хамгаалж буй АНУ-ын Хууль зүйн яамны хуульчтай уулзахдаа “Хуульчдын зөвлөлийн гишүүд энэ тушаал нь үндсэн хуульд нийцнэ гэж хоёрдмол утгагүйгээр хэлж байгааг ойлгоход хэцүү байна” гэжээ. Тэрбээр уг тушаалыг “Үндсэн хуулийг илт зөрчсөн тушаал” хэмээсэн юм.
Кауфенур ирэх пүрэв гарагт /2025.02.06/ хоригийг урт хугацаагаар сунгах эсэхийг шийдэх сонсгол товлосон байгаа.
2. ДЭМБ-аас гарах шийдвэр
Трамп анх ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа буюу 2020 онд ДЭМБ-ыг ковид-19-ийн тархалтын үед менежментийг маш буруу хийж, халдварыг нуун дарагдуулсан гэж буруутган АНУ-ыг гаргах тушаал буулгасан. Тус байгууллагаас гарах процесс жил гаруй хугацаа шаарддаг тул Жо Байден ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа үүнийг зогсоож, АНУ-ыг гишүүн орон хэвээр үлдээсэн юм.

Тэгвэл Трамп ерөнхийлөгчийн албан тушаалыг дахин хүлээн авсныхаа эхний өдөр АНУ-ыг ДЭМБ-гаас гаргах гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурсан. Ийнхүү гарын үсэг зурсны дараах өдөр /2025.01.21/ нь ДЭМБ мэдэгдэл хийхдээ АНУ-ын гаргасан шийдвэрт гүнээ харамсаж буйгаа илэрхийлэн, сүүлийн долоон жилийн хугацаанд хариуцлага, зардал, улс орнуудад үзүүлдэг нөлөөллөө өөрчлөхийн тулд түүхэндээ хамгийн том шинэчлэлийг хэрэгжүүлсэн гэсэн юм.
Трамп өнгөрсөн жил болсон сонгуулийн кампанит ажлынхаа үеэр ДЭМБ-ыг илүү хатуу шүүмжилж эхэлсэн. Тэр ДЭМБ-ыг “БНХАУ-ын Коммунист намын ул мөрийг гутамшигтайгаар нуун дарагдуулсан, авлигад идэгдсэн глобалист луйвар” гэсэн юм. ДЭМБ-ын БНХАУ-д талтай байр суурийг ганц Трамп бус хэд хэдэн эрүүл мэндийн мэргэжилтэн болон улс төрийн ажиглагч нар шүүмжилсэн байдаг.
ДЭМБ нь гишүүнчлэлийн төлбөр болон сайн дурын хандиваар санхүүждэг. АНУ нь тус байгууллагын хамгийн том санхүүжүүлэгч юм. “Visual Capitalist” сайтаас харвал АНУ нь 2022-2023 оны хооронд ДЭМБ-д 1.01 тэрбум ам.долларын сайн дурын санхүүжилт олгожээ. Энэ нь нийт сайн дурын санхүүжилтийн 15.6 хувь юм. АНУ-ын Жоржтауны их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн хуулийн профессор Лауренс Гостин ДЭМБ-аас гарах шийдвэр нь гүйцэтгэх зарлигуудаас хамгийн том нь гэж тодорхойлжээ.
3.Худалдааны хамгийн том түншүүд болох Канад, Мексик, БНХАУ-д гаалийн татвар тавив
АНУ-ын худалдааны хамгийн том түншүүд бол Канад, Мексик болон БНХАУ. Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Канад, Мексикийг АНУ-руу орж ирж буй хууль бус цагаачдын урсгалыг зогсоохыг шаардаж бараануудад нь 25 хувийн гаалийн татвар онооно хэмээсэн. Мөн тэр БНХАУ-ыг АНУ-руу чиглэсэн фентанилийн урсгалыг зогсоохыг шаардан 60 хувь хүртэлх гаалийн татвар онооно гэж анхааруулсан юм.
Мэргэжилтнүүд Трамп үнэхээр гаалийн татвар оноох эсэхэд эргэлзэж байхад Трамп бямба гарагт /2025.02.01/ Мексик, Канадад 25 хувийн гаалийн татвар оноож, БНХАУ-аас авдаг гаалийн татварыг 10 хувиар нэмэх гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурж худалдааны дайныг эхлүүлсэн.
Трамп өнгөрсөн арваннэгдүгээр сард ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Мексик, Канад, БНХАУ-ын эрх баригчид худалдааны дайнаас хэн ч хожихгүй гэж анхааруулж ирсэн юм. Түүний тавьсан гаалийн хоригийн хариуд Канад АНУ-ын 155 тэрбум ам.долларын бараанд 25 хувийн гаалийн татвар тавихаа мэдэгдсэн. Мөн Мексик, БНХАУ татварын эсрэг хариу арга хэмжээ авна хэмээсэн юм.

