Сайдын рийл гоё байвал салбарын асуудал яах вэ

Иргэдийн төлөвлөгөөт хагалгаанууд ЭМДЕГ-ын санхүүжилтээс үүдэн хүлээгдсэн, эмнэлгүүд нь ханиадтай багачуудаа дийлэхээ больсон нөхцөл байдал үүсэж хэдэн эмнэлэг, эмч нар урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж гүйсээр.
Хамгийн сүүлд л гэхэд менингококкт халдвар гарч, гурван настай хүүхэд амиа алдлаа. Харин нөгөө талд хүүхдүүдээ хэрхэн хамгаалах заавар зөвлөмжгүй эцэг, эхчүүд сандарч явна. Гэтэл “2000 тун вакцин худалдан авч менингококкт халдварын ойрын хавьтал болсон хүмүүст хийнэ” гэж мэдэгдсэн салбарын сайд нь хувийн рийл багтайгаа хөдөө орон нутгаар ажиллаж, аялж явна. Харин нөгөө вакцин нь сураггүй.
Салбар нь хүндхэн нөхцөл байдалтай байхад сайд нь сошиалд цацах бичлэгтээ анхаарч яваа энэ үйлдэлд олон нийт дургүйцэл илэрхийлэв.
Хагалгаа нь хойшилсон иргэд, эмийн сангийн хаалга сахисан ахмадууд, халдварын улмаас сандарч шийдэл хүлээсэн эцэг эхчүүдэд сайдын рийл биш шийдэл хэрэгтэй.
Уг нь төрийн өндөрлөгүүд л хажуудаа хэвлэлийн багтай. Харин одоо сайд нар хүртэл хэвлэлийн багтай болж, дээрээс нь Ерөнхийлөгчөө дуурайгаад рийл хийх багтай болж.
Ерөнхийлөгчийн хувьд гаднын айлчлалуудаар тусгайлан кино шиг рийл бэлтгүүлж хандалт авдаг болсон. Тус рийлүүдийг ихэвчлэн гаднынхан үздэг байна. Энэ агуулгаараа айлчлалаа сурталчлах нь зөв болчхож байгаа юм.
Харин Эрүүл мэндийн сайдын 10 аймгийн томилолтын рийл хэнд ямар ач холбогдолтой вэ. Гоё сайхан рийл хийж иргэддээ харуулах бус салбарын асуудалдаа анхаарч иргэдээ анагаах юм биш үү. Т.Мөнхсайхан сайд аа.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайд бдгаараа бна. Юу гэх гээв