АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д.Ванс: Жо Байден олон муу шийдвэр гаргасан

АНУ-ын Дэд ерөнхийлөгч албан тушаалаа хүлээн авснаас хойших анхны ярилцлагаа “CBS News” агентлагт өнгөрсөн долоо хоногт өгчээ. Тус ярилцлагыг орчуулж хүргэе.
Маргарет Бреннан: Дэд ерөнхийлөгч өө, та бэлэн бол шууд эхэлье.
Дэд Ерөнхийлөгч Ж.Д. Ванс: Бэлэн байна.
Маргарет Бреннан: Ерөнхийлөгч Трампын өмнөх бүрэн эрхийн үед Батлан хамгаалахын сайдаар томилогдсон хүмүүс Сенатаас 90 хувийн дэмжлэгтэй батлагдаж байсан. Харин Пит Хегсетийн хувьд санал тэнцсэн, хоёр намын ч эсэргүүцэлтэй тулгарсан, энэ албан тушаал үүссэнээс хойших хамгийн бага зөрүүтэй батламж байлаа. Та санал тэнцээд байсныг шийдвэрлэсэн. Батлан хамгаалахын сайдаар нэр дэвшсэн хүн таны намыг ч нэгтгэж чадахгүй байтал яаж Батлан хамгаалахын албаны гурван сая хүнийг удирдах вэ?
Дэд ерөнхийлөгч Ванс: Тэгэхээр, Пит бол тогтолцоог өөрчлөх хүн. Миний бодлоор олон хүн энэ өөрчлөлтийг таашаахгүй байна. Гэхдээ энэ өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй. Өмнө нь Сенат олонхын саналаар сайд нарыг баталж ирсэн ч үүний үр дүн юу байсан бэ? Өнгөрсөн 40 жилд бид олон дайн хийсэн ч нэгд нь ч бүрэн ялаагүй. Манай цэрэг армид элсэгчдийн тоо эрс буурсан. Батлан хамгаалах салбарын зардлын хэтрэлт, худалдан авах ажиллагааны доголдол үнэхээр ноцтой хэмжээнд хүрсэн. Онгоц авахад хэдэн тэрбум ам.доллар зарцуулдаг, хэтэрхий өндөр зардалтай, зэвсэг хүргэлтийн хугацаа үргэлж хэтэрдэг. Бидэнд томоохон шинэчлэл хэрэгтэй. Мэдээж, энэ өөрчлөлтөд дургүй хүмүүс байгаа. Гэхдээ энэ бол Ерөнхийлөгч Доналд Трампын сонгуулийн кампанит ажлын гол амлалт байсан. Америкчууд ч түүнийг 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгосон шалтгааны нэг нь энэ.
Маргарет Бреннан: Тэгэхээр гол зорилго нь энэ бүхнийг өөрчлөх үү? Энэ ажлыг ганцаараа Пит Хегсет хийх үү?
Дэд ерөнхийлөгч Ванс: Миний бодлоор, Пит Хегсетийн хийгээсэй гэж бидний хүсэж буй зүйл нь Батлан хамгаалах яамны асуудлуудыг засах явдал. Энэ салбарт маш олон асуудал хуримтлагдсан. Бид төлөвлөгөөгүй хэт олон дайн эхлүүлсэн. Оролцох шаардлагагүй байсан мөртлөө хэт олон мөргөлдөөнд татагдсан. Манай зэвсэг худалдан авах систем маш их доголдолтой.
Маргарет Бреннан: Эдгээр нь бодлогын шийдвэрүүд биш гэж үү?
Дэд ерөнхийлөгч Ванс: Мэдээж, бодлогын шийдвэрүүд мөн. Гэхдээ бас логистик, хэрэгжилтийн асуудал юм. Жишээ нь, хиймэл оюун ухаан, дроны технологи, дроны дайны хөгжилтэй уялдуулан бид зэвсэг худалдан авах, цэргүүдээ хангах тогтолцоог бүхэлд нь өөрчлөх шаардлагатай. Одоогийн нөхцөл байдал асар их өөрчлөлт шаардаж байна. Бидний бодлоор, энэ өөрчлөлтийг хийх хүн бол Пит Хегсет. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, цэргийн ёс суртахуун Трамп ерөнхийлөгч болохоос өмнө түүхэнд байгаагүйгээр унасан. Зэвсэгт хүчин алба хаагч шинээр элсүүлэх зорилтот тоондоо хүрдэггүй. Гэтэл одоо цэрэг элсэлт нэмэгдэж эхэлсэн. Учир нь Пит Хегсет бол генерал, төрийн албан хаагчдын биш, харин дайнд байлдаж буй эрэгтэй, эмэгтэйчүүдийн өнцгөөс хардаг удирдагч юм.