Гурван хамгийн том худалдааны түншүүддээ Трамп гаалийн татвар тавьсны дараа санхүүгийн зах зээлүүд донслов. Даваа гарагт /2025.02.03/ хөрөнгө оруулагчид ам.доллар худалдан авч, хувьцаануудаа олноор нь заржээ.
Хөрөнгө оруулагчид капиталаа худалдсан нь дан ганц Канад, Мексикийн зах зээлээр хязгаарлагдаагүй юм. Тэд криптовалют, хувьцаа, иен, евро гэх мэт бусад валютаа ам.доллароор арилжсан байна. Трамп Европын холбооны бараануудад гаалийн татвар заавал тавина гэж хэлсэн. Ийм учир еврогийн ханш ам.долларын эсрэг 1.3 хувиар буурчээ. Канад долларын ханш ам.долларын эсрэг 20 жилийн доод хэмжээндээ хүрсэн юм. Мөн песо, юанийн ханш суларч газрын тосны үнэ нэмэгдэн, металлуудын үнэ буурсан байна.
4.Гринландыг АНУ-д нэгтгэх
Трамп анх ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа буюу 2019 онд Гринландыг худалдан авах талаар ярьсан. Тухайн үед тэр Гринландын худалдан авах нь олон улсын аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай хэмээж байжээ. Гринланд нь Данийн хаант орны автономит улс юм.
Тангараг өргөхөөсөө өмнө Трамп Данийн Ерөнхий сайд Метте Фредериксентэй утсаар ярьсан. Ширүүхэн өнгөрсөн гэх тус дуудлагын үеэр Фредериксен Гринландыг худалдахгүй гэж Трампт хэлсэн байна. Тус дуудлагын талаар нэгэн албан тушаалтан “Financial Times”-д мэдээлэл өгөхдөө “Тэр байр сууриа баттай илэрхийлсэн. Хэцүүхэн дуудлага байсан. Өмнө нь түүнийг нухацтай авч үзэхэд хэцүү байсан юм. Гэхдээ одоо би үүнийг маш ноцтой бас аюултай гэж бодож байна” хэмээжээ.
Өнгөрсөн долоо хоногт Фредериксен Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Канцлер Олаф Шольц, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй уулзсан байна. Уг уулзалтын дараа тэр Европоос их дэмжлэг хүлээн авсан гэсэн юм. Шольц тус уулзалтын дараа “Хилийг хүчээр хөдөлгөж болохгүй” хэмээж Европ, НАТО хүчирхэг байх шаардлагатайг онцолсон байна.
Гринландын Ерөнхий сайд Мют Эгеде мэдэгдэл гаргахдаа газар нутгаа хэрхэх нь Гринландын асуудал гэсэн юм. Гэхдээ тэр батлан хамгаалах, уул уурхайн салбарт АНУ-тай хамтын ажиллагаагаа илүү нягт болгох хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байгаа.
Дани болон Гринландын ерөнхий сайд худалдахгүй гэх мессежийг тодорхой өгч байгаа ч Трамп “Дани ямар эзэмшил зарласныг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэд Гринландыг нэгдэхийг зөвшөөрөхгүй бол энэ нь чөлөөт ертөнцийг хамгаалахын төлөөх зүйл учир маш найрсаг бус үйлдэл болно. Дэлхийн эрх чөлөөтэй холбоотой учир бид Гринландыг авна гэж бодож байна” хэмээжээ.
5.Гадаадын орнуудад үзүүлэх тусламжийг царцаасан
Трамп АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас (USAID) гадаадын орнуудад үзүүлдэг тусламжийг (Израил, Египетээс бусад) 90 хоног царцаах шийдвэр гаргасан. Энэ хугацаанд тус агентлагийн үйл ажиллагааг Трампын “Америк Нэгт” бодлоготой нийцэх эсэхийг шалгана гэж байсан юм.

Тэгвэл тэрбумтан Илон Маск даваа гарагт /2025.02.03/ “USAID”-ийг хаахаар ажиллаж байгаа хэмээжээ. Трамп холбооны засгийн газрыг танах үйл ажиллагааг Маскт даатгаж өгсөн байгаа. Маск даваа гарагт хэлэхдээ “USAID”-ийг засахын аргагүй, Ерөнхийлөгч Трамп үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн гэжээ.
“USAID” бол дэлхийн хамгийн том хандивын байгууллага юм. 2023 оны санхүүгийн жилд тус алба 72 тэрбум ам.долларын тусламжийг цэвэр усны хүртээмж, ХДХВ/ДОХ-ын эмчилгээ, эрчим хүчний аюулгүй байдал, авлигатай тэмцэх зэрэг хүчин чармайлтад зориулж тараасан. “USAID” нь 2024 онд НҮБ-аас бүртгэсэн нийт хүмүүнлэгийн тусламжийн 42 хувийг хангасан байна. Тус агентлаг дүрвэгсдийн хуаран дахь хээрийн эмнэлгүүд, дайны бүсэд газрын тэсрэх бөмбөгийг цэвэрлэх, ХДХВ зэрэг өвчнөөр шаналж буй сая сая хүнд эм олгох гэх мэт үйл ажиллагаа явуулдаг билээ.
Эх сурвалж: Reuters, TIME, Al Jazeera
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулгайн мэдээндээ гаршиж шүү эгүүр.мн. Сентр�##� тв ройтерс агентлагтай гэрээтэй шүү аятайхан байгаарай
ЭЛБЭГДОРЖОО АВЬЯ ЗӨНӨГ ӨВГӨӨН
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Зөв баына