Трампын хүрээлэл буюу Илон Маскийн хожмын улс төрийн ашиг сонирхол

“Tesla” компанийн захирал, дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск АНУ-ын дотоод улс төрд нөлөөлөхөөс гадна дэлхийн бусад орнуудад барууны үзэлтэй намуудыг дэмжих болов. Нэгэн цагт Ардчилсан намын Барак Обама, Хилари Клинтон, Жо Байден нарыг дэмжиж байсан тэр одоо Бүгд найрамдах намын Доналд Трампын дотоод тойрогт оржээ.
Маскийн улс төрийн нөлөөллийн хамгийн том хоёр жишээ нь АНУ, Герман хоёр юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард АНУ-д ерөнхийлөгч болон конгрессын сонгууль явагдсан. Тус сонгуульд Маскийн их хэмжээний дэмжлэг үзүүлсэн сөрөг хүчний нэр дэвшигч болох Трамп, Бүгд найрамдах намынхан томоохон амжилт үзүүлсэн юм. Хоёрдугаар сарын сүүлээр Германд ач холбогдол өндөр парламентын сонгууль явагдсан. Тэрхүү сонгуульд Маскийн дэмжсэн сөрөг хүчний “AfD” нам томоохон амжилт үзүүлсэн юм. Тэгвэл одоо АНУ, Германы сонгуульд сөрөг хүчний улс төрчдийг дэлхийн хамгийн чинээлэг хүн хэрхэн дэмжиж ажилласныг харцгаая.
АНУ
Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард АНУ-д явагдсан сонгууль ирэх жилүүдийн дэлхийн геополитик, эдийн засгийн чиглэлийг өөрчлөх өндөр ач холбогдолтой байсан юм. Өмнөх сонгуулиудад Маск Ардчилсан намын Барак Обама, Жо Байден хоёрыг дэмжиж байсан. Тэр 2014 онд өөрийнхөө улс төрийн үзлийг хагас ардчилсан, хагас бүгд найрамдах гэж тодорхойлсон. Харин 2018 онд Маск өөрийгөө консерватив үзэлтэн биш, улс төрийн дундыг баригч гэсэн билээ. Тэр цагаас хойш Маскийн үзэл бодол өөрчлөгдөж, улс төрийн барууны буюу консерватив байдлыг дэмжиж эхэлсэн юм.

2022 он гэхэд Маск “Салан бутаргах болон үзэн ядалтын төлөөх нам” хэмээн Ардчилсан намыг үргэлжлүүлэн дэмжиж чадахгүй гэдгээ илэрхийлсэн. Тэр Ардчилсан намынхан үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд үзүүлж буй эрсдэл нь хүний иргэншлийн ирээдүйн төлөөх тулааныг эхлүүлсэн гэсэн юм.Өнгөрсөн жилийн долоодугаар сард Трампыг хөнөөх гэсэн оролдлого гарсны дараа түүнийг дэмжиж буйгаа албан ёсоор зарласан. Трампыг дэмжиж буйгаа илэрхийлсний дараа олон зуун сая ам.долларыг түүнийг болон Бүгд найрамдах намыг дэмжихэд зарцуулсан.
АНУ-ын Холбооны сонгуулийн хорооноос гаргасан баримт мэдээлэлд “Washington Post” агентлаг дүн шинжилгээ хийхдээ Маск нийт 288 сая ам.долларыг Трамп, Бүгд найрамдах намын гишүүдийг сонгуульд дэмжин хандивласан байна. Улс төрийн үзэл нь таардаг нэр дэвшигчдээ мөнгө хандивлах нь байдаг зүйл. Гэхдээ 288 сая ам.доллар бол маш их хэмжээний мөнгө. Маск Трампыг дэмжсэн нь дан ганц улс төрийн үзэл ижилтэй холбон ойлгох нь учир дутагдалтай.
Тэгвэл Маск өөр ямар зорилгоор Трампыг дэмжсэн бэ?