Маргарет Бреннан: Бусад албан тушаалд нэр дэвшигчдийн тухай асууя. "Wall Street Journal", "National Review" зэрэг консерватив хэвлэлүүд Тулси Габбардыг хурцаар шүүмжилсэн. "National Review" түүнийг "маш муу нэр дэвшигч, ялагдах ёстой" гэж тодорхойлсон. Тэрбээр АНУ-ын нууц мэдээллийг хулгайлсан Эдвард Сноуденийг хамгаалж, Башар Ассад өөрийн ард иргэдээ химийн зэвсгээр хороосон гэх тагнуулын мэдээллийг хүлээн зөвшөөрөөгүй. Энэ бүхнээс харахад түүнийг Тагнуулын байгууллагын тэргүүн болгох шийдвэр танд эргэлзээ төрүүлэхгүй байна уу?
Дэд ерөнхийлөгч Ванс: Үгүй, Маргарет. Эдгээр хэвлэлүүд Доналд Трампыг байнга шүүмжилж ирсэн. Гэхдээ Америкчууд л эцсийн шийдвэрийг гаргадаг.
Маргарет Бреннан: Гэхдээ эцэст нь түүнийг дэмжсэн шүү дээ.
Дэд ерөнхийлөгч Ванс: Ерөнхийлөгч хэн байхыг эдгээр хэвлэлүүд биш, харин Америкийн ард түмэн шийднэ. Мөн Ерөнхийлөгч өөрийн засгийн газрын бүрэлдэхүүнийг тодорхойлох эрхтэй.
Маргарет Бреннан: Гэхдээ эцсийн шийдвэрийг Сенат гаргана.
Дэд ерөнхийлөгч Ванс: Тийм ээ, Сенат зөвлөмж, зөвшөөрлөө өгнө. Гэхдээ Тулси Габбард эцэст нь томилогдоно гэдэгт би итгэлтэй байна. Тэр бол 20 гаруй жил өндөр түвшний нууцлалын эрхтэйгээр цэргийн алба хашсан туршлагатай хүн. Түүний нэр хүнд, ажил мэргэжлийн замнал өө сэвгүй. Тэр бас тагнуулын байгууллагад иргэд итгэх итгэлийг сэргээх хүн. Одоогийн байдлаар, тагнуулын байгууллагууд улс төрийн зэвсэг болж хувирсан. Гэтэл бидэнд эх орноо хамгаалдаг хүчтэй тагнуулын байгууллага хэрэгтэй. Тиймээс Тулси Габбард яг тохирох хүн гэж үзэж байна.
Маргарет Бреннан: Гэхдээ тэр тагнуулын байгууллагуудад өөрөө итгэдэггүй шүү дээ.
Дэд ерөнхийлөгч Ванс: Тэр төрийн ажилтнууд хяналтаас гарсан гэдгийг анзаарсан. Тэднийг залан, бидний аюулгүй байдлыг хангах мэдээллийг олж тогтоох үндсэн зорилгод нь буцааж өгөх хүн бидэнд хэрэгтэй.
Маргарет Бреннан: Өнгөрсөн долоо хоногт олон үйл явдал өрнөлөө.
Дэд ерөнхийлөгч Ванс: Тийм ээ, үнэхээр олон зүйл боллоо.
Маргарет Бреннан: Та хүнсний үнэ бууруулах талаар кампанит ажил явуулсан. Гэхдээ энэ гүйцэтгэх тушаалуудын аль нь үнэхээр үнэ бууруулах вэ?
Дэд ерөнхийлөгч Ванс: Бид хэдийн томоохон өөрчлөлт хийж эхэлсэн. Хэд хэдэн гүйцэтгэх тушаалын үр дүнд олон ажлын байр АНУ-д буцаж ирж байна. Энэ бол хүнсний үнийг бууруулах гол хүчин зүйлүүдийн нэг. Илүү их хөрөнгө оруулалт, ажлын байр бий болгох нь зөвхөн үнийг бууруулаад зогсохгүй, хүмүүсийн орлогыг нэмэгдүүлнэ. Хэрэв та манай гүйцэтгэх тушаалуудыг харвал...
Маргарет Бреннан: Тэгэхээр, хүнсний үнэ буурахгүй гэсэн үг үү?
Дэд ерөнхийлөгч Ванс: Үгүй ээ, Маргарет, үнэ буурна, гэхдээ бага зэрэг хугацаа шаардлагатай. Ерөнхийлөгч ердөө тав хоногийн өмнө ажилдаа орсон. Гэхдээ энэ тав хоногт Жо Байдены дөрвөн жилд хийж амжаагүйг хийсэн гэж бодож байна. Маш хурдтай, үр дүнтэй ажиллаж байгаа. Бид Конгресстой хамтран ажиллаж, цаашдаа ч нэмэлт тушаалууд гаргана.
