Австрид хутгатай халдлага хийсэн этгээд Исламын террорист бүлэгтэй хамаатай байжээ

Австри улсын Виллак хотод хутгатай халдлага хийсэн 23 настай Сири цагаач Исламын улс террорист бүлэгт үнэнч байх тангараг өргөсөн байсныг албаныхан мэдэгджээ. Сэжигтэн 14 настай хүүгийн аминд хүрч, таван өөр хүнийг гэмтээсэн.
Тус улсын Дотоод хэргийн сайд Герхард Карнер мэдэгдэл хийхдээ интернэтээр дамжуулж экстремист үзэлтэй болж, орон сууцнаас нь Исламын улс бүлгийн далбаа олджээ. Карнер хохирогчдод эмгэнэл илэрхийлж “Ийм мөчид хүмүүсийн уур хилэн хүрэх нь ойлгомжтой. Исламист халдагч энэ хотод гэм зэмгүй хүмүүс рүү халдсанд уурлах нь мэдээж” гэсэн юм.
Сэжигтэн цагдаа нарын анхааралд ороогүй байсан тул албан тушаалтнууд улсаас нь орогнол хүссэн хүмүүсийг шалгах илүү эрх мэдэлтэй байх ёстой гэж Карнер хэлсэн байна. Мөн цагдаа нар олон газар ямар нэг шалтгаангүйгээр орогнол хүсэгчдийг бөөнөөр нь шалгах шаардлагатай хэмээжээ.
Исламын улс бүлэг одоогийн байдлаар тус халдлагыг үйлдсэн эсэхээ мэдэгдээгүй байна. Гэхдээ тус бүлэг АНУ болон Европт ганцаараа халдлага үйлдэхийг уриалсан нийтлэл сошиал орчинд саяхан тарааж байсан юм. Өнгөрсөн наймдугаар сард Австрийн нийслэл Венад Тэйлор Свифтийн тоглох үеэр тэсрэх бөмбөг дэлбэлэх халдлага төлөвлөж байсныг зогсоосон билээ. Сэжигтэн мөн Исламын улс бүлэгт үнэнч байх тангараг өргөсөн байсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.