Засгийн газрын тогтоосон зохицуулалт, дүрэм журмыг суллах
Маск Трампыг дэмжсэн шалтгаануудын нэг нь засгийн газрын тогтоосон зохицуулалт, дүрэм журам ялангуяа сансар судлалын салбарт тавьсан зохицуулалтыг багасгах. Өмнө нь Маск хэд хэдэн удаа зохицуулалт инновацад саад болдог гэж хэлж байсан юм. Тэрбээр “Х” платформ дээр хэд хэдэн нийтлэл оруулсны нэг дээр “Трампт саналаа өгнө гэдэг нь Ангараг гарагийн төлөө саналаа өгч байгаа гэсэн үг. Америкт хэт их зохицуулалт батлан боомилдог байдлыг зогсоохгүй бол бид хэзээ ч олон гараг дамнасан соёл иргэншилтэй болохгүй” гэсэн юм. Трамп энэ үеэр засгийн газраас тавьдаг хяналтыг бууруулна гэж мэдэгдсэн нь Маскийн үзэл бодолтой нийцсэн. Сонгуульд ялалт байгуулж, тангараг өргөх өдрөө Трамп сансар судлалын алтан үе эхэлнэ гэж хэлсэн нь ямар талаас ч харсан Маскийн нөлөөлөлтэй холбоотой.
Засгийн газарт албан тушаалтай болох, татварын хөнгөлөлт
Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хэрвээ ялалт байгуулбал засгийн газрын үр ашигтай байдлын хэлтэс бүтээж, Илон Маскаар удирдуулна хэмээсэн. Тангараг өргөн ажлаа хүлээн авсныхаа дараа Трамп Засгийн газрын үр ашигтай байдлын хэлтсийг (DOGE) үүсгэж засгийн газрын олон агентлагуудын нууцлалтай мэдээлэлд нэвтэрч төсөв танах ажил эхлүүлсэн байгаа. Трамп Маск болон “DOGE”-ийн багт ер бусын эрх мэдэл олгосон. Байгуулагдаад долоон долоо хоногийн дотор засгийн газрын агентлагуудыг задлан, олон мянган төрийн алба хаагчийг цомхотгосон.
АНУ-ын хууль тогтоогчид гэх мэт шүүмжлэгчид “Tesla”, “SpaceX”, “X” компанийн захирал болох Маскийн бизнес ашиг сонирхол болон “DOGE”-ийн шийдвэрүүдийн хооронд ашиг сонирхлын зөрчил гарч магадгүй гэж үзэж буй. Маск Трамптай ойр байж, “DOGE”-ийг ахалж байгаа нь өөрийн бизнесүүдэд олон тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт олж авах боломжийг үүсгэж байгаа юм.
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө, эсвэл үгүй юу?
Маск 2022 онд Твиттерийг худалдан авч нэрийг нь “Х” болгон өөрчилснөөсөө хойш өөрийгөө үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг туйлын эрхэмлэгч гэж тодорхойлсон. Тэр тус сошиал платформыг худалдан авсныхаа дараа контент зохицуулалтын бодлогод нь томоохон өөрчлөлтүүдийг хийсэн юм. Гэхдээ хачирхалтай нь Маскийг “Х” платформ дээр шүүмжилсэн хүмүүсийн аккаунт нь устгагдсан гэх хэд хэдэн тохиолдол гарсан байдаг.
Маск үзэл бодлоо илэрхийлэх болон галт зэвсэг эзэмших эрхийг дэмжинэ гэх зорилгоор сонгуулийн үеэр сугалаа мэт зүйл явуулсан. Өнгөрсөн аравдугаар сард өдөр бүр АНУ-ын сонгуулийн хариуг шийддэг долоон савлагаатай мужид оршин суудаг, сонгууль өгөхөөр бүртгүүлсэн нэг хүнийг сонгон 1 сая ам.доллар өгсөн билээ. Сугалаанд оролцохын тулд сонгууль өгөхөөр бүртгүүлсэн сонгогч үзэл бодлоо илэрхийлэх болон галт зэвсэг эзэмших эрхийг дэмжсэн бичигт гарын үсэг зурах ёстой байсан юм.