Үнэ бууруулах хамгийн гол арга бол манай улсад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх явдал. Та ямар гүйцэтгэх тушаал үнэ бууруулах вэ гэж асуусан. Бидний эрчим хүчний салбарт хийсэн ажлууд үүнд ихээхэн нөлөөлнө. Байдены захиргааны үед эрчим хүчний үнэ огцом өссөн нь бүх барааны үнийг нэмэгдүүлсэн. Харин Доналд Трамп аль хэдийн эрчим хүчний үнийг бууруулах хэд хэдэн гүйцэтгэх арга хэмжээ авсан. Үүний үр дүнд шатахуун болон хүнсний үнэ буурах болно. Гэхдээ үүнд тодорхой хугацаа хэрэгтэй. Ром хотыг нэг өдрийн дотор бариагүй шүү дээ.

Маргарет Бреннан: Тийм шүү.
Дэд ерөнхийлөгч Ванс: Бид богино хугацаанд их зүйл хийсэн ч, Жо Байдены удирдлага дор учирсан хохирлыг дөрөвхөн хоногийн дотор засаж чадахгүй.
Маргарет Бреннан: Эрчим хүчний үнийг өсгөсөн олон хүчин зүйл бий. Түүнчлэн газрын тос, байгалийн хийн олборлолт рекорд түвшинд хүрсэн шүү дээ.
Дэд ерөнхийлөгч Ванс: Тийм ээ, Жо Байден маш олон муу шийдвэр гаргасан.
Маргарет Бреннан: Гэхдээ хүмүүс дэлгүүрт очоод шууд мэдэрдэг зүйл нь өндөгний үнэ, махны үнэ гэх мэт зүйлс шүү дээ.
Дэд ерөнхийлөгч Ванс: Мэдээж, Маргарет.
Маргарет Бреннан: Сонгуулийн үеэр та гахайн махны үнэ хөндөж ярьж байсан. Тэгвэл хүмүүс яг хэзээ өөрчлөлтийг мэдэрч эхлэх вэ?
Дэд ерөнхийлөгч Ванс: Тийм ээ Маргарет, гахайн мах дэлгүүрт яаж ирдэг билээ? Дизель түлшээр явдаг ачааны машинаар зөөдөг. Хэрэв дизель түлшний үнэ өндөр байвал махны үнэ ч өснө. Фермерүүд маань мал аж ахуйгаа эрхлэхэд эрчим хүч хэрэгтэй. Тиймээс бид эрчим хүчний үнийг бууруулснаар хүнсний үнийг ч бууруулна. Энэ л бидний зорилго.
Маргарет Бреннан: Гэхдээ гаргасан ихэнх гүйцэтгэх тушаал эдийн засагтай шууд холбоогүй шүү дээ.
Дэд ерөнхийлөгч Ванс: Харин ч ихэнх нь эдийн засагтай холбоотой байсан, Маргарет.
Маргарет Бреннан: Хоёрдугаар сарын нэгэн гэхэд гаалийн татвар тавина гэж амласан.
Дэд ерөнхийлөгч Ванс: Бид долоо хоногийн дотор 200 гаруй гүйцэтгэх арга хэмжээ авсан. Зарим нь гүйцэтгэх тушаал, гүйцэтгэх арга хэмжээ. Үүнд эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүчний үнэ бууруулах чиглэлийн олон чухал шийдвэр багтсан. Мөн нийтийн аюулгүй байдлыг сайжруулах, Хууль зүйн яамны улс төржсөн ажиллагааг зогсоох зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулж ажилласан. Ерөнхийлөгч томоохон дэмжлэгээр сонгогдсон. Тэр энэ эрх мэдлээ үр дүнтэй ашиглаж, америкчуудын төлөө ажиллаж байна.
Маргарет Бреннан: Гэхдээ эдгээр арга хэмжээний бодит үр дүн хараахан гараагүй байна.
Дэд ерөнхийлөгч Ванс: Тийм ээ.
Маргарет Бреннан: Ерөнхийлөгч мөн Онцгой байдлын холбооны агентлаг (FEMA)-тай холбоотой шинэчлэл хийх талаар ярьсан. Тэрбээр улсын төсвийн тодорхой хэсгийг шууд мужуудад шилжүүлж, тэднийг өөрсдөө гамшгийн үед ажиллах боломжтой болгох тухай ярьж байна. Тэр “FEMA”-д шинэчлэл хийж, эсвэл татан буулгаж магадгүй гэсэн. Гэхдээ “FEMA” бол онцгой байдлын тусгай мэргэжилтнүүдтэй агентлаг. Зарим мужид ийм мэдлэг, туршлага байдаггүй шүү дээ. Бас санхүүгийн хувь бага боломжтой Миссисипи, Кентаки, Алабама гэх мэт мужууд хэрхэн холбооны засгийн газрын агентлагийн тусламжгүй гамшигтай хэрхэн тэмцэх юм бэ?
