Ханан дээр зурдаг И.Түвдэндорж: Зураг зурахдаа, дотоод мөн чанараа хоосон байлгадаг

Айл гэрт, орон сууц, хашаа гудамж, хаана тааз гээд бүгдэд өөрийн сонирхлоороо зураг зурдаг энэ залууг И.Түвдэндорж гэдэг.
Тэрбээр Булган аймгийн Хангал суманд төрж өссөн бөгөөд багаасаа зурах сонирхолтой, авьяастай хүүхэд байсан гэнэ. Хэдий зураач гэх мэргэжлийг эзэмшээгүй ч өөрийн сонирхлоороо сайн дураар болон байгууллагуудтай хамтраад гудамж талбайд өнгө нэмж, өөрийн содон, сонирхолтой хэв маяг бүхий зургаараа олон нийтийн нүд сэтгэлийг баясгаж яваа нэгэн залуутай ярилцлаа.
-Таны хана, хашаан дээр зурсан зураг хүмүүсийн сэтгэлд хүрч, айл өрх, албан байгууллага өнгө нэмж байна. Өөрийнхөө сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Хотынхоо өнгө үзэмжид хувь нэмрээ оруулж, багахан ч гэсэн үзэмж нэмж байгаадаа үргэлж баярладаг. Зураг зурснаар өөрийгөө хөгжүүлэхээс гадна орлоготой болно. Залууст эх орондоо ч хөдөлмөрлөөд сайхан амьдарч чадна гэдгийг үлгэрлэхийг хичээдэг дээ.
-Хэзээнээс гудамж, талбай, айл өрхийн ханан дээр зурж эхэлсэн бэ?
- Би хана, хашаа, хаалган дээр зураг зурдаг болоод таван жил болж байна. Нийтийн байранд амьдардаг байхдаа өнөөх байрныхаа гадна хашааны хаалган дээр хоёр хоточ нохой зурж энэ бүхэн эхэлсэн дээ. Ингээд үргэлжлүүлэн хүүхдийн тоглоомын талбай, хашаа, хаалган дээр зурах болсон. Сүүлд эко Улаанбаатар зургийг зурсан. Багаасаа л авдрын нүүрэн дээр шохойгоор зураг зураад сууж байдаг хүүхэд байсан гэсэн. Нимгэн дөрвөлжин шугамтай дэвтрийг дүүртэл нь морь зурчихаад, цоортол нь баллуурдаад дахиад зурна. Хээр талд ургасан тэр олон өнгийн цэцгийг яаж зурж, өнгийг нь яаж гаргахаа мэдэхгүй биширч зогсдог хүүхэд байлаа. Зурах дуртай байсан ч зураач болно гэж бодоогүй. Гэхдээ сургуульд байхдаа бүх л зургийн тэмцээнд орж, тэргүүн байрт шалгардаг байсан. Хичээлүүдэд жигд сайн байсан учраас багштайгаа ярилцаад хэл шинжлэлийн мэргэжлээр их сургуульд сурсан. Зураг зурж эхлэхдээ найзуудыгаа болон олны танил эрхмүүдийг зурж, өөрийгөө хөгжүүлдэг байлаа. Өдөрт заавал нэг зураг зурна. Тухайн өдөр юу болсон, хэр их ядарсан нь огт хамаагүй, заавал нэгийг зурна. Ингэж хичээж өөрийгөө сайн хөгжүүлсэн гэж боддог.
-Арван жилээ төгсөөд, ямар мэргэжил эзэмшиж байсан бэ?
-Арван жилээ төгсөөд багштайгаа ярилцаж байгаад нэлээд ирээдүйтэй мэргэжил байж магадгүй гэж бодсоны үндсэн дээрээс ШУТИС-ийн компьютер гадаад хэлний ангид орсон.
Оюутан байх хугацаандаа мэргэжлээрээ суралцахаас илүүтэй бараг ажил хийж сурсан гэж хэлж болох байх. Машин угаалга хийдэг байлаа. Хуушуур хийж зардаг байлаа. Тэгж байгаад явуулын хоол гар дээрээс зарагдахаа больж, 2020 оноос хойш зураг зурж эхэлсэн.
