Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Трампын Украины дайныг дуусгах төлөвлөгөөнд юу багтаж байгаа вэ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Украины дайныг 24 цагийн дотор дуусгана гэж хэд хэдэн удаа хэлсэн. Тэр сонгуульд ялж, ажлаа хүлээж авсны дараа Трампын Украины асуудлаарх тусгай элч Кит Келлог хэдэн жил бус хэдэн сарын дотор Украины дайныг дуусгах төлөвлөгөөтэй хэмээсэн юм.

Трамп бүрэн эрхт хугацааны эхний өдрүүдэд Украины дэмжиж байгаа байр суурь илэрхийлж байсан. Тэр нэгдүгээр сарын 22-нд өөрийн сошиал хуудас дээрээ “Одоо тохиролц, энэ утгагүй дайныг дуусга. Үүнээс цаашаа нөхцөл байдал улам л дордоно. Хэрвээ бид удахгүй тохиролцоонд хүрэхгүй бол би ОХУ-аас АНУ-д зардаг бүх зүйлд хориг, өндөр гаалийн тариф, татвар тавихаас өөр аргагүй. Мөн үүнд оролцогч бусад орнуудад эдгээрийг ногдуулна” гэсэн.

Мөн Трамп Саудын Арабыг газрын тосны үнэ бууруулахыг нэгдүгээр сард болсон Дэлхийн эдийн засгийн форумд үг хэлэхдээ уриалсан. Ингэснээр ОХУ нефтийн экспортоос олдог орлогыг нь буурч, хэлэлцээний ширээний ард суухад нь шахалт үзүүлнэ гэж Трамп таамаглаж байсан юм.

Тэр өнгөрсөн долоо хоногт Путин, Зеленскийтэй утсаар ярьснаа мэдэгдсэн. Утсаар ярьсныхаа дараа Трамп Украинд гал зогсоох хэлэлцээ эхлүүлэхээр Путинтэй тохиролцсон хэмээсэн байна.

Хоёр улсын удирдагч нартай ярилцсаныхаа дараа Трамп “Тэр дайныг дуусгахыг хүсэж байна. Үүнийг дуусгачхаад зургаан сарын дараа ч юм уу дахин дайн эхлүүлэхийг хүсэхгүй байгаа. Бид энх тайвныг тогтоох замдаа орсон гэж бодож байна. Миний бодлоор Ерөнхийлөгч Путин энх тайвныг хүсэж байгаа бас Ерөнхийлөгч Зеленский энх тайвныг хүсэж байгаа. Би энх тайвныг хүсэж байна” гэсэн юм.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд Трамп Украины дайныг ОХУ-д ээлтэй байдлаар дуусгах төлөвлөгөөтэй байгаа мэт байх болов. Трамп Украины дайныг дуусгах ямархуу төлөвлөгөө гаргаад байгааг харцгаая.

Украин газар нутгаа авах магадлал бага

Москва одоогийн байдлаар Украины газар нутгийн тавны нэгийг эзэмшиж буй. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д Ванс сонгуулийн кампанит ажлын үеэр одоогийн фронт дээр шинэ хил үүсгэж, тус бүсэд энхийн сахиулах цэргүүд бүхий буффер үүсгэх нь нэг боломжит гаргалгаа гэж ярьж байсан юм.

Украины зүгээс ямар ч энхийн хэлэлцээ ОХУ 2014 оноос өмнөх Украины хилээс цэргүүдээ татах тохиролцоог оруулах ёстой гэж мэдэгдсэн. Энэ нь ОХУ өөрсдийн газар нутагтаа нэгтгэсэн Луганск, Донецк, Херсон, Запорожье мужаас гадна Крымын хойгоос цэргээ татна гэсэн үг.

Өнгөрсөн долоо хоногт болсон Мюнхений аюулгүй байдлын хурлын үеэр Зеленский “Бид эзлэгдсэн газар нутгийг хэзээ ч ОХУ-ынх гэж хүлээн зөвшөөрөхгүй” хэмээсэн юм. Тэрбээр “The Guardian” агентлагт ярилцлага өгөхдөө ОХУ-ын эзэмшиж буй Украины газар нутгийг Курск мужийн газар нутгаар солилцож болно гэжээ. Үүнийг Кремль даруй үгүйсгэсэн юм.

Одоог хүртэл Украины холбоотнууд Украин Крымын хойгийг оролцуулаад бүх газар нутгаа Украин буцааж авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж ирсэн. Тэгвэл Трамп Путинтэй утсаар ярьсныхаа дараа Украин бүх газар нутгаа буцааж авах магадлал бага гэсэн байна.