Ардчилсан намынхан ингэж сугалаагаар мөнгө тараах нь хууль ёсны эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлсэн. Сугалаанд оролцохын тулд сонгууль өгнө гэж бүртгүүлэх ёстой. Тухайн үед зарим хуульчид америкчуудыг санал өгөхөө бүртгүүлэхийн тулд мөнгө өгөхийг хориглодог хууль байдгийг онцолсон юм. Мөн Зарим Бүгд найрамдах намын хууль тогтоогчид, тухайн үед Хууль зүйн яамны Ерөнхий прокурор Меррик Гарланд нар сугалаагаар мөнгө тараах нь хууль ёсны эсэхийг шалгахыг хүссэн захидал албаныханд илгээж байв.
Герман
Маск Германы парламентын сонгуулийн үеэр цагаачлалыг эсэргүүцдэг “AfD” намыг дэмжсэн. Тэр намын уулзалтад цахимаар үг хэлж, Х дээр дэмжиж хэд хэдэн нийтлэл бичсэн юм. Маск мөн “AfD” намын дарга Алис Вейделтэй “Х” дээр шууд ярилцлага хийсэн. Тэр “Зөвхөн AfD л Германыг аварч чадна”, “Улс орны хувьд итгэл найдварын сүүлчийн оч” гэсэн юм.
Сонгууль явагдсаны дараа Фридрих Мерзийн ахалсан сөрөг хүчний “CDU”, “CSU” намын эвсэл 29 орчим хувийн санал авч ялалт байгуулсан. Харин "AfD" 21 орчим хувь саналыг авсан.

Маск “AfD” намыг дэмжсэн нь тухайн үед Германы канцлераар ажиллаж байсан Олаф Шольцоос шүүмжлэл дагуулсан. Шольц Маскийг “AfD” гэх мэт Европын бусад хэт барууны намуудыг дэмжиж байгаа нь үнэхээр жигшүүртэй, Европын холбооны ардчилсан хөгжилд сай биш гэсэн юм. Харин Маск Шольцыг хэд хэдэн удаа үг хэлээр хийж, түүнийг чадваргүй маанаг гэж нэг нийтлэл дээрээ бичиж байсан.
Дэлхийн хамгийн чинээлэг хүн “AfD”-ыг дэмжсэн нь эдийн засгийн ашиг сонирхолтой холбоотой байж магадгүй юм. Маск тус намын засгийн газрын хэт их зохицуулалт, татвар, зах зээлийн хяналтыг бууруулна гэх төлөвлөгөөг нь магтсан. Берлин хотын гадаа байрладаг “Tesla”-гийн үйлдвэр нь тус компанийн Европ дахь анхны үйлдвэр. Сонгуульд “AfD” ялсан бол дээрх өөрчлөлтүүд нь “Tesla” компанийн хувьд ашигтай нөхцөл байдал бүрдүүлэх байсан юм.
Тэр улс төрийн хувьд нөлөөлж буй улс нь АНУ, Германаар дуусахгүй. Тодруулбал “NBC News” агентлаг Маскийн сүүлийн хоёр жилийн улс төртэй холбоотой үйл ажиллагааг судалж дор хаяж 18 оронд барууны үзэлтэй хөдөлгөөн, бодлого, захиргааг дэмжсэнийг илрүүлжээ.
Тодруулбал Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейг Маск 2023 онд анхны удаа дурдан, сайшааж тэр цагаас хойш хэд хэдэн удаа уулзсан байна. Мөн Маск Канадын ерөнхий сайд асан Жастин Трюдог хэд хэдэн удаа шүүмжилж, сөрөг хүчний Консерватив намын Пьер Пойливерийг дэмжсэн хэд хэдэн нийтлэл Х дээр оруулжээ. Их Британид Маск сөрөг хүчний “Reform UK” намын Найжел Фаражийг сайшааж, тус намд 100 сая ам.доллар хандивлахаар төлөвлөж байгаа гэх мэдээлэл бий. Гэх мэтээр Маск улс төрийн нөлөөлөл үзүүлж өөрийн үзэл бодол болон ашиг сонирхолд нийцэх нам, хөдөлгөөн, улс төрчдийг дэмжиж байна.
Эх сурвалж: Reuters, NBC, Economic Times, The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бизнeсийнхэн ч төрийг самардаг даа. Тэдэнд ард түмэн нийтийн эрх ашиг тусгаар тогтнол аюулгүй байд�##� хүний эрх хүмүүнлэг оршихуй мэт бол падгүй, мөнгө л бшхний түрүүнд байдаг
Жомбого Трамп