УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Утаа, түгжрэлийг шийдвэрлэх ажлуудыг энэ хавар, зуны тасралтгүй үргэлжлүүлэхийг үүрэг болгожээ

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, Босоо тэнхлэгийн экспресс замын төсөл, Ногоон бүсийн гэр хорооллын өрх айл, орон сууцны дулаалга болон нийтийн тээврийн зарим төслийн талаар хэлэлцсэн байна.

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэж цаашид төлөвлөлтийн нэгдсэн бодлогоор хөгжүүлэх зарчмыг Засгийн газар барьж байгаа. Энэ хүрээнд хурдны замуудыг барьж байгуулах бөгөөд тэдгээрийн нэг нь Босоо тэнхлэгийн экспресс зам юм. Төслийн талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцуулжээ.

Босоо тэнхлэгийн экспресс зам нь зуслангийн бүсээс эхэлж Улаанбаатар хотын төвөөр дамжин Сэлбэ голын эрэг дагуу босоо тэнхлэгийн автозамын сүлжээ бий болгож, хотын хойд хэсгийг урд хэсэгтэй холбоно. Мөн Туулын хурдны зам болон Тойрог хурдны замтай огтлолцож, Хөшигийн хөндийрүү тавигдах туннел, Хүннү дагуул хоттой холбогдох гарц байхаар тооцоолжээ.

Төслийг хэрэгжүүлэхдээ газар чөлөөлөлт, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын бусад ажилтай уялдуулах нь зүйтэй гэдгийг хуралдаанд оролцогчид хэлсэн байна.

Улаанбаатар хотыг хойноос урагш тэлэх нь хамгийн үр ашигтай гэсэн судалгаа, баримт байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ судалгаа, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг одоогийн нөхцөл байдал, ирээдүйн бүтээн байгуулалт зэрэгтэй уялдуулан бүх талын тооцоог сайтар хийж тус төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгожээ.

Шуурхай штабын хуралдаанд Ногоон бүсийн гэр хорооллын өрх айл, орон сууцны дулаалгын талаар мөн танилцуулга хийсэн байна. Нийслэлийн ногоон бүсэд 10,141 өрх гэрт, 15,228 өрх орон сууцанд амьдарч байна. Эдгээр айл өрхийн гэр, орон сууцны дулаан алдалтыг багасгаснаар халаалтын зардлыг одоогийнхоос нь 2-3 дахин бууруулж, улмаар агаарын бохирдлыг бууруулахад ч хувь нэмэртэй гэдгийг  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас танилцууллаа. Мөн 1960-1980 оны угсармал орон сууцнуудын дулаан алдагдлыг бууруулах шаардлагатайг дурджээ.

Тус хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б.Төгсжаргалынд очсон байна. Тэднийх хийн түлшний зуух суурилуулаад долоо хонож буй ажээ. Нүүрс, үнстэй зууралдахгүй, цэвэрхэн, тохитой байхаас гадна гэрийн дулаан алдалтаа бүрэн шийдчихвэл бага зардлаар дулаан байх бүрэн боломжтой байна гэдгийг Б.Төгсжаргал ярив. Тус дүүргийн 30 гаруй айл өрх ийм зуухтай болжээ. Цаашид бусад дүүрэгт зорилтот бүсийн айл өрхийг хийн түлшинд хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөснөө нийслэлийн удирдлагууд энэ үеэр танилцууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “дулаан гэр”-ийн стандарт бий болгож, өртөг багатай, иргэдийн худалдан авах чадварт нийцсэн дулаалгын технологи, материалуудыг олон нийтэд танилцуулах нь зүйтэй гэдгийг хэлжээ.

Мөн Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх томоохон төсөл, арга хэмжээнүүдийн явцыг эрчимжүүлж,  уялдаа холбоотой, шуурхай ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шуурхай штабын гишүүдэд үүрэг болгоод агаарын бохирдол, түгжрэл зэрэг нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд энэ хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг анхаарууллаа.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 15, 2025 19:51

Үүрэг болголоо гэдгээс арай өөрөөр хэлэх гэхээр чад�##� мэдлэг чинь хүрэхгүй байна уу чааваас ?

Холбоотой мэдээ

Back to top button