Орлого нь 445 тэрбумаар өссөн ЭМД-ын сангийн санхүүжилт энэ жил дахин тасалдах уу, С.Энхболд дарга аа

2024 оны 9 дүгээр сард иргэд жороор хөнгөлөлттэй авдаг эмийг авч чадахгүйд хүрч, улсын эмнэлгүүд ч хүртэл шаардлагатай хагалгаануудаа хойшлуулж, дотооддоо зохицуулалт хийхээс аргагүйд хүрсэн билээ.
Тухайлбал, өнгөрсөн оны гуравдугаар улиралд Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн сангуудад санхүүжилт хийгдэхгүйгээс болж иргэд жороор авдаг эмүүдээ авч чадахгүйд хүрсэн тул хөнгөлөлтгүй үнээр нь ч хамаагүй авахад хүрэв. Энэ үед хөнгөлөлтөөр олгодог 155 нэр төрлийн эмийн тасалдал үүссэн байна. Салбарынхан нь хэлэхдээ 2021 оноос хойш хөнгөлөлтэй эмийн дээд хязгаарыг өөрчлөөгүй буюу үнэ нь нэмэгдээгүй гэж хэлдэг. ЭМД-ын сангийн нийт төсвийн уг нь нэг хүрэхгүй хувь нь л энэ хөнгөлөлттэй эмэнд оногддог.
Харин нөгөө талд эмийн сангууд 24 тэрбум төгрөгийн авлага үүсэж, ихэнх нь эм ханган нийлүүлэх байгууллагадаа өр тавьж эхэлсэн. Ингэснээр эрүүл мэндийн салбарын хэмжээнд давхар өрийн сүлжээ үүсэхдээ тулж, улсын эмнэлгүүд ч мөн шаардлагатай эм, эмийн бүтээгдэхүүн зэргийг авахад хүндрэлтэй болж өрөнд орсон. Энэ дүн 107 тэрбумаар яригддаг. Дан ганц 2024 онд үүсчихсэн өр биш. ЭМД-ын санхүүжилт тасарснаас үүдэн 2023 онд ч мөн ийм асуудал гарсан. Ингээд салбараараа алданги төлж, ажилладаг л газрууд болов.
Тасралтгүй үйл ажиллагаа нь явж байх ёстой салбар доголдохгүйн тулд сүүлдээ арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авч, нэн шаардлагатай эмүүдийг гэхэд л таслахгүйгээр бага багаар авч иргэдэд үйлчилсэн байдаг.
Ингээд энэ салбарт ажил, үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд санхүүгийн дарамтад өртөж эхэлсэн. Даатгалын санхүүжилт орж ирэхгүй, гацчихлаа гээд ажлаа зогсоохгүй учир бүх төрлийн татваруудаа төлж, НӨАТ-ын дарамтад ташраараа орж явахад ЭМДЕГ-аас арга хэмжээ авах нь байтугай “удахгүй өгнө өө” гэдэг ганцхан хариулттай он дамнав. Санхүүжилтээ хүлээж өрөнд орсон газрууд тендерт оръё гэхээр өртэй учир тендерт оролцох боломжгүй болсон.
Гэтэл өчигдөр Үндэсний Статистикийн Хорооны хийсэн мэдээллээр санхүүжилт нь гацаад, санхүүгийн хүндрэлд нэрвэгдүүлээд байсан ЭМД-ын сангийн орлого өнгөрсөн онд 28 хувиар нэмэгдээд зогсохгүй 2034.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 445.5 тэрбум төгрөгөөр өссөн гэдэг тоон дүнг танилцууллаа.
Сүүлийн жилүүдэд үнэ нь нэмэгдээгүй хөнгөлөлттэй эмийн зардал 2023 оныхоос 47.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь зарлагад нөлөөлсөн гэж ҮСХ-оос мэдээлж, гайхашруулав.
Улсын хэмжээнд 2024 оны эцэст эрүүл мэндийн даатгалд давхардаагүй тоогоор 3.2 сая иргэн даатгуулжээ. Энэ даатгалын мөнгийг хянаж, хариуцдаг ганц газар нь иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой хамгийн том санхүүжилтийг хариуцдаг атлаа хөнгөлөлттэй эмийн тасалдал үүсгэж, улсын эмнэлэгүүд төлөвлөгөөт хагалгаануудаа ч хойшлуулахад хүрсэн. 2025 онд энэ явдал давтагдах уу.
Он гарсны дараа ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж 2 хувь болсон. Даатгалын шимтгэлийг иргэн бүрээс авдаг шигээ эргүүлээд үр шимийг нь саадгүй өгдөг тогтолцоог хэнээс нэхэх вэ, С.Энхболд дарга аа.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
tomilson said ene 2 n savnii hemjee l medeh shuu ym bolno , sn meregshsen luivarchid sanaa zovoltguiee !
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Энхболд гэж нуухан нүдэлсэн шаар сайд дарга болж байв�##� би чадах уу үгүй юу гэж бодох юмгүй с�##�г�##�аад чичрээд л очих юмаа.