Нийгмийн

МСНЭ-ийн ерөнхийлөгч, сэтгүүлч Ө.Отгонбаатарыг даваа гарагт эцсийн замд нь үднэ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, сэтгүүлч Ө.Отгонбаатарыг ирэх даваа гарагт буюу 2025 оны хоёрдугаар 17-ны даваа гарагт эцсийн замд нь үднэ. МСНЭ-ийн Ерөнхийлөгч, сэтгүүлч Ө.Отгонбаатартай салах ёс гүйцэтгэх ёслол хоёрдугаар сарын 17-ны даваа гарагийн 07.40-09.10 цагийн хооронд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно.


Өлзийбаяр овогтой Отгонбаатар 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр өвчний учир таалал төгсөж, бид бүхэнд хүнд гарз, уй гашуу тохиосон билээ. Тэрээр 1976 онд Улаанбаатар хотноо айлын 5 дахь хүү болон мэндэлж, 1994 онд ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийг төгсөж, улмаар МУИС, Утга зохиолын дээд сургуульд суралцан сэтгүүлч мэргэжил эзэмшжээ. Ө.Отгонбаатар Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцахын зэрэгцээ Монголын үндэсний радиогийн хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажлын гараагаа эхлүүлсэн юм. Ийгл телевизийн анхдагчдын нэг болон 1998-1999 онд сурвалжлагч, МҮОНРТ-ийн ММ агентлагт 1999-2004 онд сурвалжлагч, тоймч, 2006 онд захирал, ТВ-9 телевизэд 2004-2006 онд мэдээний албаны дарга, С1 телевизэд 2006-2012 онд мэдээний албаны дарга, ТВ 10 телевизэд 2012-2015 онд Гүйцэтгэх захирал, ТВ5 телевизэд 2016 оноос Ерөнхий редактороор ажиллаж байлаа.

Тэрээр сэтгүүлчийн ажлаас гадна авьяас сонирхлоо нээн харуулж, Монголын үндэсний телевизийн урын сан дахь таван анги бүхий “Мятрашгүй Жулиа” киноны Жулиагийн хүү, “Буржгар үст Сюзан” киноны гол дүр зэрэг 10 гаруй орчуулгын кино бүтээлд дуу оруулжээ. Ө.Отгонбаатар МҮОНТ-ийн “Сүлд”, “Ярилцья” нэвтрүүлэг, ТВ5 телевизийн “Сар шинийн эгшиглэн” нэвтрүүлэг, “Долоо хоногийн тойм” зэрэг үзэгчдэд танигдсан олон арван нэвтрүүлгийг мэргэжлийн түвшинд бэлтгэн хүргэж, олны талархал, хүндлэлийг хүлээсэн сэтгүүл зүйн нэгэн үеийн том төлөөлөл байлаа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчөөр 2022 онд сонгогдон хэвлэлийн эрх чөлөө, хараат бус сэтгүүл зүйн төлөө тууштай тэмцэж, сэтгүүлч нэг бүрдээ туслах, мэргэжлийн эрх ашгийг нь хамгаалахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллахын зэрэгцээ Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн батлуулах үйл хэрэгт тууштай зүтгэж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button