Трамп АНУ-д гаалийн татвар тавьдаг бүх оронд тариф оногдуулахаар төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхийн худалдааны системийг өөрчлөх дахин нэг алхам хийж, улс орнууд АНУ-ын бараанд тавьдаг гаалийн татвартай ижил хэмжээний татвар гаднын орнуудад тавих гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл аливаа орон АНУ-ын машины экспортод 10 хувийн татвар оноодог бол хариу барьж машинд нь 10 хувийн татвар онооно гэсэн үг. Трамп энэ долоо хоногийн эхээр "Хариу барих цаг болсон. Та бүхэн энэ үгийг олон удаа сонсоно. Хариу өгөх. Хэрэв тэд бидэнд татвар ногдуулбал, бид ч бас тэдэнд татвар ногдуулна" гэж хэлсэн юм. Энэ нь олон улсад өргөн хүрээтэй худалдааны дайн үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Трамп албан тушаалаа хүлээн аваад ердөө сарын хугацаанд хэд хэдэн тарифын бодлого хэрэгжүүлэв. Үүгээрээ тэр АНУ-ын эдийн засгийн чиглэлийг бүрэн хяналтдаа авлаа. Трамп өөрийнх нь явуулж буй эдийн засгийн бодлого сонгогчдод урт хугацаандаа үр дүн авчирна гэж итгэж байгаа. Харин богино хугацаанд эдгээр импортын татвар нь инфляц нэмэгдүүлж, эдийн засгийн тогтворгүй байдал үүсгэж, иргэдэд санхүүгийн дарамт үүсгэж магадгүй гэдгийг тэр хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ эдгээр алхмын нөлөө нь гаалийн татварын тухай нарийн мэдээлэл болон бусад улс хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс хамаарна.
Хэрэв энэ "хариу татварын" зарлиг хэрэгжвэл, АНУ-ын хэрэглэгчид, компаниудад хүнд тусах магадлал өндөр. АНУ өнгөрсөн онд нийт 4.1 их наяд долларын бараа импортолсон юм. Ийм хэмжээний импортод тариф ногдуулах нь худалдааны түнш орнуудаас хариу арга хэмжээ авахад хүргэж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлж болзошгүй. Мөн АНУ-ын холбоотнууд болон өрсөлдөгчидтэй харилцах харилцааг өөрчилж магадгүй.
Трамп гүйцэтгэх зарлигт гарын үсэг зурвал импортын татварыг нэмэгдүүлнэ гэж удаан хугацаанд ярьсан амлалтаа биелүүлэх юм. Гаалийн татвар тавьж байгаа нь өмнөх ерөнхийлөгч нарын бодлогоос эрс хазайж буй явдал. Өмнөх удирдагчид гаалийн татварыг стратегийн хэрэгсэл болгон ашиглах эсвэл аль болох багасгахыг зорьдог байв. Харин Трамп АНУ-ыг 1890-ээд оны татварын тогтолцоо руу буцаах хүсэлтэй байгаа гэж мэдэгджээ. Тэр үед импортын татвар нь улсын төсвийн гол орлого байсан билээ.
Гэвч хэрэв ажлын байрны өсөлт харагдахгүй, инфляц өндөр хэвээр байвал, энэ нь сөрөг хүчинд Трамп баячуудыг дэмжиж, дундаж давхаргыг хохироолоо гэж шүүмжлэх боломж олгоно. Гаалийн татвар нэмэх талаар Сенат дахь Ардчилсан намын тэргүүн Чак Шумер "Ямар ч талаас нь харсан, үүний улмаас хэрэглэгчдийн зардал нэмэгдэнэ. Бид энэ асуудлыг засах, зардлыг бууруулах, тэрбумтнуудыг замаас зайлуулахын төлөө хамтран ажиллана" хэмээсэн юм.
Трамп одоог хүртэл тавьсан гаалийн татварууд

Трамп саяхан БНХАУ-ыг АНУ-руу орж ирдэг фентанилийн урсгалд оролцдог хэмээн бараануудад нь арван хувийн гаалийн татвар нэмж оногдуулсан. Үүний дараа БНХАУ ч өөрийн хариу арга хэмжээг авсан. Трамп Мексик, Канад улсууд хууль бус цагаачлал, мансууруулах бодистой тэмцэхэд илүү анхаарах ёстой гэж үзэн мөн татвар тавьсан ч шийдвэрээсээ буцаж 30 хоног харж үзэх болсон билээ.
