Тойм: Оскарын наадамтай, АНУ Украинд үзүүлэх шахалтаа нэмсэн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинд өрнөн, олон улсын анхаарлыг татсан үйл явдлыг тоймлон та бүхэнд хүргэе.
97 дахь Оскарын наадам
97 дахь Академын шагнал гардуулах ёслол даваа гарагт /2025.03.06/ Лос-Анжелес хотноо явагдав. Тус ёслолд хамгийн их нэр дэвшсэн кино нь их хэмжээний шүүмжлэл дагуулсан “Emilia Perez” байсан юм. Үүний дараа “The Brutalist”, “Wicked” хоёр тус тус арван төрөлд нэр дэвшсэн.

Улаан хивсний ёслол дээр дуучин Селена Гомез 16 мянган шигтгээ хэлбэртэй шилэн дусал бүхий даашинз, Ариана Грандегийн 190 мянга орчим шүр болон болроор чимэглэсэн даашинз анхаарал татсан юм. Ёслолын үеэр BLACKPINK хамтлагийн Лиза дуулж, Оскарын тайзнаа ая дуугаа өргөсөн анхны К поп уран бүтээлч болов.
Энэ удаагийн Оскарыг Конан О’Брайан хөтөлсөн юм. Тэрбээр “The Tonight Show with Conan” ток шоуг хөтөлдгөөрөө алдартай. Шагнал гардуулах ёслол энэ жилийн эхээр Лос-Анжелест гарч, түүхэн хохирол учруулсан түймрүүдийн хохирогчдод хүндэтгэл үзүүлж эхэлсэн юм. Өнгөрсөн жилийн шилдгүүдийг тодруулж дуусахад Шон Бэйкерийн найруулсан “Anora” кино хамгийн их шагналыг авсан байв. Тус уран бүтээл Оскарын хамгийн чухал гэгддэг шилдэг кино, шилдэг найруулагчийн шагналыг авсан юм.
Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчнийг “The Brutalist” кинонд тоглосон Эйдриан Броди, шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчнийг “Anora” кинонд тоглосон Майки Мэдисон хүртсэн.
Оскарын ялагчдын бүрэн жагсаалтыг харахыг хүсвэл ЭНД дарна уу.
Америк Украинд үзүүлэх дарамт шахалтаа нэмсээр л
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп засгийн эрхийг авсынхаа дараа Украины асуудлаарх Америкийн бодлогыг 180 эргүүлж орхисон. Жо Байдены захираа дор АНУ Украины хамгийн том дэмжигч байсан билээ. Тэгвэл Трампын захиргаа дайныг хурдан дуусгахын тулд Украинд шахалт үзүүлж, Москвад тал засах болсон.
Украины асуудлаарх бодлогоо өөрчилж буйг нь харуулсан хамгийн том хоёр явдал энэ долоо хоногт тохиолоо. Эдгээр нь АНУ Украинд үзүүлэх зэвсгийн тусламж болон тагнуулын мэдээллээ түр хугацаагаар зогсоосон явдал байв. Даваа гарагт /2025.03.03/ Цагаан ордон зэвсгийн тусламжаа түр хугацаагаар зогсоож буйгаа мэдэгдсэн юм. Уг явдлаас хэдхэн хоногийн өмнө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский газрын ховор металлын гэрээнд гарын үсэг зурах гэж Цагаан ордонд айлчилсан нь бүтэлгүйтэж, Ерөнхийлөгч Доналд Трамп, Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванстай марган дууссан билээ.

Нэрээ нууцалсан Цагаан ордны албан тушаалтан “Ерөнхийлөгч энх тайван тогтооход анхаарлаа хандуулж байгаа гэдгээ тодорхой хэлсэн. Бидний түншүүд ч гэсэн энэ зорилгод хүрэхийн тулд тууштай хандах хэрэгтэй. Бид мөргөлдөөнийг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж байгаа эсэхээ шалгахын тулд тусламжаа түр зогсоож байна” гэсэн юм.
Харин лхагва гарагт /2025.03.05 АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Ратклифф мэдэгдэхдээ Украинд тагнуулын мэдээлэл нийлүүлэхээ түр зогсоосон хэмээсэн. Ратклифф “Fox Business Network” агентлагт хэлэхдээ “Миний бодож байгаагаар түр хугацаагаар зогсоох арга хэмжээ дуусна. Бид тэнд байгаа түрэмгийллийн эсрэг түлхэц үзүүлэх ёстой тул Украинтай мөр зэрэгцэн ажиллана гэж бодож байна. Гэхдээ энх тайвны хэлэлцээг урагшлуулахын тулд, дэлхийг илүү дээр газар болгохын тулд хамтран ажиллана” гэжээ. Мөн Трамп Байдены захиргаа дор АНУ-руу дүрвэсэн украинчуудын түр оршин суух эрхийг түдгэлзүүлэх эсэхээ шийднэ гэснийг дурдах нь зүйтэй.
Европ Украинтай хамт гэдгээ мэдэгдсэн
Трамп Украинд дарамт шахалт үзүүлэхээ нэмэгдүүлж байхад Европын удирдагчид Украиныг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ дахин дахин илэрхийллээ. Лхагва гарагт /2025.03.05 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон телевизээр шууд үг хэлэхдээ Украины дайн болон Европын батлан хамгаалахын салбарын талаар ярьсан юм. Макрон “ОХУ бол өнөөдөр Франц, Европт аюул заналхийлдэг улс. Удаан хугацааны турш тийм улс байгаа” гэж хэлсэн.
Мөн Европын удирдагчид пүрэв гарагт /2025.03.06/ Брюссельд уулзсан юм. Тэд батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлж, Украиныг үргэлжлүүлэн дэмжих тал дээр тохиролцсон байна. Уулзалтыг ахалсан Антонио Коста сэтгүүлчдэд хэлэхдээ “Өнөөдөр Европын холбоо сорилтыг хүлээн авч, Европын батлан хамгаалах салбарыг бэхжүүлэн, Украинтай мөр зэрэгцэн зогсож буйгаа харууллаа” хэмээв.

