Хөвсгөл нуурт хоёр хүн живж, амиа алдлаа

Хөвсгөл нууран дээгүүр зорчиж явсан хоёр иргэн өрх рүү орж живжээ. Иймд Хөвсгөл нууран дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах 4-р багийн “Эх хар усны рашаан” /аймгийн төвөөс хойд зүгт 160-км, сумын төвөөс 75 км, Хатгал тосгоноос баруун хойд зүгт 60 км-т/ гэдэг газар “Санота” загварын суудлын автомашинтай Ренчинлхүмбэ сумын харьяалалтай 2 иргэн Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад өрх рүү ороод живсэн тухай дуудлагыг 2025.03.09-ний өдрийн 04:30 цагт хүлээн авсан.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан 11 алба хаагч, хоёр автомашинтай, Цагдаагийн газар, нутгийн иргэн нийт 18 албан хаагч, дөрвөн автомашинтай ажиллаж Хөвсгөл нууранд осолдсон Ренчинлхүмбэ сумын харьяат хоёр буцалтгүй нэрвэгдэгчийг нуурын эргээсээ 200 метр, 10 метрийн усны гүнээс гаргаж, автомашиныг 150 метр тросс, олс ашиглан автомат чирэгчээр татан гаргаж холбогдох байгууллагуудад хүлээлгэн өглөө гэж Хөвсгөлийн ОБЕГ-аас мэдээллээ.

Хөвсгөл нуурын мөсний зузаан машин техник явахад эрсдэлтэй, олон газруудад хар, цагаан хил гарсан байдалтай байгаа тул иргэд, малчид, тээвэрчид та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулах алхам хийхгүй байж баталгаат зам гүүрээр хөдөлгөөн үйлдэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.