Ираны ерөнхийлөгч Трамптай хэлэлцэхгүй, хүссэнээ хий гэжээ

Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкян улсыг нь заналхийлж буй үед АНУ-тай хэлэлцээ хийхгүй гэж мэдэгдээд Ерөнхийлөгч Доналд Трампыг хүссэн бүхнээ хий гэжээ. Тус улсын төрийн хэвлэл мягмар гарагт /2025.03.11/ нийтэлснээр бол Пезешкян “Тэд тушааж захирахын хажуугаар заналхийлэх нь бидний хувьд хүлээн зөвшөөршгүй зүйл. Би тантай хэлэлцэх ч үгүй. Хүссэн бүхнээ хий” хэмээсэн юм.
Трамп өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2025.03.07/ Иранд захидал илгээж, цөмийн шинэ тохиролцоонд хүрэх хэлэлцээнд оролцохыг уриалсан.Тус улсын дээд удирдагч Аяатолла Али Хаменей бямба гарагт /2025.03.08/ хэлэхдээ дээрэлхүүлж хэлэлцээ хийхгүй гэсэн юм. Трамп Техрантай хэлэлцээ хийхэд нээлттэй гэх байр суурийг илэрхийлсэн байгаа. Гэхдээ Трамп өмнө нь ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хэрэгжүүлсэн дээд зэргийн шахалт үзүүлэх бодлогоо дахин хэрэгжүүлж эхэлсэн.
Өнгөрсөн долоо хоногт Трамп “Fox Business” агентлагтай ярилцахдаа “Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх хоёр арга бий: Цэргийн аргаар эсвэл гэрээ байгуулна” гэсэн юм. Иран цөмийн зэвсэг үйлдвэрлэх хүсэлгүй гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн. Гэхдээ Олон улсын цөмийн энергийн агентлаг мэдээлснээр Иран 60 хувь хүртэл баяжуулсан ураны үйлдвэрлэлээ их хэмжээгээр хурдасгасан юм. Цөмийн зэвсэг хийхийн тулд 90 хувь баяжуулсан уран хэрэглэдэг.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
goe hun bna ene erguud ingej helehed bagadna tsagaachdiin tyyh bagatai ulsad ingej hariulah ni zov