Дэд ерөнхийлөгч Ванс: Ерөнхийлөгч хэнийг ч орхигдуулна гээгүй. Харин төрөөс үзүүлэх тусламжийг хэрхэн үр дүнтэй хүргэх талаар өөрчлөлт хийх хэрэгтэй. Зарим хэсэг нь холбооны засгийн газраас ирж, зарим нь мужаас ирдэг тусламжийн төсвийг хүнд сурталтай төрийн алба хаагчдыг давж шууд хэрэгтэй хүмүүст нь хүргэх хэрэгтэй гэж тэр хэлж байгаа.
Маргарет Бреннан: Гэхдээ “FEMA” нь хамгийн түрүүнд тусламж үзүүлэх хүмүүс шүү дээ.
Дэд ерөнхийлөгч Ванс: Илэн далангүй ярья, Маргарет. Та “FEMA”-ийн мэргэжлийн туршлагын талаар ярьж байна. Гэхдээ Хойд Каролина, Калифорни, Флоридад болсон хар салхины үеэр “FEMA” өөрөө гамшиг шиг байсныг хүмүүс санаж байгаа. Энэ нь “FEMA”-д сайн мэргэжилтнүүд байхгүйдээ биш, харин төрийн хэт их бичиг цаас, шаардлагагүй дүрэм журам нь хүмүүст тусламжийг хурдан хүргэхэд саад болдогтой холбоотой.
Маргарет Бреннан: Тэгвэл одоо муж улсууд үүнийг өөрсдөө хийх хэрэгтэй болох нь ээ?
Дэд ерөнхийлөгч Ванс: Ерөнхийлөгч биднийг онцгой байдлын тусламжийг илүү үр дүнтэй, хурдан хүргэх систем бий болгож шинэчлэл хийхийг уриалж байгаа юм.
Маргарет Бреннан: Тэгэхээр та ерөнхийлөгчийн үгийг шууд утгаар нь ойлгож болохгүй гэж хэлэх гээд байна уу?
Дэд ерөнхийлөгч Ванс: Үгүй ээ, “FEMA”-д маш их өөрчлөлт хэрэгтэй гэдэг ерөнхийлөгчийн үгийг шууд хүлээж авна. Яагаад гэвэл өөрчлөлт хэрэгтэй. Би дэд ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа, тангараг өргөхөөсөө өмнө Хойд Каролинад очихдоо олон хүнээс сонссон. “FEMA” тусламжийн бараа, хүнс, эм, усыг агуулахад хүргэдэг ч, үүнийг ууланд амьдарч байгаа өлсөж, цангаж буй хүмүүст хүргэх тал дээр ямар ч төлөвлөгөөгүй байсан. Үүнээс хавьгүй сайн ажиллах боломж бидэнд бий, харин Доналд Трампын удирдлага дор бид үүнийг хэрэгжүүлнэ.
Маргарет Бреннан: Гэхдээ FEMA муж болон орон нутгийн удирдлагуудтай хамтран ажилладаг шүү дээ.
Дэд ерөнхийлөгч Ванс: Тэд ихэнхдээ хангалттай сайн ажилладаггүй.
Маргарет Бреннан: Тэгвэл энэ асуудал одоо муж болон орон нутгийн удирдлагууд дээр очих юм байна, тийм үү?
Дэд ерөнхийлөгч Ванс: Үгүй ээ, асуудал нь “FEMA”-гийн менежментийн баг муж болон орон нутгийн алба хаагчидтай хангалттай сайн ажиллаж чаддаггүйд байгаа юм. Америкчууд засгийн газраасаа илүү ихийг шаардах ёстой. Энэ нь Ерөнхийлөгч Трампын үндсэн зарчмуудын нэг. Байгалийн гамшиг болох үед хүнс, эм, ус хэрэгтэй газраа цаг алдалгүй очих ёстой. Калифорнид түймэр гарахад галын усан хангамж ажиллах ёстой. Америкчууд засгийн газраасаа хэт бага зүйл хүлээдэг байдал надад таалагдахгүй байна. Бид илүү ихийг шаардах эрхтэй, учир нь энэ бол дэлхийн хамгийн агуу улс. Доналд Трампын удирдлага энэ үзэл санааг сэргээх болно.

Маргарет Бреннан: Тэгэхээр холбооны засгийн газраас хамааралтай байдал хэвээр үлдэх ч, энэ асуудлыг анхаарах хэрэгтэй гэж ойлголоо. Тэгвэл өөр нэг асуудлын талаар асууя. Та сонгуулийн үеэр их ярьж байсан, мөн олон шийдвэр гаргасан нэг сэдэв бол цагаачлал.
Дэд ерөнхийлөгч Ванс: Тийм ээ.