Энэ долоо хоногт Европын комисс батлан хамгаалахын төсөв дээр уян хатан байдал үүсгэхийг санаачилсан. Хэрвээ хэрэгжих болбол Европын комисс 150 тэрбум евро хүртэлх гадаад зээл авч, Европын холбооны засгийн газруудад зэвсэгт хүчинд нь нэмэлт төсөв болгох зорилготой хувааж олгох юм. Брюсселийн уулзалтаар 27 гишүүн улс хамтарсан мэдэгдэл гаргахдаа энэ саналыг нэн даруй нарийвчлан авч үзэхийг уриалжээ. Польшийн Ерөнхий сайд Доналд Таск “Европ энэ сорилт, зэвсгийн уралдааныг хүлээн авах хэрэгтэй. Мөн ялах хэрэгтэй” гэсэн юм.
Дээрээс нь НАТО-гийн хоёр дахь хамгийн том зэвсэгт хүчинтэй гишүүн болох Турк Украинд энхийг сахиулах ажиллагаанд оролцох боломжтой гэж тус улсын батлан хамгаалах яамны эх сурвалж лхагва гарагт /2025.03.06/ хэлсэн билээ. Тэр эх сурвалж сэтгүүлчдэд хэлэхдээ “Бүс нутгийн тогтвортой байдал, энх тайвныг тогтооход шаардлагатай гэж үзвэл энэ асуудлыг авч үзэн, холбогдох талуудтай харилцана” хэмээсэн.
БНХАУ-д парламентын чуулган, АНУ-д конгрессын чуулган
БНХАУ-ын Үндэсний ардын төлөөлөгчдийн их хурал энэ жилийн чуулганаа хийв. Тус чуулганаар иргэдийн хэрэглээг нэмэгдүүлэх нь анхны удаа Бээжингийн жилийн хамгийн тэргүүлэх зорилтуудын нэг болсон юм. Хятадын эрх баригчид иргэдийн хэрэглээнд технологи, үйлдвэрлэлийн бодлогоос давсан ач холбогдол өгөв. Хэрэглээг дэмжих нь дэлхийн хоёр дахь том эдийн засагт үүссэн тэнцвэргүй байдлыг засах зорилготой.
Өмнө нь БНХАУ-ын удирдлагууд иргэдийн халаасанд шууд мөнгө хийх бодлогоос зайлсхийж байсан ч АНУ-тай хийж буй худалдааны дайны улмаас энэ бодлого өөрчлөгдөв. АНУ импортын тарифаа нэмэгдүүлснээр БНХАУ-ын бүтээгдэхүүний олон улс дахь зах зээл хумигдаж болзошгүй тул дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шаардлага улам өндөр болжээ. Мягмар гарагт /2025.03.04/ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын бүх бараанд тавьдаг гаалийн татвараа арван хувиар нэмэгдүүлсэн юм.

Харин АНУ-д Доналд Трамп анхны конгрессын чуулганаа удирдан явуулсан билээ. Тэрбээр чуулганы өндөгний үнэ, эрчим хүчний өртөг, ОХУ-Украины дайныг зосгоох, гаалийн татвар, цагдаа болон гал сөнөөгчдийг дэмжих гэх мэт сэдвээр үг хэлсэн.
Трамп сонгуульд ялалт байгуулж, иргэдээс захирах эрх хүлээн авсан талаараа ярихад Ардчилсан намын төлөөлөгч Ал Грин эсэргүүцлийн үг хэлсэн байна. Үүний дараа Гринийг танхимаас хөөгдсөн юм. Танхимд байсан Ардчилсан намын эмэгтэй гишүүдийн ихэнх нь Трампын захиргаа эмэгтэйчүүд болон тэдний гэр бүлийн эрхэнд халдаж байна гэж эсэргүүцэл үзүүлэхийн тулд ягаан өнгийн хувцсаар ижилссэн байна. Трамп үг хэлэх үед Ардчилсан намынхан чимээгүйхэн эсэргүүцэл үзүүлж, танхимыг орхин гарсан юм.
Эх сурвалж: Reuters, Euro News, CNBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оскарын зөвлөлд Уилл Смит байдаг гэж бодохоор дургүй ээ. Тэдгээр хар арьстангууд хэтэрхий муу ул мөртэй. Үр хүүхдээрээ зугаацдаг. Адгууснаас ч дор.
Украйны ерөнхийлөгч цагаан ордонд очоод үнэхээр сайн байлаа. Нөгөө хэд нь 3 уулаа сууж байгаад түүнийг хэн ч биш болгох бэлтгэлтэй байлаа. Гэхдээ тэр ёстой амаргүй хүн гэдгээ харуулчихлаа.Тийм болоод өдий хүртэл байлдаж байгаа. Бүр Орос улстай шүү.
Цагаан ордноос туйлын үнэнийг мэдээд буцсан . Мөнхийн х�##�амж тусламж гэж хаана ч байхгүй . БУРУУ ТУСЛАМЖ олон хүний аминд хүрнэ гэдгийг ойлгуулсан даа .Барууныхан , украйнчууд ойлгоод дайныг зогсоое гэж ярих болсон . Барууныхан украйнаар тоглочихлоо ....