Мөн АНУ-ын Батлан хамгаалахын сайт Пит Хэгсет өнгөрсөн долоо хоногт Украин 2014 оноос өмнөх газар нутгаа авна гэж найдах нь бодитой бус гэсэн юм. Тэр “Бид та бүхэнтэй адил тусгаар тогтносон, цэцэглэн хөгжиж буй Украиныг хүсэж байгаа. Гэхдээ Украин 2014 оноос өмнөх хил рүүгээ буцна гэдэг нь бодит бус зорилт гэдгийг ухаарах ёстой. Энэ төсөөллийн зорилгын хойноос хөөцөлдөх нь дайныг уртасгаж, илүү их зовлон зүдгүүрийг авчирна” хэмээсэн. Гэхдээ Хэгсет ингэж хэлснээсээ нэг хоногийн дараа мэдэгдлээсээ буцсан мэт хэлэлцээний хувьд бүх зүйл боломжтой хэвээр, Трамп ямар буулт хийхийг шийднэ гэсэн юм.

НАТО-д элсэхгүй, эсвэл элсэх үү?

Зургийн эх сурвалж: NATO

Украины албан тушаалтнууд дайн дууссаны дараа ямар нэгэн байдлаар улсынх нь аюулгүй байдалд баталгаа хэрэгтэй гэж үзэж буй. Аюулгүй байдлын баталгааг НАТО-д элсэх, цөмийн зэвсэгтэй болох эсвэл энхийг сахиулагч цэргүүд Украинд байрлуулж олгох боломжтой.

НАТО-гийн гишүүн орнууд Украиныг элсүүлэх асуудлыг хойш нь тавьж, цааргалсаар ирсэн. АНУ энэ тал дээр хоёрдмол байр суурь илэрхийлээд буй. Тодруулбал Трамп Путинтэй утсаар ярьсныхаа дараа Украин НАТО-д элсэх магадлал бага хэмээсэн юм. Тэрбээр ОХУ Украиныг НАТО-д элсэхийг зөвшөөрөхгүй байх гэжээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Хэгсет хэлэхдээ дайныг дуусгах тохиролцоонд Украин НАТО-д элсэх тухай оруулна гэж АНУ бодохгүй байгаа гэсэн юм. Гэхдээ тэр нэг өдрийн дараа бүх зүйл боломжтой гэж хэлснийг дээр дурдсан билээ.

Сонирхолтой нь АНУ-ын Украин дахь элчийн орлогч Жон Коал “Одоогийн байдлаар бүх зүйл боломжтой” гэсэн юм. Тэр Мюнхенд байхад нь сэтгүүлч нар АНУ Украиныг НАТО-д элсэхийг үгүйсгэж байгаа талаар асуухад ингэж хариулжээ. Мөн Коал Украин 2014 оноос өмнөх хил дээрээ очих нь мөн боломжтой гэжээ. Трампын захиргаа Украин газар нутгаа эргүүлэн авах мөн НАТО-д Украиныг элсүүлэх тал дээр ийм хоёрдмол байр суурьтай байгаа юм.

ОХУ-ын хувьд Украиныг хэзээ ч НАТО-д элсүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа. НАТО-д элсэхийн тулд бүх гишүүн нь дуу нэгтэй зөвшөөрөх ёстой байдаг. НАТО-гийн гишүүн Словакийн Ерөнхий сайд Роберт Фико Украиныг хэзээ ч элсүүлэхгүй хэмээсэн. Мөн НАТО-д ОХУ-ын талд ээлтэй ханддаг хэд хэдэн гишүүн байгаа нь Украин элсэхэд хориг тавих боломжтой.

АНУ-ын цэргийг Украинд байрлуулахгүй

АНУ нь дээр авч үзсэн хоёр сэдэвтэй харьцуулахад цэргээ Украинд байрлуулахгүй тал дээр баттай зогсож буй. Батлан хамгаалахын сайд Хэгсет Украинд өгөх аюулгүй байдлын баталгаа юу ч байсан АНУ-ын цэргийг Украинд байрлуулах лав орохгүй гэсэн юм.

Тэр үүний оронд Европ болон Европын бус чадварлаг цэргүүд байрлуулах ёстой хэмээжээ. Хэрвээ цэргүүд энхийн сахиулагчаар байрлуулах бол НАТО-той холбоогүй байх ёстой гэдгийг тэр нэмж онцолсон юм. Ингэснээр АНУ болон НАТО-гоос аюулгүй байдлын батламж олгохыг ерөнхийдөө үгүйсгэж буй. Зеленский “The Guardian” агентлаг “АНУ оролцоогүй аюулгүй байдлын баталгаа бол ямар ч баталгаа биш” хэмээсэн.

Цэргээ байрлуулж аюулгүй байдлын баталгаа олгоход оролцохыг Европын орнууд тийм ч их хүсэхгүй байгаа юм. Их Британи, Франц болон Балтын улсуудаас бусад Европын орнууд цэргээ энхийг сахиулагчаар илгээхэд дурамжхан хандаж буй.

Эх сурвалж: Reuters, Al Jazeera, BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 18, 2025 12:47

Шүдгүй арслан

Холбоотой мэдээ

Back to top button