Маргарет Бреннан: АНУ-ын Католик шашны номлогч нарын зөвлөл энэ долоо хоногт ерөнхийлөгч Трампын гаргасан зарлигуудын заримд шүүмжлэлтэй хандаж, ялангуяа Цагаачлал, гаалийн алба (ICE) сүм, сургуулиудад нэвтрэх эрх олгосон шийдвэрийг буруутгасан. Тэгвэл та хувь хүн талаасаа мөргөлийн үеэр эсвэл сургуульд ийм арга хэмжээ авахыг дэмжиж байна уу?
Дэд ерөнхийлөгч Ванс: Үүнийг би тодруулмаар байна. Хэрэв хэн нэгэн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн бол, тэр хүн хууль бусаар оршин суугч байсан ч, эсвэл хууль ёсны оршин суугч байсан ч, нийтийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд түүнийг баривчлах хэрэгтэй. Энэ бол зөвхөн цагаачлалын асуудал биш. Гэхдээ энэ талаар нэг зүйлийг хэлмээр байна, Маргарет.
Би өөрөө католик шашинтан хүний хувьд энэ мэдэгдлийг сонсоод маш их сэтгэлээр унасан. АНУ-ын Католик шашны номлогч нарын зөвлөл үнэхээр хүмүүнлэгийн асуудалд санаа зовж байна уу, эсвэл тэд хууль бус цагаачдыг дахин суурьшуулахад авсан 100 сая гаруй долларын санхүүжилтдээ л анхаарч байна уу гэдгээ эргэцүүлэн бодох хэрэгтэй. Бид АНУ-ын цагаачлалын хуулийг хэрэгжүүлнэ. Бид америкчуудыг хамгаална.
Маргарет Бреннан: Тийм ээ.
Дэд ерөнхийлөгч Ванс: Доналд Трамп америкчуудыг хамгаалах амлалтыг өгсөн. Хэрэв Католик номлогч нарын зөвлөл цагаачлалын бодлогын хүмүүнлэгийн үр дагаварт санаа зовж байгаа бол, Жо Байдены нээлттэй хилийн бодлогын улмаас хүний наймаанд өртсөн хүүхдүүдийн талаар ярихаас эхлэх хэрэгтэй.Тэд Лэйкен Райли шиг хэрцгийгээр хөнөөгдсөн хүмүүсийн талаар ярих хэрэгтэй.
Маргарет Бреннан: Тэгэхээр та хувьдаа тэд сургууль сүм рүү орохыг дэмжиж байна гэсэн үг үү?
Дэд Ерөнхийлөгч Ванс: Би хүчирхийллийн гэмт хэрэгтнүүдийг баривчлахыг дэмждэг, хамаагүй хууль бус цагаач уу, эсвэл өөр хэн нэгэн үү, бидний аюулгүй байдлыг хамгаалахын тулд энэ хэрэгтэй. Хэрэв сургуульд аюултай гэмт хэрэгтэн байвал, мэдээж би хууль сахиулагчдыг тэр хүнийг барихыг хүснэ.
Маргарет Бреннан: Мэдээж.
Дэд ерөнхийлөгч Ванс: Тэгэхээр, таны асуултын гол санаа юу вэ?
Маргарет Бреннан: Та энэ долоо хоногт энэ талаарх зохицуулалтыг өөрчилсөн шүү дээ, тийм болохоор асууж байна.
Дэд ерөнхийлөгч Ванс: Яг тийм.
Маргарет Бреннан: Тэр нь хууль сахиулагчдад сүм болон сургуулиудад нэвтрэх эрх олгож байна.
Дэд ерөнхийлөгч Ванс: Тийм ээ, бид хууль сахиулагчдад америкчуудыг хамгаалахын тулд хууль хэрэгжүүлэх эрх мэдэл өгсөн.
Маргарет Бреннан: Гэхдээ энэ нь зарим хүмүүсийг хүүхдээ сургуульд явуулахгүй байх айдаст хүргэж магадгүй.
Дэд Ерөнхийлөгч Ванс: Би энэ бодлого хууль бус цагаачдад сэрэмжлүүлэг болохыг л хүсэж байна.
Маргарет Бреннан: Та АНУ-ын Католик номлогч нарын зөвлөл хууль сахиулагчдаас гэмт хэрэгтнүүдийг нууж байна гэж бодож байна уу?
Дэд ерөнхийлөгч Ванс: Миний бодлоор, энэ байгууллага АНУ-ын ард түмний сонгосон цагаачлалын бодлогыг хэрэгжүүлэх тал дээр сайн түнш байж чадахгүй байна. Би чин сэтгэлээсээ католик шашинтан хүний хувьд, тэд илүү сайн ажиллана гэж найдаж байгаа илэрхийлье.
