Германы парламент батлан хамгаалахын төсвөө нэмэх түүхэн хуулийн төслийг дэмжлээ

Мягмар гарагт /2025.03.18/ Германы парламентын доод танхим батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлж, дэд бүтэц босгох түүхэн хуулийн төслийг дэмжсэн байна. Тус улсын доод танхим ямар нэгэн хуулийн төслийг дэмжихийн тулд 489 хууль тогтоогч дэмжсэн санал өгөх ёстой байдаг. Тэгвэл мягмар гарагийн чуулганаар 513 хууль тогтоогч тэрхүү хуулийн төслийг дэмжжээ.
Одоо Германы парламентын дээд танхим төслийг авч хэлэлцэх юм. Тус хуулийн төсөл үндсэн хуульд зааж өгсөн төсвийн дүрэм журамд өөрчлөлт оруулна. Германы үндсэн хуульд гадаад өрийн тормос суулгаж өгсөн байдаг юм. Дээд танхим шинэ хуулийн төслийг дэмжвэл тэрхүү өрийн тормосыг сулруулах замаар олон зуун тэрбум ам.долларын төсвийг босгож, батлан хамгаалах болон бусад салбарт ашиглах боломжтой болно.
Германы шинэ канцлераар ажиллах Фридрих Мерз тус хуулийн төслийг батлуулахаар цагтай уралдаж байгаа юм. Учир нь ирэх долоо хоногийн мягмар гарагт /2025.03.25/ тус улсын шинэ парламент ажлаа хүлээн авна. Шинэ парламентад өрийн тормосыг сулруулахыг эсэргүүцдэг “AfD” болон “Die Linke” намууд томоохон байр суурь эзлэх юм.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.