Даваа гарагт /2025.02.10/ Трамп 2018 оны ган, хөнгөн цагааны тарифаас зарим улс орнуудыг чөлөөлснөө цуцалж ган, хөнгөн цагааны бүх импортын татварыг 25 хувь болгож тогтоосон. Тэрбээр мөн автомашин, компьютерын чип, эмийн бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах талаар ярьж байна.
АНУ-ын худалдааны гол түншүүд Трампын шийдвэрт бэлтгэж, эсэргүүцэл үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлсэн. Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен мягмар гарагт "АНУ-аас шударга бусаар татвар ногдуулбал бид хариу арга хэмжээ авах болно" гэж мэдэгдсэн. Үүний үр дүнд Америкийн мотоцикл, жийнсэн өмд, бурбон виски, самрын тос зэрэг бүтээгдэхүүнүүд Европ өндөр татвар оноох магадлалтай. Канад, Мексик ч өөрсдийн хариу арга хэмжээг бэлдэж буй.
Трампын зөвлөхүүдийн хэлснээр, түүний гол зорилго нь "хариу татвар" тогтоох явдал байсаар ирсэн. Гэхдээ тэр гаалийн татварыг дипломат хэрэгсэл шиг хандаж, хөрш орнуудыг хууль бус цагаачлал, мансууруулах бодистой тэмцэхийг шахах арга болгон ашигладаг. Мөн тариф нь орлогын эх үүсвэр болж, орлогын албан татварыг бууруулахад тусална гэж тэр бодож байгаа юм. Гэхдээ гаалийн татвараар улсынхаа төсвийг босгох нь маш муу санаа гэж үзэж байгаа.
Худалдааны шинжээчдийн үзэж байгаагаар, Трампын хүсэж буйгаар хариу болгон тавих тарифын бүтэц нь түүний багт томоохон бэрхшээл учруулж байгаа аж. Энэ нь яагаад хариу татваруудаа мягмар гарагт /2025.02.11/ зарлаагүй шалтгаан байж магадгүй.
Стратеги, олон улсын судалгааны төвийн ахлах судлаач Уильям Рейншийн хэлснээр, Трампын албаныхан хэрэгжүүлэхэд хялбар 10 хувь эсвэл 20 хувийн жигд тариф сонгох эсвэл АНУ-ын тарифыг бусад улсын тарифтай тус бүр нь таарах байдлаар тооцох төвөгтэй аргыг сонгох боломжтой.
Тарифын ажлыг ойроос ажиглаж буй нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, мягмар гарагийн орой ч гэсэн шинэ татварын нарийн ширийн асуудал дээр ажиллаж байжээ.
АНУ дахь “BDO International” нягтлан бодох компанийн худалдааны шинжээч Дэймон Пайкийн хэлснээр, Трампын төсөөлж буй хариу тарифыг хэрэгжүүлэх нь асар их хэмжээний ажил шаардсан зүйл болно. Учир нь Дэлхийн гаалийн байгууллагын 186 гишүүн улс бүр өөр өөр тарифын хувь хэмжээтэй байдаг.
"Олон улсын түвшинд 6 оронтой код бүхий 5,000 орчим барааны ангилал байдаг. Үүнийг 186 улс тус бүрд нь тааруулбал, 5,000 x 186 гэсэн аварга том тооцоолол гарна. Энэ бараг л хиймэл оюун ухааны төсөл шиг л ажил болно" гэж тэр хэлсэн байна.
"Goldman Sachs"-ийн шинжээчид бүх улс орнуудын эсрэг тавих хариу татвараар Трампын тавих тариф дуусахгүй гэж таамаглаж байна.Тус банкны шинжээчид “Энэ бол түүний дөрвөн жилийн бүрэн эрхийн ердөө дөрөв дэх долоо хоног нь. Цаашид олон тарифын шийдвэрүүд гарах магадлал өндөр" гэж бичжээ.
Тэгвэл "Morgan Stanley"-ийн стратегич Майкл Зезас "Эдийн засгийн өсөлт, инфляц, хүүгийн түвшин, Холбооны Нөөцийн банкны бодлогод гаалийн татвар чиг хандлага голлох үүрэг гүйцэтгэнэ" гэж тэмдэглэжээ. Зезас "Даяаршлын эрин үед компаниуд зардлаа бууруулахын тулд хямд ажиллах хүч, түүхий эдийг гадаадаас авахыг эрмэлздэг байсан. Харин одоо энэ өөрчлөгдөж байна. Энэ шилжилт олон жилийн турш үргэлжилж, заримд нь бэрхшээл, заримд нь том боломж авчирна" гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Yahoo News, Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөнөг Трамп
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!