Маргарет Бреннан: Таны өөр нэгэн цагаачлалын бодлого, төрсөн хүүхдэд иргэншил олгох тухай тушаалыг сөрсөн таван зарга шүүх дээр үүссэн. Рональд Рейганы томилсон нэгэн холбооны шүүгч таны тушаалыг түр зогсоож, "Үндсэн хуулийн эсрэг" гэж нэрлэсэн. Энэ нь АНУ-ын Үндсэн хуулийн 14-р нэмэлт өөрчлөлттэй зөрчилдөж байна гэж та бодохгүй байна уу?
Дэд ерөнхийлөгч Ванс: Би тэр шүүгчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Эдгээр асуудлууд шүүхээр хэлэлцэгдэх нь ойлгомжтой. Манай Үндсэн хуулийн тогтолцоо ийм л байдаг. Гэхдээ ерөнхийлөгч Трампын үндсэн санаа маш энгийн: хэрэв та хууль ёсны байнгын оршин суугч, эсвэл АНУ-д амьдрахаар төлөвлөсөн хууль ёсны цагаач бол, таны хүүхэд мэдээж АНУ-ын иргэн болох ёстой. Гэхдээ, жишээ нь, та элчин сайдын хүүхэд бол АНУ-ын иргэн болохгүй.
Маргарет Бреннан: Гэхдээ энэ бол огт өөр асуудал.
Дэд ерөнхийлөгч Ванс: Гэхдээ энэ бол маш чухал зарчим.
Маргарет Бреннан: Элчин сайдын хүүхдүүдэд зориулсан тусгай зохицуулалт аль хэдийн бий шүү дээ.
Дэд ерөнхийлөгч Ванс: Бид үүнийг зөвхөн дипломатчидад бус, АНУ-д түр хугацаанд ирсэн бүх хүнд хамааруулах ёстой гэж үзэж байна. Хэрэв хэн нэгэн аяллаар ирээд АНУ-ын эмнэлэгт хүүхдээ төрүүлбэл, тэр хүүхэд АНУ-ын иргэн болох ёсгүй. Хэрэв хууль бус цагаач АНУ-д ирээд хүүхэдтэй болбол, тэр хүүхэд зүгээр л энд төрсөн учраас Америкийн иргэн болох ёсгүй. Энэ бол АНУ-ын цагаачлалын маш үндсэн зарчим.
Хэрэв та АНУ-ын иргэн болохыг хүсэж, хууль ёсны дагуу бүхнийг хийж, Америкчууд таныг хүлээн зөвшөөрсөн бол та иргэн болно. Харин түр хугацаанд ирсэн хүмүүсийн хүүхдүүд АНУ-ын иргэн болох ёсгүй. Миний мэдэхийн дэлхийн аль ч улс ингэж иргэншил олгодоггүй, тэгэхээр бид яагаад тэднээс өөр байх ёстой гэж?

Маргарет Бреннан: Гэхдээ АНУ бол цагаачдын байгуулсан улс.
Дэд ерөнхийлөгч Ванс: Тийм ээ, АНУ-ыг цагаачид болон суурьшигчид байгуулсан. Гэхдээ энэ нь 240 жилийн дараа бид хамгийн утгагүй цагаачлалын бодлоготой байх ёстой гэсэн үг биш. Дэлхийн ямар ч улс түр оршин суугчдад Америкийн иргэншлийн ашиг тусыг бүрэн хүртэх ёстой гэж хэлээгүй. АНУ-ын бодлого иргэдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёстой. Хэрэв та байнгын оршин суугч бөгөөд хууль ёсны иргэншилтэй бол таны хүүхэд Америкийн иргэн болно. Харин түр хугацаагаар ирсэн, АНУ-ын харьяанд байхгүй хүмүүсийн хүүхдийг яагаад иргэншүүлэх ёстой гэж?
Маргарет Бреннан: Тийм ээ, ерөнхийлөгч саяхан дүрвэгсдийг хүлээн авах үйл явцыг зогсоосон. Энэ нь АНУ-ын хил дээрх асуудалтай ямар ч хамааралгүй. Дүрвэгсдийн шалгалтын үйл явц 18-24 сар үргэлжилдэг. Тэднийг маш нарийн шалгадаг. Харин саяхан хэдэн мянган афганчууд онгоцны буудал дээр орхигдсон. Зарим нь АНУ-ын Засгийн газартай хамтран ажиллаж байсан хүмүүс бөгөөд тэднийг энд ирүүлэхээр амласан байсан. Наймдугаар сард та "Бидэнд тусалсан, эсвэл шалгалтыг давсан хүмүүсийг хаях ёсгүй" гэж хэлсэн. Та энэ байр сууриа хадгалсаар байгаа юу?
