Эрдоганы гол өрсөлдөгчийг баривчилсны дараа Истанбулд томоохон жагсаал эхэллээ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы гол өрсөлдөгчдийн нэг болох Истанбул хотын дарга Экрем Имамоглуг баривчилсны улмаас тус хотод томоохон жагсаал эхэлсэн байна. Эрх баригчид эсэргүүцлийн жагсаалыг зогсоохын тулд хэд хэдэн замыг хааж, зарим сошиал платформ руу хандах эрхийг хязгаарлан, дөрвөн өдөр томоохон цуглаан хийхийг хоригложээ.
Хэдийгээр цуглахыг хориглосон ч хүмүүс үүнийг үл харгалзан Истанбулын цагдаагийн төв байр, хотын төв танхим, Имамоглугийн Бүгд найрамдах ардын намын (CHP) байрны өмнө цугларсан байна. Жагсаж буй хүмүүсийн нэг нь баривчилгааг хууль бус, үндэслэлгүй хэмээн тодорхойлж “Энэ бол ардчилал биш. Ардчиллын хуурамч дүр. Ард түмэн ийм зүйл хүртэх ёсгүй. Бид мэдээж бухимдаж байна. Хүний хувь бид бухимдаж байна” гэсэн юм.
Имамоглу бол алдартай сөрөг хүчний удирдагч, Ерөнхийлөгч Эрдоганы гол өрсөлдөгчдийн нэг. Түүнээс гадна нэр бүхий 100 гаруй хүн баривчлагдаад байгаа юм. Имамоглу болон түүний туслахуудыг авлига, хахууль, залилан мэхлэх, Туркийн засгийн газар террорист бүлгэм гэж боддог Курдистаны ажилчны намд (PKK) тусалсан гэж буруутгаж буй.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.