АНУ-д 39 хар шуурга болж 36 хүн амь үрэгджээ

АНУ-ын Пенсильвани, Нью-Йорк болон зүүн өмнөд, дундад Атлантын мужуудад хар салхи болсны улмаас 36 хүн амь үрэгдсэн байна. Цагаан ордноос Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэл хийхдээ хар салхи болон шуургыг хянаж байгаа, 36 гэм зэмгүй хүний амь нас үрэгдэж олон хүн хохирлоо гэжээ. Тэрбээр нэмж мэдэгдэхдээ Арканзас мужид үндэсний гвардын цэргүүдийг байрлуулсан хэмээж, муж болон орон нутгийн албан тушаалтнуудад туслахаа амласан байна.
Ням гарагт /2025.03.16/ өмнөд болон баруун дундад нутгийг дайрсан шуурга зүүн зүг рүү чиглэжээ. “PowerOutage” сайт мэдээлснээр ням гарагийн үдээс хойш 340 мянга гаруй хүн цахилгаан энергигүй болсон байна. Миссури мужид гамшгийн улмаас хамгийн их хүн амь хохирчээ. Тус мужийн дарга Майк Кехое мэдэгдэхдээ 27 хошуунд их хэмжээний дэд бүтцийн хохирол учирсан гэсэн юм.
Миссури мужийн Батлер хошууны Онцгой байдлын албаны дарга Робби Майерс хэлэхдээ 500 гаруй байшин, сүм, хүнсний дэлгүүр нурсан хэмээжээ. Тус мужийн оршин суугч Рик Бриттинхэм “Reuters” агентлагт хэлэхдээ “Энд бүх зүйл үнэхээр муу байна” гэсэн юм. АНУ-ын Үндэсний цаг уурын албаны Цаг уурын урьдчилсан мэдээний төв мэдэгдэхдээ баасан гарагаас /2025.03.14/ ням гарагийн хооронд 39 хар шуурга бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.