Дэд ерөнхийлөгч Ванс: Маргарет, би эдгээр цагаач эсвэл дүрвэгсдийг бүгдийг нь зохих ёсоор шалгасан гэж бодохгүй байна. Бидний мэдэж байгаагаар, зарим хүмүүсийг “зохих ёсоор шалгасан” гэх боловч тэд АНУ-д ирснийхээ дараа террорист халдлага төлөвлөж байсан нь тогтоогдсон. Ийм явдал сонгуулийн кампанит ажлын үеэр гарсныг та санаж байгаа байх. Тийм учраас эдгээр гадаадын иргэдийг бүгдгийг нь зохих ёсоор шалгаагүй нь тодорхой байна.
Маргарет Бреннан: Гэхдээ Афган дүрвэгсдийн жагсаалтад 30,000 хүн байна. Та энэ асуудлыг юу гэж үзэж байна вэ?
Дэд Ерөнхийлөгч Ванс: Миний гол үүрэг бол Америкийн ард иргэдийг хамгаалах явдал. Дүрвэгсдийн шалгалтын системд асуудал байгаа нь батлагдсан учраас бид хэдэн мянган шалгагдаагүй хүмүүсийг АНУ-д нэвтрүүлэх ёсгүй.
Маргарет Бреннан: Гэхдээ эдгээр хүмүүс шалгалтаа давсан шүү дээ.
Дэд Ерөнхийлөгч Ванс: Тэгвэл саяхан Оклахомад террорист халдлага төлөвлөж байсан тэр хүн яагаад АНУ-д орж ирсэн юм бэ? Тэр хүн "зохих ёсоор шалгагдсан" гэгдэж байсан. Зохих ёсоор шалгагдаагүй хүмүүс миний хүүхдүүдтэй нэг гудамжинд байхыг би хүсэхгүй байна. Би өөрийнхөө хүүхдүүдэд тийм зүйл хүсэхгүй байгаа учир бусад америкийн иргэн хүүхдүүдэд ч бас хүсэхгүй.
Маргарет Бреннан: Гэхдээ түүнийг энд ирсний дараа радикал үзэлтэй болсон эсэх нь тодорхой бус
Дэд ерөнхийлөгч Ванс: Надад тэр нь огт хамаагүй. Би зүгээр л тийм хүнийг АНУ-д байлгахыг хүсэхгүй байна. Ихэнх америкчууд ч надтай санал нийлнэ гэж бодож байна.
Маргарет Бреннан: За, одоо өөр сэдэв рүү оръё. Хоёр долоо хоногийн өмнө та “Fox News”-д ярилцлага өгөхдөө "Хэрэв та 1-р сарын 6-нд тайван жагссан ч Меррик Гарландын удирдаж байсан Хууль зүйн яам тантай гэмт бүлэглэлийн гишүүн шиг харьцсан бол өршөөл эдлэх ёстой. Харин хэрэв та хүч хэрэглэсэн бол өршөөл эдлэх ёсгүй" гэж хэлсэн. Та Ерөнхийлөгчтэй 1500 хүнийг нэг дор өршөөл үзүүлэх шийдвэр гаргах тал дээр зөвлөсөн үү?
Дэд ерөнхийлөгч Ванс: Маргарет, би таны анзаарсан нэг зүйлийг онцолмоор байна.
Маргарет Бреннан: Тэдэн дунд хүч хэрэглэсэн хүмүүс ч багтаж байгаа.
Дэд ерөнхийлөгч Ванс: Та миний хэлсэн дараагийн өгүүлбэрийг тасалж орхисон байна. Би тухайн үед "Мэдээж тодорхой бус асуудлууд бий" гэж хэлсэн. Энэ тодорхойгүй асуудал гэдэг нь юу вэ гэхээр, Меррик Гарландын удирдсан Хууль зүйн яам Үндсэн хуулийн эрхийг зөрчиж, хоёрдмол стандарт тогтоосон. 1-р сарын 6-ны жагсаалд оролцсон хүмүүсийг хатуу шийтгэсэн хэр нь бусад бүлэглэлүүдийг үл тоомсорлосон.
Маргарет Бреннан: Гэхдээ та энэ асуудлыг хэрэг тус бүрээр авч үзнэ гэж байсан. Харин одоо нийтээр нь уучиллаа.
Дэд ерөнхийлөгч Ванс: Тийм ээ, бид 1600 тохиолдлыг судалж үзсэн. Ингэж үзэхэд тодорхой болсон зүйл гэвэл, маш олон хүнийг шударга бус байдлаар шүүж, Үндсэн хуулийн эрхийг нь зөрчсөн явдал. Ерөнхийлөгч ч үүнийг итгэлтэйгээр хэлж байгаа. Би ч бас үүнтэй санал нийлж байна. Энэ зөв шийдвэр байсан.
