Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Путинд ээлтэй хандаж эхэлсэн тул барууны бизнесүүд ОХУ-ын зах зээлд эргэн ирэх үү

Москва, Вашингтон хоёр Украины дайныг хэрхэн дуусгах талаар хэлэлцэж байх зуур хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан шинэ асуулт гарч ирлээ. Энэ нь 2022 оны хоёрдугаар сард ОХУ Украин руу дайрсныг эсэргүүцэж зах зээлээс нь гарсан барууны компаниуд эргэн ирэх үү гэсэн асуудал юм.

Барууны хориг арга хэмжээ хэвээр байгаа нөхцөлд компаниуд эргэн ирэх нь магадлал багатай. Гэхдээ хэрэв АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа ОХУ-д тавьсан хоригийг сулруулахыг эрмэлзвэл зарим компани өндөр өсөлттэй байсан хуучин зах зээлдээ буцаж орох боломжтой болно.

Ямар компаниуд ОХУ-ын зах зээлээс гарсан бэ?

Сүүлийн гурван жилд “McDonald's”, “Mercedes-Benz” зэрэг мянга гаруй компани бизнесээ зарж, удирдлагаа шилжүүлж эсвэл зүгээр л ОХУ-ын зах зээлийг орхисон. “Danone”, “Carlsberg” зэрэг зарим компанийн хөрөнгийг ОХУ захиргаа хурааж, албадан худалдаж авсан.

Зургийн эх сурвалж: Fortune

Барууны компаниуд ОХУ-ын зах зээлээс гарсны улмаас нийтдээ 107 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэж “Reutesr” агентлагт 2024 оны гуравдугаар сард мэдээлж байсан юм. Харин ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриевийн хэлснээр, АНУ-ын компаниуд 324 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.

“McDonald's”, “Renault”, “Henkel” зэрэг компаниуд гарахдаа ирээдүйд бизнесээ эргэн худалдан авах эрхтэй байхаар тохиролцсон. Жишээлбэл, Францын “Renault” компани 2022 оны тавдугаар сард Оросын “Avtovaz” компанийн эзэмшдэг хувьцаагаа ердөө 1 рублиэр зарсан ч 6 жилийн дотор буцаан худалдаж авах эрхтэй байхаар тохиролцсон юм.

Харин “Procter & Gamble”, “PepsiCo”, “Mondelez” зэрэг хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүний компаниуд ОХУ-ын зах зээлд үлдсэн. Эдгээр компаниуд хүмүүнлэгийн үүднээс иргэдийг өдөр тутмын хэрэгцээний бараагаар хангах зорилготой гэж мэдэгдсэн билээ.

Ямар салбарын компаниуд эхний ээлжинд буцаж орж ирэх боломжтой вэ?

АНУ, ОХУ-ын энэ долоо хоногт хийсэн дээд түвшний уулзалтын дараа ямар нэгэн тодорхой мэдээлэл гараагүй. Гэхдээ Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүэн Димитриев АНУ-ын хэд хэдэн компани хоёрдугаар улирлаас эхлэн ОХУ-ын зах зээлд буцаж ирнэ гэж таамаглаж буйгаа илэрхийлсэн байна.

Хориг арга хэмжээнд хамаарахгүй салбарын компаниуд, тухайлбал жижиглэн худалдаа, хүнсний үйлдвэрлэл гэх мэт бизнесүүд хамгийн түрүүнд эргэн ирж магадгүй. Харин эрчим хүч, санхүүгийн салбарын компаниудын хувьд эргэж ирэх нь илүү хэцүү.

Дмитриев хэлэхдээ ОХУ-ын зах зээлд амжилттай үйл ажиллагаа явуулж байсан АНУ-ын газрын тосны томоохон компаниуд эргэн ирэх магадлалтай гэжээ. ОХУ парламентын гишүүн Анатолий Аксаков мөн “Visa”, “Mastercard” хоёр үйл ажиллагаагаа сэргээж магадгүй гэж хэлсэн байна. Харин эдгээр компаниуд ОХУ-д үйл ажиллагаа явуулахгүй хэвээр байгаа гэжээ.

Компаниуд юуны улмаас эргэж ирэхгүй байж болох вэ?

“Carlsberg”, “Unilever” зэрэг хэдэн зуун барууны компани 2022 оны 2-р сард ОХУ Украины эсрэг түрэмгийлэл үйлдсэнийг зэмлэн, тус улсаас гарах шийдвэрээ ёс зүйн үүднээс гаргаснаа мэдэгдэж байсан юм. Хэрвээ дайны хэлэлцээгээр ОХУ-д ашигтай энхийн гэрээ хийгдэж, Украины газар нутгийг авч үлдсэн гэж үзье. Ийм тохиолдолд эдгээр компаниуд зах зээлд нь эргэн ирвэл брэндийн нэр хүндэд нь халтай байж магадгүй.

Зургийн эх сурвалж: CNN

Ямар салбарын компаниуд ОХУ-ын зах зээлд орох боломжгүй вэ?

Зарим компанийн бараа бүтээгдэхүүн нь иргэний болон цэргийн зориулалтаар ашиглагдах боломжтой тул барууны орнууд ОХУ-д нийлүүлэхийг хориглодог. Жишээлбэл “Boeing”, “Airbus” компаниуд онгоц болон сэлбэгийн нийлүүлэлтээ зогсоосон. Үүнээс гадна хагас дамжуулагч, харилцаа холбооны тоног төхөөрөмжид хориг тавьсан байгаа билээ. Ийм өндөр технологи бүхий компаниуд ОХУ-ын зах зээлд нэвтрэх магадлал бага

АНУ, ОХУ-ын хэлэлцээрийн үр дүнд зарим хориг зөөлрөх боломжтой гэж таамаглаж шинжээчид байгаа ч одоогоор тодорхой шийдвэр гараагүй байна. Харин Европын Холбоо ОХУ-д тавьж буй 16 дахь багц хоригоо саяхан баталж, анхдагч хөнгөн цагааны импортыг хориглохоор болсон.

ОХУ-ын зах зээл хэрхэн өөрчлөгдөв?

“Starbucks”, “IKEA”, “Levi’s” зэрэг дэлхийн алдартай брэндүүд ОХУ-аас гарсны дараа оронд нь дотоодын ижил төстэй брэндүүд бий болсон. “McDonald's”-ийн 800 гаруй салбар одоо "Вкусно и точка" нэртэй үйл ажиллагаа явуулж байгаа. “Starbucks” компанийн бизнесийг Антон Пинский, реппер Тимати нар худалдан авч "Stars Coffee" нэрээр шинэчлэн нээсэн.

Дайны дараа ОХУ-ын автомашины зах зээл дэх өрсөлдөөн ихээхэн өөрчлөгдсөн. Гурван жилийн өмнө зах зээлийн арваас бага хувийг эзэлж байсан БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчид одоо 50-аас илүү хувийг эзэлж байна.

Ийм нөхцөлд Европын автомашин үйлдвэрлэгчид ОХУ-ын зах зээлд эргэн ирэхийг Оросын тал хэр дэмжих нь тодорхойгүй. Учир нь ОХУ, БНХАУ-ын хоёрын худалдааны харилцаа эрчимтэй өргөжиж, Москва, Бээжин хязгааргүй түншлэл зарласан байгаа.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 21, 2025 09:50

Хөхдөг Трамп

Холбоотой мэдээ

Back to top button