Кремль Трамп, Зеленскийн хагаралдаан ашигтай тохиролцоонд хүрэхэд саад болж магадгүй гэж эмээж байна

Кремль АНУ, Украин хоёрын зөрчил гүнзгийрэхээс болгоомжлох болжээ. Учир нь Трамп, Зеленский хоёрын хагаралдаан ОХУ-д ашигтай тохиролцоонд хүрэхэд саад болж магадгүй аж.
“Moscow Times”-д эх сурвалж мэдээлэл өгөхдөө АНУ болон Украин хоорондын зөрчил хурцадвал Вашингтон, Москвагийн хооронд яригдаж буй боломжит тохиролцоонд саад учруулж болзошгүй гэж Кремль ихэд санаа зовниж гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гурван жил үргэлжилж буй Украины дайнд дайныг хурдан дуусгахыг шахаж байгаа. Үүнтэй зэрэгцэн Москва, Вашингтон хоёр харилцаагаа сайжруулах тохиролцооны талаар хэлэлцэж буй.
ОХУ-ын эрх баригчид зөвхөн Украины газар нутгийг өөрийн нөлөөнд оруулахаас гадна, АНУ-тай дипломат харилцааг сэргээх, хориг арга хэмжээг цуцлах, Арктикт АНУ-тай хамтарсан нөөцийн төслүүд эхлүүлэх зэрэг өргөн хүрээний шаардлагуудыг гэрээнд тусгахыг зорьж байгаа. Ийм тохиролцоо нь ОХУ-д урт хугацааны хөрөнгө оруулалт, дутагдаад буй технологийг олж авах боломж олгоно.
Гэтэл Украин АНУ-аас тодорхой аюулгүй байдлын баталгаа шаардаж, энэ асуудлаар Трамп болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар Баасан гарагт Цагаан ордны танхимд хурц маргаан өрнүүлсэн.
Ингэж маргасны дараа АНУ Украинд үзүүлэх цэргийн тусламж, тагнуулын мэдээлэл олгохоо түр хугацаагаар хойшлуулсан юм. Тэгвэл ОХУ-ын Кремльд ойр нэгэн эх сурвалж “Moscow Times”-д хэлэхдээ “Трампын хувьд ОХУ нь Украины дайны асуудлыг шийдэхэд л хэрэгтэй улс. Хэрэв энэ асуудал хасагдвал бүх хэлэлцээ эргэлзээтэй болно. Өөр юун дээр тохиролцох билээ?” гэжээ.
Өөр нэгэн орос дипломатч “Трампын гол сонирхол бол өөрийгөө маш хүнд асуудлыг шийдэж чаддаг хүн гэж харуулах. Хэрэв Украин түүний нөхцөлийг хүлээж авахгүй бол бүх төлөвлөгөө утгагүй болно” гэж онцолсон байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч гэсэн Москва түгшүүрлэж байгаа талаар ярьжээ. Тэр хоёрдугаар сард ФСБ-ны уулзалтад оролцохдоо “ОХУ, АНУ-ын харилцаа сэргэж байгааг таалахгүй хүмүүс бий гэдгийг би ойлгож байна. Хэсэг барууны элитүүд дэлхийд тогтворгүй байдлыг үргэлжлүүлэх сонирхолтой. Тэд шинээр эхлүүлсэн хэлэлцээнд сөргөөр нөлөөлөх гэж оролдоно. Үүнийг бид харж байна. Ийм учир дипломат харилцаа болон тусгай албадын бүх боломжийг ашиглан ийм оролдлогыг няцаах хэрэгтэй” гэсэн юм.
Эх сурвалж: Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп