Эрдэнэмандал сумын ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

Улсын тэргүүний Эрдэнэмандал сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан, самбо, жудо бөхийн ОУХМ, Монгол улсын начин Батаахүүгийн Ганбаатарын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болсон.
Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Од” групп, “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Эм Жи Өү транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-013 анги, "Хатант Интернэйшнл" ХХК, "Тэнүүн Өлзий" ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэлээ.

Дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед Констракшн", "Асиан Сити" ХХК, "Валькан" групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан С.Сүхбат нар шалгарлаа. Наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Г.Бадрах, улсын начин Д.Амарсайхан, аймгийн арслан Б.Батсайхан нар үлдэв.

Мөн зохион байгуулагчдын зүгээс “Уран барилдааны шагнал”-ыг улсын харцага Б.Зоригтбаатарт, “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг аймгийн арслан Б.Батсайханд, "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг аймгийн арслан Н.Амгаланбаатарт тус тус гардууллаа.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.