-Та өөрийн цахим хаягтаа бяцхан контент хөтөлдөг. Хүмүүс хэрхэн, яаж хүлээж авч байгаа вэ?
-Мэдээж энэ миний ажил. Гэхдээ бусдан сэтгэгдлийг маш их хөдөлгөдөг. Тиймээс олон нийтэд сонирхолтой байх үүднээс тайлбарлаж, контент хийж байгаа. Хүмүүс ер нь муугаар бичиж дурсаагүй ээ. Гэм нь мэргэжлийн бус учраас яг мэргэжлийн зураачид намайг айхтар шүүмжлэх байх гэж боддог.
-Нэгээс нөгөөд шилжиж, бүх талаар л зурах гэж хичээдэг-

-Ерөнхийдөө яг дагнадаг төрөл бий юу?
-Байхгүй ээ. Захиалагч юу хүснэ, би түүнийг хийнэ. хэн нэгэн надаас “Европыг мэдрүүлсэн зураг зураад өгчих” гэвэл би зурах л болно. Яг нэг зүйлийг л зурдаг гээд байж болохгүй шүү дээ. Салхи хаашаа би тийшээ гэсэн зарчимтай.
-Сэтгэлээс нь гардаггүй бүтээл байгаа юу?
-Эмээгийнхээ 80 насны төрсөн өдрөөр зурч өгсөн зургандаа их хайртай.
-Таны хувьд хамгийн удаандаа хичнээн сар зураг зурж байсан бэ?
-Сая дурдсан эмээдээ өгсөн зургийг хоёр сар зурсан. Ерөнхийдөө би их тайван төрлийн хүн. Зураач хүний нүдэнд зураг нь бүрэн болсон харагддаггүйя Энд нэг юм нэмчихье, ингэчихье гэсээр байгаад нэлээн хугацааны дараа зургаа эцэслэдэг юм шиг санагддаг. Тиймдээ ч цагт баригдалгүй зургаа зурахыг илүүд үздэг.
-Таны хувьд зураг зурахын сайхан нь юу вэ?
-Бүтээлээ бүрэн дууссаны дараа харах хамгийн сайхан. Яг зурж байх үед алдаатай, төсөөлснөөс өөр болоод байгаа юм шиг санагддаг. Гэхдээ хамгийн сүүлийн давхаргаа тавиад зургаа харах мөч, дараа нь хүмүүст “Энэ миний зураг” гэж танилцуулах хамгийн сайхан.
Нөгөөтээгүүр зураг зурахдаа би бясалгал хийчихдэг гэхэд гэмгүй. Зураг зурахдаа зураач нь өөрөө стресстэй байвал зураг нь гараас гарахгүй. Гараас гарахгүй ялархаж хийсэн зургтыг дараад нь хэн нэгэн харахад зураг амьгүй санагдана байх.
-Уран зураг амьтай гэсэн үг үү?
-Тиймээ. Амьтай гэхэд ер нь болно. Би зургаа зурахдаа дотоод сэтгэлээ амгалан тайван, хоосон чанартай болгож байгаад зурдаг гэж хэлсэн. Энэ их чухал. Амгалан тайван, сэтгэлдээ хиргүй хүн зөвхөн зургандаа л төвлөрнө. Тэгээд л нэг хөөрхөн бүтээлээ гараас гаргачихдаг.
-Ер нь таны ирээдүйн төлөвлөгөө юу вэ?
-Хэлчихвэл биелэхгүй байх. Гэхдээ өөрийн гэсэн бүхнээ нэгтгэнэ ээ.
-Одоо та ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Yoshinaya гээд Япон хоолны газрын ханыг зурж байна. Өнөөх хэлсэн ёсоор нэгээс нөгөөд хувирсан байна. Япон өнгө будаг хэтэрхий тайван, дулаан өнгөтэй байдаг. Одоо энэ газарт хоол идэхээр ирсэн хүмүүст хайр мэдрүүлсэн амьтай байлгахыг хичээж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Ийнхүү бидний яриа өндөрлөж, тэрбээр өнгө будгаа холихоор ажилдаа шамдлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.