Маргарет Бреннан: Гэхдээ Даниэл Родригес гэх хүн цахилгаан бороохой ашиглан цагдаагийн хүзүүг цохисон. Тэр 12 жил 7 сарын ял сонссон ч одоо өршөөгдлөө. Роналд МакАби гуулин төмөртэй бээлий өмсөж, цагдаад хүч хэрэглэн, бусад жагсагчид тэр цагдааг 20 секунд орчим зодсон. Тэр хүн ч бас уучлагдсан. Хэрэв та хууль сахиулагчдыг дэмждэг бол эдгээр хүмүүсийг яагаад шударга бусаар шийтгүүлсэн гэж үзэж байна вэ?
Дэд ерөнхийлөгч Ванс: Маргарет, энд нэг чухал ялгаа бий. 1-р сарын 6-нд яг юу болсон бэ гэдэг нэг асуудал. Харин Хууль зүйн яам хүмүүсийг яаж шүүсэн бэ гэдэг бас өөр асуудал. Бид мянга гаруй Америк иргэнийг шударга бусаар яллаж, улс төрийн зорилгоор шийтгэсэн гэж үзэж байна.
Маргарет Бреннан: Гэхдээ цагдаагийн эсрэг ингэж хүч хэрэглэх явдлыг зөвтгөж болно гэж үү?
Дэд ерөнхийлөгч Ванс: Цагдаагийн эсрэг хүч хэрэглэхийг зөвтгөхгүй. Гэхдээ үүнээс болоод Хууль зүйн яам Үндсэн хуулийн эрхийг зөрчиж, хоёрдмол стандарт тогтоох ёсгүй. Жишээ нь, Black Lives Matter хөдөлгөөнийхөн 20 гаруй хүний аминд хүрсэн хэр нь Хууль зүйн яам тэднийг ийм хатуу шийтгээгүй. Өршөөл гэдэг нь зөвхөн төгс хүмүүст зориулагддаг зүйл биш. Бид хууль сахиулагчдаа дэмжих ёстой ч шударга ёсыг бас хамгаалах хэрэгтэй. Энэ нь Меррик Гарландын удирдсан Хууль зүйн яамны гаргасан үйлдлээс өөр зүйл. Бид бурууг нь зассан. Үүн дээрээ баттай зогсоно.
Маргарет Бреннан: Ярилцах цаг дуусаж байна, гэхдээ хурдан нэг зүйл асууя. Ингэхэд, дэлхийн хамгийн чинээлэг хүмүүс тангараг өргөх ёслолд оролцсон. “Amazon”, “Google”-ийн удирдлагууд, “Facebook”-ийн Марк Зукерберг гэх мэт. Наймдугаар сард та "Google”, “Facebook” хэтэрхий томорсон гэж хэлсэн. Та “Тедди Рузвельтийн аргыг дагаж тэднийг задлах хэрэгтэй. Тэд иргэдийн юу хэлэхийг хянах ёсгүй" гэж хэлж байсан. Харин тэд Трампын тангараг өргөх ёслолд хандив өргөсөн байна. Та одоо ч гэсэн технологийн аваргуудыг задална гэж бодож байна уу?
Дэд ерөнхийлөгч Ванс: Маргарет, та хэн тэнд байсан талаар ярилаа. Миний ээж ч бас тэр ёслолд байсан. Түүнчлэн, ерөнхийлөгчийг дэмжсэн олон жирийн Америкчууд ч байсан...
Маргарет Бреннан: Гэхдээ тэд 1 сая доллар хандивласан шүү дээ.
Дэд ерөнхийлөгч Ванс: Харин миний ээж, жирийн хүмүүс тийм их мөнгө хандивлаагүй ч тэр тайзан дээр байсан. Гэхдээ бидний гол зарчим өөрчлөгдөхгүй. Технологийн аваргууд хэтэрхий их эрх мэдэлтэй болсон. Тэдэнд хоёр сонголт бий: Америкчуудын Үндсэн хуулийн эрхийг хүндэтгэж, цензургүй бодлого барих эсвэл Трампын удирдлага тэдэнд хатуухан хандах болно.
Маргарет Бреннан: Тэгэхээр, тэдэнд сануулга өгч байна гэсэн үг үү?
Дэд ерөнхийлөгч Ванс: Тийм ээ, тэд анхааралтай байх хэрэгтэй.
Маргарет Бреннан: Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс, эхний долоо хоногтоо бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
Дэд ерөнхийлөгч Ванс: Танд баярлалаа, Маргарет.
Эх сурвалж: CBS News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тийм шүү. Сайн Дэд ерөнхийлөгч таарлаа. Өмнөх нь зөвхөн дүр эсгэсэн, Дон�##�д Трампын буулгаад өөрөө болохыг хүссэн, хумсаа нуусан, их мөнгөний төлөө сан�##�аа худ�##�дсан нэгэн байсан. Ашгүй дээ.
ЭЛБЭГЭЭГ НААШ НЬ ЯВУУЛАДАХ ЗӨНӨГӨӨ