Аваргын төлөөх тулааны үеэр тархины гэмтэл авсан Ирланд боксчин нас баржээ

28 настай Ирланд боксчин Жон Куни тулааны үеэр тархиндаа гэмтэл авсны улмаас нас барсан талаар түүний промоутер бямба гарагт /2025.02.08/ мэдээлсэн байна. Промоутер Марк Дунлоп “Долоо хоног гаруй амьдрахын тулд тэмцсэний дараа Жон Куни харамсалтайгаар таалал төгссөнийг мэдэгдэхэд харамсалтай байна. Тэр хүмүүсийн хайрыг хүлээсэн хүү, ах, хамтран ажиллагч байсан бөгөөд түүнийг ямар онцгой байсныг насан туршдаа санан дурсах болно” гэжээ.
Куни хоёрдугаар сарын нэгэнд Селтикийн супер хөнгөн жингийн аваргын цомоо хамгаалахын төлөө Нэйтан Хауэллстэй Бельфаст хотноо тулалдсан юм. Тэдний тулааныг есдүгээр үед зогсоож, Куни Бельфастын Викториа эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа тэр гавал доторх цус алдалтын улмаас тархин дахь даралт нэмэгдээд байсныг бууруулахын тулд мэс засалд орсон юм. Гэвч харамсалтайгаар тэр тархины гэмтлээ даалгүй нас барсан байна.
Тэрээр анх 2023 оны арваннэгдүгээр сард Лиам Гэйнорыг ялж Селтикийн супер хөнгөн жингийн аварга болж байжээ. Үүний дараа Куни гартаа бэртэл авсан тул жил тулаан хийгээгүй юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.